• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

Түүний нэр Нурсултан...

Онгоцны урд зургаан эгнээ хоосон, энд суусан ганц зорчигч нь би…Sunday airlines-ийн буйдхан онгоцонд бизнес ангиллынх мэт "даам" зорчих хувь тохиожээ. Өнгөрсөн оны хөдөлмөрөө үнэлүүлж, аялах эрхээр шагнуулан цас мөсний орон Нурсултан хотоос газар дундын тэнгисийн сувд Анталяа-г зорьж явна. 

Уншигч танд нэг л дасал биш санагдах аваас тайлбарлая.  

Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаныг 30 жил удирдсан ерөнхийлөгч нь ажлаа өгөхөд нийслэлийнх нь нэрийг Нурсултан болгож, онгоцны буудлаа Нурсултан Назарбаев болгосныг энд ирээд л мэдээд мэл гайхаж, цэл хөхөрч билээ. 

Хязгаар нь үл харагдах огторгуй, тээр доор хунгар цасан дундаас бөртийх уулс, хөлгүй их тэнгис, хаа нэгтэйгээс торох хөвөн цагаан үүлс. Энэ бүхэн хэсэгхэн хором философидох, "эморох", би яагаад би вэ гэдгээ эргэцүүлэх, амьдралын утга учрыг тунгаахад төгс орчин билээ.

...21 нас бол өөрийгөө хийгээд асар хурдацтай эргэлдэж буй бөмбөрцгийг, хүмүүсийг, завинд нь суусан салбараа ойлгох гэж хирэндээ л ихийг эргэцүүлж, хэсэг учраа олохгүй “эморч” басхүү хичээл зүтгэлээ үнэлүүлж баяр хөөрөөр бялхсан хором мөчийн цуглуулга байлаа. Өнгөрсөн он тэнэг, залуу, халаас нимгэн намайг хамгийн баян басхүү уужуу нэгэн болгосон үүргэвчтэй аяллаа эхлүүлж, хоосон оргих сэтгэлээ дүүргэсэн шигтгээ мэт өдрүүдийг үлдээгээд оджээ.  

Би ер нь хэн бэ гэж үү? Гар дахь үзгээрээ хорвоог хэрэн бичих тэмүүлэлтэй, дэлхийг хайрлам атгахан зүрхнээс өөр бардах зүйлгүй сураггүй, сониучхан нэгэн сэтгүүлч охин билээ.

Ийн эргэцүүлэн явтал тэнгэр ба тэнгисийн заагт сувд мэт гялалзах үзэсгэлэнт Анталъя-д хоёронтоо хөл тавилаа.

Мустафа Кемаль Ататүрк: “Анталяа бол ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй газар гэдэгт эргэлзэх зүйл үгүй билээ”.

Хоёр жилийн өмнө тус улсаар аялахдаа “ухаарал олох” даалгавартай ирсэн ч Анталъяагийн халууныг үл тэвчин буцсан санагдана.  

Харин энэ удаа Анталяа өвлийнх гэж хэлэмгүй бүлээхэн, давс амтагдсан, чийглэг салхиа үлээн угтлаа. Харц унагам хөнхөр нүд, өтгөн хөмсөгтнүүд хэзээний танил хэлээр шулганалдах нь нэг л дотно.  

Монголоос 90-үүлээ ирсэн биднийг Турк, Монгол хөтчүүд гурван автобусанд хуваарилан хотоос 60 км-ийн зайтай Кемер гэх дүүрэгт байрлах буудал руу хөдөллөө. Долоо хоног бүр Монголоос ирэх аялагчдын тоо 90-ээс буудаггүй гэхийг сонсоод аялал гээч ухаалаг хөрөнгө оруулалтад цаг, мөнгөө зориулдаг болсон Монголчуудаараа бахармаар санагдлаа.

21 настай тархи, сэтгэл минь хоёр жилийн өмнөхөөс хэр их өөрчлөгдсөн бол гэдгийг энэ удаагийн аялал хэлж өгөх учиртай...

Мал аж ахуй, газар тариалангийн хөдөө нутгаас Аялал жуулчлалын өлгий

Туркчууд энэ хотоо 30-хан жилийн дотор мал аж ахуй, газар тариалангийн хөдөө нутгаас аялал жуулчлалын өлгий болж амжжээ. 1989 оноос ерөнхийлөгч Turgut Özal аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон газрыг иргэдэд түрээслүүлэхдээ эхний таван жил түрээс аваагүй аж. Энэ салбарт үйл ажиллагаа явуулах бүхий л байгууллагыг төрийн хяналтад байлгаж, аялагчдад зориулан яамнаас хөтөч гаргаж өгдөг хэмээн хөтөч маань тайлбарлалаа.

