• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    106   |  
0

Соло аяллаас эргэн ирэхэд нэг найз маань ганцаараа хэл ус мэдэхгүй хүний нутагт хэр ганцаардав, зургаа хэнээр даруулав, эмэгтэй хүүхэд байж бага ч атугай айсангүй юу гэх мэт түмэн асуултаар булж орхилоо. 

Тэгэхээр юун түрүүнд ганцаараа болон ганцаардах гэдэг нь огт өөр зүйл гэдгийг ялгах хэрэгтэй юм шиг ээ.

Тэгвэл ганцаардахгүйгээр ганцаараа аялах боломжтой гэж үү?

Мэдээж тийм. Харин ч ганцаараа аялах нь тухайн улс орны хүмүүсийн соёл, амьдралд улам гүн уусах боломж. 

Гэр бүлийнхэн, найзуудтайгаа аялахад тэдэнтэй харилцах зэрэгт бид голдуу анхаарлаа хандуулдаг бол ганцаар аялснаар хүрээлж буй орчин, хүмүүсийг илүү их анзаарч, бодол санаагаа цэгцлэн, өөрийн үнэнтэй нүүр тулах боломжийг соло аялал л өгдөг.

Тиймээс амьдралдаа ядаж ганц удаа ч болов үүргэвчээ үүрээд хаашаа ч хамаагүй хэсэг хугацаанд "алга бол" гэж ахин дахин хэлье.

Соло аялалд уриалах ятгалга минь танд бага ч атугай нөлөөлсөн бол ганцаар аялахдаа хэрхэн ганцаардахгүй байх зөвлөгөөг хүргэе. Хэзээ нэг өдөр танд хэрэг болох ч юм уу.

  • Үргэлж инээмсэглэ

Ямар ч үндэстний ойлгож чадах цорын ганц хэл. Инээмсэглэл таныг нөхөрсөг, жаргалтай, найрсаг, харилцмаар санагдам нэгэн гэдгийн илэрхийлэл болно. Ганц дулаан инээмсэглэл хэчнээн ч жилийн үнэ цэнэтэй харилцааг бий болгож мэдэх билээ.

  • Түрүүлж яриа өрнүүлдэг нэгэн бай

Интроверт миний хувьд чимээгүй байдлыг эвдэн танихгүй нэгэнтэй түрүүлж дуугарах нь хүсээд байх зүйл биш ч ганцаар аялснаас хойш дотор минь жинхэнэ эксторверт, яриа “гар” унтдаг байсныг олж сэрээсэн юм. 

"Энд хэр удаан аялаж байна вэ? Гоё хоолтой газар мэдэхгүй биз, Энэ хотын шөнийн амьдрал хэр байдаг бол"  зэрэг халаасны хэдэн асуулттай болчихвол шинэ харилцааны эхлэл тавигдлаа гэсэн үг. Гол нь асуулт тань хэт хувийн шинжтэй эсвэл уйтгартай байж болохгүй. Мэдээж хөнгөн хошигнохыг бас яаж мартаж болох билээ.

  • Аялагчдын сошиал бүлгэмд элсэх

Аялахаар төлөвлөсөн улсыг тань зорих гэж буй аялагчдын фэйсбүүк, lonely planetmeet upmessage me, couchsurfing community зэрэг сошиал бүлгэмүүдэд элссэнээр өөртэй чинь адил аялж байгаа залуустай танилцаж, уулзалтад очиж, шинэ хүрээлэлтэй болох гайхалтай боломж юм.

  • Хостел эсвэл айл сонгож буудаллах

Хэрэв та хямд зардлаар үүргэвчтэй аялахаар зэхэж байгаа бол хамгийн ухаалаг сонголт нь хостелийн 4 эсвэл 6 ортой өрөө байх болно. 

Мөн гэрээ буудал болгон ажиллуулдаг айл олж байрлах нь буудлаас хавь хямд, цэвэрхэн байхаас гадна нутгийн иргэдийн амьдралыг бодитоор харах том боломж. 

