• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    171   |  
0

Өрнө ба дорно, шинэ болоод хуучин энэ хоршил гагцхүү Истанбулынх

Энэ удаагийн нийтлэлээр хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглан мэлтэлзэх Босфорын хоолойгоор ази, европыг холбосон өнө эртний түүхт Истанбул хотоор хэрхэн аялах зөвлөгөөг хүргэе.  

МЭӨ 330 онд Константин хаан уг хотыг зүүн Ромын эзэнт гүрний нийслэл Константинополь болгон өргөмжилж Ромын өнцөг булан бүрээс дархчуулыг авчран гоёмсог барилга байгууламж олноор бариулж, түүхийн үнэт бүтээлүүдийг авчирсан гэдэг. 

Гэвч 1453 онд Османы эзэнт гүрэнд тус улс эзлэгдэн христийн шашинтнуудын мэдэлд байсан Константинопольд исламын соёлыг дэлгэрүүлж Истанбул хотыг байгуулжээ. 600 жил үргэлжилсэн Османы эзэнт гүрний байлдан дагуулал дэлхийн нэгдүгээр дайны дараах  уй гунигт нэрвэгдсэн энэ хот 1923 онд Турк улс тусгаар тогтноход сэргэн мандаж илүү өрөжсөн ч өнөөг хүртэл хуучин төрхөө хадгалсаар иржээ.

Эртний түүхт Истанбул хотоор зугаалангаа задгай далайн эрх чөлөөг мэдрэх нь уг аяллын утга учир мэт. 

Хоёр тивийг холбосон үзэсгэлэнт Босфорын хоолой түүний мандалд дүүлэх үй түмэн цахлай шувуу, өөдөө сөргөө аялах хөлөг онгоцнууд, хэдэн мянганы түүх өгүүлэх чулуу шигтгэмэлтэй хуучны гудам, түүгээр хөлхөх эрчүүд болоод муужгайнууд, уран барилгын гайхамшиг болсон сүм гээд энэ хотод дурлах шалтгааныг хэзээд дундрахгүй. 

20-иод сая хүн аж төрөх завгүй энэ хот дэлхийн өртөг өндөртэй хотын эхний 20-д багтана.

Орхан Памук “Амьдрал заримдаа утгагүй мэт санагдаж бачуурсан тэр л үед чи Истанбулын хүн, далайн эргээр нь хүссэн үедээ алхаж чадах үзэсгэлэнт хотын хүү гэсэн мэдрэмж юугаар ч солимгүй сайхан санагддаг” гэснийг нь мэдэрч болмоор.

Үзэсгэлэнт Истанбулаар зочлох бол заавал үзэх газруудыг, өртөгтэй нь хамт танилцуулъя.

Та хотын түүхэн газруудыг илүү хямдаар, урт дараалалд цагаа үрэхгүй, хөтөчтэй үзэхийг хүсвэл 5 өдөр хүчинтэй байдаг Истанбулын музейн паспортыг 220 TL-гээр авах боломжтой.

Энэ тасалбараараа:

  • Аяа Софиягийн музей
  • Топкапы палас
  • Истанбулын археологийн музей /Топкапы ордог дотор байрлах/
  • Туркийн болон Исламын урлагийн музей, Исламын шинжлэх ухааны түүх болон технологийн музей /Топкапы ордог дотор байрлах/
  • Rumeli Hisarı цайз
  • Yildiz Palace /Бэшикташ дүүрэгт байрлах ордон/
  • Galata Mevlevi гэр музей /Галата дүүрэгт байрлана/
  • Istanbul Fethiye музей зэргийн түүхэн газрыг үзэх боломжтой.

№1 Hagia Sophia  

МЭ 536 онд баригдсан Аяа Софияа нь анх христийн сүм байсан бөгөөд дараа нь ислам шашинтны сүм, өдгөө Истанбулын олон зууны түүх, соёлыг шингээсэн гайхалтай өв болжээ. Ариун Софиа нь 1520-иод он хүртэл дэлхийн хамгийн том сүмд тооцогдож байв. 