Дуу алдам үзэсгэлэнт байгалиараа мөнгө олохоор хотоо бүхий л талаас нь өөд нь татаж, төр нь иргэдийнхээ бизнес эрхлэх боломжийг сайтар дэмжсэний үндсэн дээр залуухан Анталяа хөгшин Истанбулын дараа жагсах аялал жуулчлалын түшиц хот болжээ. Өнгөрсөн онд энэ хот 15 сая жуулчин хүлээн авсан байна.  

Газар хөдлөлтийн идэвхтэй бүст оршдог учраас эндхийн аль ч хотоос тэнгэр багандсан өндөр барилга олж харахгүй тул хөгжил гээч шил толь болсон барилгадаа бус хүмүүсийн сэтгэлгээ, ухамсарт оршдогийг мэдэж болмоор.

"Хэд хоног тэнгэр усан нүдэллээ та нарыг ирэх сургаар цэлмэж байна" хэмээн хөтөч маань хошигнон явлаа. Уулыг нүхэлсэн тунелл таарах тоолонд хүслээ шивнэвээс биелдэг гэсэнд хүн бүхэн чимээ анирдан, нүдээ анин хүслээ шивнэцгээнэ.

Онгоцны буудлаас цаг гаруй явж Kemer дүүргийн Kiriş хороололд байрлах таван одтой буудалдаа ирлээ. Багагүй хугацаанд ашиглаагүй хэлнийхээ ид хавыг гаргахаар Турк хөтөчтэйгөө ярилцтал, хоёр охинд гоё өрөө өгөөрэй хэмээн ресепшнд захисан нь үнэхээр ч далай руу харсан, дажгүй өрөө байлаа.  

Муурны диваажин

Хаанаас ч юм харайн гарч ирээд тухлах цагаахан, тарган, царайлаг гээд муужгайн сүргээс аяллын хамтрагч маань сэрдхийн цочино. Хөлд тээглэх түмэн муужгайтай Истанбултай харьцуулбал  Анталъя муурны эх орон биш санж.  

Хөөрхөн гэж жигтэйхэн

Газар дундын тэнгисийн бидний байрлаж буй энэ эрэгт гэхэд таван одтой буудал 80 орчим байх ба аялал жуулчлалын оргил үеэр үнэ мянган доллар болтол өсдөг гэнэ.

Өдрийн хоолны дараа буудлаас 30 минутын зайтай орших эртний Фаселис хотын туурийг үзэхээр явлаа. Нийтийн тооллын өмнөх дөрөвдүгээр зуунд баригдсан, 50 мянга гаруй оршин суугчтай байсан Фаселис нь Македоны Александр хааны хамгийн дуртай хотуудын нэг байсан гэнэ. Худалдаа болон усан цэргийн гурван боомт, ус зайлуулах хоолой, нийтийн халуун усны газар, худалдааны зах бүхий гурван мянганы түүхтэй хот аж. Хүчтэй газар хөдлөлт, байгалийн гамшгийн улмаас хотын байгууламж нь сүйдэж бүдэг бадаг л үлджээ. 

Түүхийг нь мэдэхгүй аялаваас харанхуйд зүү хайхтай агаар нэг...

Тухайн газар орныг түүхийг нь мэдэхгүйгээр үзээд өнгөрсөн аялал жинхэнэ утгаар хэзээ ч аялалд тооцогдохгүй… Аяллын хөтөлбөрт хамрагдаагүй өмнөх аяллуудтай харьцуулахад энэ удаад хөтчийнхөө ачаар түүхийн нимгэн мэдлэгт минь дуслаар ч болов баяжин, сониуч зан оргилон өмнө нь анзаарч ч байгаагүй тэр л зүйлсийг эргэцүүлэн явсан минь "Ориг трэйвл"-ийг сонгосны хамгийн том давуу тал байлаа.

Нэрийг нь дуулах төдийд завжинд нимбэг, жүржийн исгэлэн амт оргих энэ хот зуны улиралд 40, 50 хэм хүртэл халах тул малчид нь малаа туугаад өндөр уул руу оторлож, хүрээнийх нь хүүхдүүдээ аваад сэрүүн газар луу зусахаар нүүн оддог гэнэ.  

Зах хязгаар нь үл харагдах хөлгүй их газар дундын тэнгис, түүний мандал дээр туяарах нар, эрэг дээр нь санаашрах хөлөг онгоцууд, мөнх цаст Olympos уул, нимбэг бас давс үнэртсэн сэвшээ салхи… Анталяагийн өвөл л ийм л дурламаар…

Хэргийн эзэн "хоёр Хавана"

Маргааш нь алт, үнэт эдлэл, арьс, нэхийн дэлгүүрээр зочилж үдээс хойш Düden хүрхрээ, тэнгисийн эргийн эртний хот Kaleiçi-ээр зугаалав. Анталяагийн өвлийг дулаахан гэж эндүүрэн аяллын хамтрагчтайгаа даашинз өмсөж гараад ирэхэд бороо дусалж байлаа. 

