• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    303   |  
0

Зуны амралтаараа хаашаа аялахаа шийдэж амжсан уу?

Эртний Хархорум хотын агуу түүхийн ул мөр, Билгэ хааны цогцолбор, хамгийн сүүлд унтарсан Хорго галт уул, үзэсгэлэнт Тэрхийн цагаан нуур, Цэнхэрийн халуун рашаан, тал нутгийн өнчин  ганц чулуун цохио болох Тайхар зэрэг Монголынхоо түүх соёлын ул мөрийг хадгалсан үзэсгэлэнт газруудын өлгий болох Архангай аймгаар аялах бол энэ нийтлэл тусална.

Улаанбаатараас Цэцэрлэг хүртэл 480 км явна.

Цэцэрлэг хотод үзэх зүйлс:

“Эрх чөлөөний цэцэрлэг”-т хүрээлэнгээр зочилж үдшийн Цэцэрлэгийг тольдох

Цэнхэрийн халуун рашаан

Цэнхэр сумын нутагт Цэнхэрийн халуун рашаан Монголдоо халуунаараа хоёрдугаарт ордог бөгөөд Цэцэрлэг хотын төвөөс урд зүгт 25 км зайд далайн түвшнээс дээш 1,860 метр өндөрт өргөгдөн оршдог.

Секундэд 10 литр рашаан оргилдог бөгөөд хөрсний устай холилдолгүй гардагаараа онцлог. Уг рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг. 

Тиймдээ ч хуян хөөрөх, булчин, үе мөч, чихрийн шижингийн өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон  өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг.

Жуулчны бааз:

Хангай Ресорт

УБ хотоос 478 км, Архангай аймгийн Цэнхэр сум, Халуун ус хэмээх газар байрлана. Цэцэрлэгээс зүүн урагш чиглэсэн замаар 30 гаруй км явна.

Цагааннуур бааз

Архангай аймгийн Тариат сумын төвд, УБ хотоос 605 км зайтай оршдог. Тариат сумын нутгаар аялахдаа Чулуутын голын хавцал, хадны сүг зураг, Босгын тогоо ууланд байх 70 м урт агуйг эндээс тольдох боломжтой.

Фэйсбүүк хуудас

Майхан Толгой жуулчны бааз

Майхан Толгой Жуулчны бааз нь Архангай аймгийн Тариат сумын төвөөс 18 км-ийн зайд Тэрхийн Цагаан Нуурын эрэгт байрладаг.

Фэйсбүүк холбоос

Хорго Өргөө жуулчны бааз

Улаанбаатараас 670 км, Тариат сумын төвөөс 15 км-ийн зайд Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт байрладаг.

Фэйсбүүк холбоос 

Тайхар жуулчны бааз

Улаанбаатараас 520 км, Хархориноос 160 км, Хорго, Тэрхийн цагаан нуураас 140 км-ийн зайд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг, Тайхар чулууны дэргэд оршдог.

Фэйсбүүк холбоос

Цэнхэр жигүүр жуулчны бааз

Архангай аймаг, Цэнхэр сум, Цэнхэрийн халуун рашааны дэргэд байрлана. УБ хотоос 490 км-ийн зайтай.

Фэйсбүүк холбоос

Тэрхийн цагаан нуур жуулчны бааз

Фэйсбүүк холбоос

Хорго уул

Хорго уул нь одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уулаас 20 орчим км-т Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. 

Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн алмаз олдсон гэдэг. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ.

Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километрийн зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. 

Буцлан урсаж явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй.

Тэрхийн цагаан нуур

Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2,060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 км урт, 6 км өргөн, 61 км2 талбайтай 20 метр гүн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дүүрч, голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур үүсжээ. Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай аж. Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь "зундаа гогой" гэдэг шувуу үүрээ засан өндөглөдөг.  

Билгэ хааны цогцолбор

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт буюу Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм.

Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан дүү Культегинийхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны наймдугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторх сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. 

Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэжээ. 735 оны 7 дугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан.

Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна.

Тайхар чулуу

Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.

Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэдэг хүчтэн Булган уулаас Тайхар чулууг үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос Могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж нэрлэдэг байсан нь хожим нь Тайхар чулуу гэх болжээ. Бөхбилэг уг чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг амарсан гэнэ. Тэгтэл чулуу тавьсан газар нь цөмөрч ус олгойдон гарсан гэдэг. Ингэж шивэртийн халуун Рашаан үүссэн домогтой. Мөн могойн сүүл цухуйсан газрыг Шивэрт гэж нэрлэжээ.

Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурь

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дугана зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. 

Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж цамхаг барьсан ул мөр бий.

Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд эвдрэн сүйджээ.

Суварга Хайрхан уул

Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3,117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтдаг.

Суврага хайрхан уулын салбар зүүн талд нь орших Жаран цөнхлөг уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд Чингис хааны их цэрэг баруун зүгт дайтаар мордож явахдаа Суврага хайрхан уулыг биширч, босгосон домогтой.

Суврага хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хийморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэсэн бэлгэдэлтэй.

Тамир гол

Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэртэй болжээ. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, уулын гол юм. 

Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог. Хавар болж цөн түрэх үеэр тус нууранд үзэсгэлэнт бүсгүйн дүр харагддаг гэх яриа ч бий.

TAGS