Та юун түрүүнд түүхэн үзвэрээр баян Эмин өнү дүүргээс Истанбулын аяллаа эхлүүлээрэй. Эндээс л өнөөх алдартай гранд базаар, эртний сүм, музейнуудийг үзэж Босфорын хоолойгоор аялах завинд суух боломжтой.

Зуны цагийн хуваарь: Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл.

Ажиллах цаг: 09.00 - 19.00 цаг

Өвлийн цагийн хуваарь: Арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл.

Ажиллах цаг: 09:00- 17:00

Тасалбарын үнэ: 72 TL

№2  Газар доорх хот буюу Yerebatan Sarniçi /Basilica cistern/

Истанбулыг зорьсон жуулчдын заавал зочилдог дараагийн газар бол МЭ VI зуунд Византийн эзэнт гүрний үед 7000 боолын хүч, амь насаар бүтсэн газар доорх хот юм. Юстин хаан хотын иргэдийг ундны усаар хангахын тулд 12 эгнээ 336 аварга баганаас бүрдэх, 100 мянган тонн усны багтаамжтай энэ хотыг гантиг чулуугаар бариулжээ. 

Энэхүү үлэмж байгууламжийн: Урт нь 140 м, өргөн нь 70 метр, талбайн хэмжээ нь 9.800 м2.

Байршил: Эминөнү дүүрэг, Аяа софия музейн баруун өмнө.

Ажиллах цаг: 09.00 - 17.30  

Тасалбар үнэ: жуулчин: 20,00 TL  

№3 Хотыг үзэсгэлэнтэйгээр тольдох тавцан Галата цамхаг

МЭ-ний IV зууны үед баригдсан ба тухайн зуундаа Истанбулын хамгийн өндөр барилга байв. Нар мандах эсвэл жаргах үед очвол уг хот үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй харагдана. Тус цамхгийн дээрээс хотыг 360 аар үзэх боломжтой. Ботик кафе, амтат хоолтой ресторанууд гудамжаар эгнэн буй.

Байршил: Бэйоглу дүүрэг, Банкалар гудамж.

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 9:00-19:00 хүртэл.

Тасалбар: 35 TL

 №4  Grand Bazaar

Дэлхийн хамгийн эртний, хамгийн том  худалдааны захад зүй ёсоор тооцогдоно. МЭ-ий XV зуунд баригдсан 31,000 м2 талбайтай энэ зах 4400 дэлгүүр, 2500 ажилтантай. 

Алт мөнгөн эдлэл, өнгө алагласан шаазан хэрэгсэл, төрөл бүрийн амттан, хоол амтлагч, хивс гээд ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь цөм бий. Мөн та хоол унд идэн тухлангаа хүссэн хэв загвараараа үнэт эдлэл хийлгэх боломжтой.

Цагийн хуваарь: Даваагаас Бямба гараг хүртэл 09:00 - 19:00 ийн хооронд ажиллана.

Байршил: Фатих дүүрэг,  Калпакчлар гудамж.

№5  Султан Ахметийн сүм буюу цэнхэр сүм  

МЭ 1609-1616 онд 14 настайдаа хаанаар сонгогдсон нэгдүгээр Султан Ахметд зориулан бүтээжээ. Нарны туяа 260 алтанзул, сарнай, хивс, сараана цэцгээр чимэглэсэн цонхоор тусаж 20 мянга гаруй гар хийцийн керамик хээ бүхий үзэсгэлэнт энэ сүмийг цэнхэр сүм ч гэж нэрлэдэг. Энэ сүмд  Султаны бунхан байрлана.

