• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    131   |  
0

Уншигчдынхаа амралтын өдрийг эрүүл үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах үүднээс бид "Хайрхан" аялагч клубийн гишүүн Д.Ганзоригтой хамтран Улаанбаатар хоттой ойрхон уулын аяллын маршрутыг хүргэж байна.

Тэрээр “Ууланд алхах нь эрүүл мэнд, сэтгэл санаа, оюун ухаан гээд бүгдэд тустай. Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Танилын хүрээг маань ч тэлсэн. Ер нь л аяллаас их юм суралцдаг шүү. Ууланд алхаж, авирдаг болсноор зураг авах шинэ хоббитой болсон.  

Хүйтний улиралд алхахдаа гутал, хувцсандаа анхаараарай. Жишээ нь зориулалтын ус чийг нэвтэрдэггүй, халтирдаггүй гутал өмсөх хэрэгтэй. Ууланд авирахад хөлөрдөг тул удаан хатдаг, хүнд жинтэй ноос ноолууран хувцаснаас татгалзахыг зөвлөе. Мөн солих цамц, пудволк, оймс авч явахад илүүдэхгүй” гэв.

Чингэлтэй хайрхан

Улаанбаатар хотын баруун хойд зүгт байрлах Чингэлтэй нь Хэнтийн нурууны салбар үзүүрийн уул хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой уул юм. Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр зэрэг амуудтай. Ам бүрээс булаг горхи урсан нийлсээр Сэлбэ голын эх болж Туул голыг сэлбэн урсдаг. Холоос шавь нартаа ном зааж буй өвгөн багш шиг харагддаг бөгөөд олон лам нар эрдэм номын бясалгал хийдэг байжээ. Харин савдаг буюу тухайн уулын эзэн нь зэрлэг гахай юм.

Өндөр: Далайн түвшнээс дээш 1947 орчим метр
Маршрут: Аль ч талаас нь авирах боломжтой. Хамгийн дөт нь Чингэлтэйн эцсээс гарах. 
Шадивлангаас алхах – Жимтэй, ирж очих нийт 6 километр.
Зүүн салаагаас алхах – Жимгүй, ирж очих нийт 7 километр.
Гүнтээс алхах – Өөрсдөө жим гаргаж алхана, ирж очих нийт 10 километр.
Найрамдлаас алхах – Өөрсдөө жим гаргаж алхана, ирж очих нийт 15 километр.
Нийт авиралт: 3 километр 
Аяллын зам: Жимтэй.Аажим өгсүүр. Ихэнхдээ модон дундуур явсаар оргилд хүрнэ.

Баянзүрх хайрхан

Баянзүрх хайрхан нь Улаанбаатар хотын зүүн урд, наран ургах зүгт оршдог. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй.

Өндөр: Далайн төвшнөөс дээш 1846 метр
Маршрут: Өвөлдөө гол хөлдсөн тохиолдолд уулынхаа ар талаас авирч болно.Мөн Ургах наран хотхоны хойд талаас гарах нь хамгийн дөт бөгөөд ирж очихын ердөө хоёр километр болно.
Нийт авиралт: 9 километр 
Аяллын зам: Жим гаргаж алхана.

Сонгинохайрхан уул

Нийслэл хотын баруун өмнө талд Хатан Туулын хөвөө дагуу байрлаж тогтсон тус тахилгат уул нь хад асга, хайлаас харгана ихтэй. Гурван шовх оргил нь холоос сvр бараатай харагддаг. Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ Сонгинохайрхан болжээ. Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин уул гэдэг. Уулын савдагаас хатуу үйл эрхэлэхээр мордож буй хүн өөрийн биеийг даатган залбирахад тvргэн бvтэж, гай зэтгэрээс аврагдана хэмээн архи, идээний дээж өргөн шүтэж иржээ.

Өндөр: Далайн төвшнөөс дээш 1662 метр
Маршрут: Био-комбинат талаас буюу Сонгино амралтын цаахна талд машинаа тавиад уул руугаа алхана.
Нийт авиралт: 9 километр
Аяллын зам: Жимтэй. Огцом өсгүүр. Зарим хэсэгтээ хадархаг.

Хангал хайрхан

Хэнтий нурууны баруун талын томоохон уул Хангал хайрханд асга хад бүхий шилмүүст мод зонхилдог. Орой нь бөмбөгөрдүү тэгш хэлбэртэй бөгөөд оргил дээрээс Хэнтийн нурууны ноён оргил Асралтхайрхан харагддаг.

Өндөр: Далайн төвшнөөс дээш 2234 метр
Маршрут: Улаанбаатараас Гачууртын чиглэл рүү гарч Шар хоолойн суурин хүртэл яваад машинаа тавина. Машинаар нэг талдаа 35 орчим километр явна.  
Нийт авиралт: 9 гаруй километр
Аяллын зам: Ерөнхийдөө аажим боловч огцом өгсүүр. Уулын хажуу хэвгий газраар ой модон дундуур үргэлжилдэг. Бага хэмжээний асга хад туулж, хадан дундуур явна.

Скай Ресорт – Цэцээ гүн

Богд хан уулын ноён оргил бол Цэцээ гүн юм. Мөн Төр хурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн зэрэг маршрутаар явган аялал хийх боломжтой.

Өндөр: Далайн төвшнөөс дээш 2268 метр
Маршрут: Скай ресорт амралтын газар машинаа үлдээгээд алхана. 
Нийт авиралт: 20 гаруй километр
Аяллын зам: Ихэнхдээ ой модон дундуур явна. Заримдаа хад асгаар явна.

УЛ МӨРӨӨ ҮЛДЭЭЛГҮЙ АЛХААРАЙ.

TAGS