Минийхээр хостел бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ижил хүсэл тэмүүлэлтэй аялагчидтай нэгэн дээвэр доор байрлаж, өглөөний цай, оройн зоог хамт барингаа чин сэтгэлийн яриа өрнүүлэн, найз нөхөдтэй болох гайхалтай газар. 

Өдрийн аяллын төлөвлөгөөгөө ярилцаж, зүг нийлэх бол нэгэндээ хань болохоос гадна унааны мөнгөө хэмнэхэд ч нэмэртэй.

  • Аль болох сошиал медиагийн "мацаг" барихыг хичээгээрэй 
БНХАУ, Guilin хот Longshen Rice Terrace, Pingan тосгон

Аялалд гарахдаа сошиал медиа хуудсандаа аль болох бага цаг зарцуулаарай. Утасныхаа сүлжээг хаагаад эргэн тойронд тань байгаа жижигхэн зүйлс, дуу чимээ, үнэрийг хүртэл бүх мэдрэхүйгээрээ мэдэрч, өөрийгөө шинэ орчиндоо бүрэн уусга. 

Бусад хүн аяллын үнэ цэнэтэй хором мөчөө хугаслуулахгүйн тулд "амралтаа авсан" гэх зурвас үлдээгээд алга бол.

  • Шинэ найзаа оройн зоог, кофе, шар айргаар дайлахаа бүү март

Буудлынхаа өрөөнд хоолоо захиалахын оронд ганцаараа байсан ч хамаагүй гадуур хооллоод үзээрэй. Зөөгчтэй яриа өрнүүлж, магадгүй өөр шиг тань соло аялагчтай таарч, цоо шинэ адал явдал таныг хүлээж байгаа ч юм билүү?

  • Автобус, метрогоор зорчих болбол цүнхээ хажуугийн суудал дээр бүү тавиарай

Хажуугийн суудалдаа цүнхээ тавилгүй хэн нэгэн хажууд чинь ирж сууж, санамсаргүй харилцан яриа өрнүүлэх орон зайг нээлттэй байлгаарай.

  • Хэн нэгэн өөртэй чинь ярилцах боломжийг санаандгүй хаасан юм биш биз
БНХАУ, Guilin хотын загасчны тосгон Xingping-д наран жаргахуй дор

Хотоор явган зугаалга хийхдээ, нийтийн тээврээр зорчихоор бол чихэвч зүүхгүй байхыг зөвлөж байна. Чихэвч зүүж, хэн нэгэн тан руу дөхөн ирж ярилцах боломжийг санаандгүй байдлаар хаасан эсэхээ анзаарч нэг хараарай. Эдгээр зүйлч ойлгомжтой, энгийн мэт санагдаж мэдэх ч ядаж л таны ганцаардсан мэдрэмжийг үгүй хийх болно.

  • Ямагт өөдрөг байж, адал явдалд бэлэн бай
БНХАУ, Guilin хот Xingping тосгон, 20 юанын дэвсгэрт дээр дүрслэгдсэн Yangshuo уул

Аялал үргэлж сайхан зүйлсээр дүүрэн байхгүй. Онгоц, галт тэрэгнээсээ хоцрох, эд зүйлсээ гээх, харанхуйд төөрөх, утас, камераа усанд унагаах гээд байж болох бүх бүтэлгүйтэл танд тохиолдсон ч паспорт чинь байгаа цагт энэ бүхэн асуудал биш гэдгийг аялал танд ойлгуулна. Энэ мэт адал явдал тохиолдохгүйгээр аялал хэзээ ч дурсамжтай өнгөрөхгүй шүү дээ.

  • Ном, тэмдэглэлийн дэвтрээ хэрхэвч бүү орхи

Та хэдий үүргэвчтэй, минимал аялалд гарч байгаа ч хол замд таныг ганцаардуулахгүй байх хайртай номоо орхивол алдас болно. Мөн аялалд гарахаас өмнө унших номоо сайтар бодолцож сонгоорой. Цаасан ном хүнд санагдаж байвал kindle-тэй болоорой. Цаг хугацаагаар аялах, түүнийг мэдрэх хамгийн шилдэг арга бол унших бас өөрийн дотроо уудалж цаасан дээр буулгах юм.

TAGS