Гайхамшигт архитекторуудын ур ухаанаа шингээсэн үзэмж төгс интерьерийн шийдэл бүхий үзэсгэлэнт энэ сүм нь Османы эзэнт гүрний үеийн ололт амжилтын илэрхийлэл болон сүндэрлэсээр. Сүм рүү орохын өмнө эмэгтэйчүүд үүдэнд байрлах бүхээгээс толгойгоо бүтээх урт юбка үнэгүй авч өмсөнө. Мөн гутлаа үүдэнд гялгар уутанд хийж үлдээнэ.

Энэ сүмээр зочлох бол чанх ард нь байрлах гар урлал,бэлэг дурсгалын ертөнц гэгдэх Arasta Bazaar-ыг зорихоо мартав аа!

Байршил: Фатих дүүрэг, Атмейданы гудамж.

Тасалбар: Үнэгүй.

 №6 Топкапы Палас 

XV зуунд хоёрдугаар султан Мехмет дэлхийн хамгийн том гайхамшигт ордныг Босфорын хоолойн чанх ард анх бариулжээ. Ататүркийн зарлигаар энэ ордныг 1924 оноос музей болгон ашиглаж буй. 700 мянган м2 талбайтай энэ цогцолборыг хүрээлэн 5 км үргэлжлэх цайз барьжээ. Энэ ордныг бүтнээр нь үзэхийн тулд та хагас өдрөө зориулах хэрэгтэй болно.  

Байршил: Гүлхане парк, Бабихүмаюун гудамж.

Тасалбар: 71TL

№7 Итсанбулын археологийн музей

Түүх сонирхогчдын алгасаж үл болох дараагийн газар бол Топкапы цогцолбор ордны чанх урд байрлах Турк төдийгүй ойрх дорнодын хамгийн томд тооцогдох баялаг олдворуудтай, олон мянганы түүх хүүрнэх энэ цогц музей нь гурван үндсэн хэсэгтэй. Эртний дорно дахины музей, Археологийн музей болон Керамик эдлэлийн гайхамшгийг өгүүлэх султан Мехметийн танхимд XII-XIX зууны урлагийн шилээврүүд хадгалагдсан. Та Истанбулын он цагийн түүхийг тун өвөрмөцөөр илэрхийлэх дижитал тэнхимийг бүү алгасаарай. Тэндээс та түүхийн өмнөх үе, Грек, Ром, Визант болон Османы эзэнт гүрний үеийн Topkapi Palace-ээс ирсэн үзмэрийн арвин сан хөмрөгтэй танилцах боломжтой. 

Зуны цагийн хуваарь: Дөрөвдүгээр сар 15- 10 дугаар сарын 2 хүртэл : 09:00 – 19:00.

Өвлийн цагийн хуваарь: 10 дугаар сарын 3 – Дөрөвдүгээр сарын 14 хүртэл 09:00 – 17:00.

Тасалбар: 36 TL    

 №8 Ортакой  

Европ Азийг холбосон үзэсгэлэнт гүүрний ойролцоо байрладаг Ортакой гудамж нь үдшийг өнгөрөөх гайхалтай газар юм.

№9 Ыстиклал буюу эрх чөлөөний өргөн чөлөө

Орчин үеийн худалдааны гудамж болон өргөжсөн энэ өргөн чөлөөнд өрнө дорнын өнгө будгийн зохицол болсон ресторан, кафе эгнэн оршдог. Истиклал гудамж нь сүм болон эртний хээ хуар бүхий хуучны барилгуудын цуглуулга гэж хэлж болно.

Байршил: Бэйоглу дүүрэг, Таксымийн өргөн чөлөө

№10  Гүнжийн цамхаг

Истанбул хотын билэг тэмдэг болсон гүнжийн цамхаг нь энэ улсад ирсэн жуулчны заавал үзэх газрын нэг гарцаагүй мөн. Анхны загварыг нь Византын эзэн хаан Мануэл Комнэнос 1143-1180 оны хооронд бариулжээ. Гүнжийн цайзын тухай олон домог бий. 1719 онд энэ цамхаг түймэрт өртсөний дараа Османы Ибрахим ноён өнөөгийн өнгө төрх бүхий чулуун цайзыг бариулжээ.

Сая сая жуулчид Босфорын хоолой дахь бяцхан аралд байрлах энэ цайзад өглөөний цайгаа зооглонгоо задгай тэнгисийн эрх чөлөөг мэдрэхээр ирдэг. Өдөр бүр 09:00-19:00-цагийн хооронд музей болон рестораны үүрэг гүйцэтгэн зочдыг хүлээн авна.

Музейн тасалбар: 30 TL

Хөлөг онгоц хөдлөх буудал:

  • №1 Salacak /Üsküdar/– Гүнжийн цамхаг: 09:15 –18:30 хүртэл ажиллана. /15 минут тутамд усан онгоц хөдөлнө./
  • №2 Kabataş – Гүнжийн цамхаг (ажлын өдрүүдэд): 12:00 – 18:00 / Цаг тутамд усан онгоц явдаг.
  • №3 Kabataş – Гүнжийн цамхаг (Амралтын өдөр ): 10:00 – 18:00 / Цаг тутамд завь хөдөлнө.

Унааны тасалбар: 20TL  

№11 Газрын диваажин буюу сая сая сарнайнд төөрүүлэм Emirgan park

Цэцэгсийн тансаг үнэр, байгалийн гоо үзэсгэлэнг харуулах диваажингийн цэцэрлэг гэгдэх энэ паркийг зорихгүйгээр өөрийгөө Истанбулаар аялсан гэвэл алдас болно. 

Дөрөвдүгэээр сарын 1-30-ны хооронд Истанбулын Эмирган паркд дэлбээлэх 190 төрлийн 2.8 сая сарнайн фестивалийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин, инстаграмчид зорин ирдэг. 

Энэ толгодод сарнай цэцгээс гадна хүрхээ болон цөөрөмд зүсэн зүйлийг загас жараахай, шувууд идээшлэн, 190 төрлийн мод, ургамал ургана. 

Эмирган ууланд 470 мянган м2  талбайтай сарнайн цэцэрлэгээс гадна Османы эзэнт гүрний ноёдын амьдарч байсан гэрийг засаж сэлбэн цагаан, яагаан, шар цайз хэмээн нэрлэж хурим найр, баяр ёслол зохиодог тансаг зэрэглэлийн үйлчилгээний газар болгожээ. 

Эмирганцы цэцэрлэгт хүрээлэнд ороход тасалбар авдаггүй. Энэ бүх гоо үзэсгэлэнг үнэгүй мэдрэх боломжтой гээд боддоо. Гайхалтай. Харин та эмирган ууланд байрлах энэ гурван цайзад саатан чөлөө завгүй Истанбулыг бүхэлд нь тольдонгоо 35 TL-гээр ширээ дүүрэх амтат өглөөний цайг заавал уугаарай.  

Ажиллах цаг: Долоо хоногийн бүх өдөр 07:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Яаж очих вэ:

  • Taksim-аас 40, 42Т, 40Т дугаартай автобусанд сууна.
  • Zincirlik uyu-гаас 40B.
  • Beşiktaş-аас 40Т, 25E, 22RE.
  • Anadolu, Üsküdar-аас усан онгоцоор ирэх боломжтой.
  • Mecidiye köy-өөс 20Ş.
  • Мөн Sarıyer болон Beşiktaş-ын буудлаас жижиг тэргээр явах боломжтой.

Истанбул хотод ирээд нүд сэтгэлээ баясгах зүйлс үүгээр үл дуусна. Задгай далайн хөвөөнд загасны мах тэргүүтэй дорнын зоог барьж, халуун элсэн дээр чанасан Турк кофег оочлон, аяганы ёроолд үлдсэн шаараар нь мэргэлүүлэхээ мартав аа!

TAGS