Арьсан эдлэлийн үйлдвэрт ирээд хөтчөөсөө түр чөлөө аван холгүйхэн байх худалдааны төв орж, дулаан хувцас авахаар явлаа. Энэ зуур цагийн баримжаа алдан явсаар нэг цагийн дараа өнөөх дэлгүүрт иртэл автобус хүлээж ядаад явчихжээ. 

Харин хэсэг хормын дараа унаа илгээн биднийг авахуулж, Анталяагийн алдартай "Antalya piyaz"-ийг хамгийн амттай хийдэг газар ирж өдрийн хоолонд оров. Хоёр том толгойтоос болж Турк талын компани манай хөтчийн чихэнд чамгүй хонх уяжээ. Харин манай группийнхэн бид хоёрыг алга болсон "хоёр Хавана" хэмээн хочлоод амжжээ.

Групп аяллаас хэрхэвч салж, тэнэж болохгүйг би ийн ухамсарлав.  

Үүний дараа газар дундын тэнгисээс 40 метрийн өндрөөс цутгах үзэсгэлэнт Düden хүрхрээг үзэв. Түрүүхэн бороо дусагнан дааруулж байсан атал хүрхрээнд ирэхэд нар гарч халууцуулна. Амьдрал гэгч сэрүүнийг тэвчвээс удалгүй нар гарч, халуун гэж адгаж нимгэлвээс үүл гарахтай ижил баяр, гунигт мөчүүдийг тэвчин туулж хатуужих жаягтай юм болов уу.

-Аtallos- Adalya-Anatoli-Antalya  

"Дэлхий дээрх диваажинг оллоо!" хэмээн Атолос хаан МЭӨ 200 онд өнөөгийн Анталяагийн газар нутагт хот байгуулжээ. (Тэдний дараа Ромчууд уг хотыг эзэлж  Adalya гэж нэрлэжээ.)

МЭӨ 226 онд Хадриан хаанд зориулан босгосон хаалга. Энэ хэрэм дотор хаад ноёд, сурвалжтанууд амьдардаг байжээ.

Ром-Визант-Сельжук-Осман-Шинэ Турк улсын нүүр үзсэн Кале ичи буюу хуучин хотын энэ хэсэг нь Османы эзэнт гүрний хаад, ноёдын амьдарч байсан хоёроос гурван давхар өнгө алагласан байшин бүхий худалдаа, үйлчилгээний гудамжинд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад цөм бий.

Та төрөлх хотоо ганц удаа ч болов жуулчны нүдээр харж, хайрлаж байв уу?

Анталяачууд хотынхоо гоо үзэсгэлэнг жуулчны нүдээр харж, хайрлаж чаддаг болов уу, аль эсвэл саарал хотынхоо сайхныг үл анзаардаг, эндээс хаа нэгтээ дайжихыг хүсдэг бидний нэг л болов уу гэсэн бодол хөврөн явлаа.  

Үүлс шүргэм шил толь болсон барилга, түмэн хүн түжгэнэн хаашаа ч юм адгах их хотын завгүй амьдралаас илүүтэй яг л энэ хэрэм доторх амгалан ахуй, өвөлдөө хэнийг ч юм хүлээн санаашрах тэнгисийг хараад л тайтгармаар, давлиун зүрхэндээ хайрламаар… Энэ л намуухан аж байдлыг өдөр бүр харсан ч уйдамгүй.  

Хүссэн үедээ далайд уй гунигаа хуваалцан хөнгөрч, хөлгүй их тэнгисээс тайтгарал, уужрал, энхрийллийг мэдэрдэг Анталяачуудад цагаахан атаархал ч төрөх шиг.  

Дэлхий дээрх ангараг гараг-“Салда” нуур

Аяллын гурав дахь өдөр бид Анталяа хотоос 226 км зайтай орших дэлхийн найм дахь гайхамшиг гэгдэх Памуккале-г зорихоор явлаа.

Замдаа Бурдур хотын Эшилова тосгонд байрлах Туркийн Мальдив гэгдэх цасан цагаан эргээр хашигдсан Салда нууранд саатав. Дэлхий дээр ангараг гарагийн хөрстэй ижил хөрс бүхий ганц газар байдаг нь Салда нуурын эрэг гэнэ. Туркийн хамгийн цэнгэг устай, 183м буюу хамгийн гүн нууруудын нэгт багтдаг Салда 44 км2 талбайг эзлэх аж. 

Эх авах ундаргагүй тул жилээс жилд татарсаар ойролцоогоор 44 жилийн дараа ширгэнэ гэсэн таамаг бий хэмээн хөтөч маань хэлэв.  

Македоны Александрын-Ариун хот Хиераполис-дэлхийн найм дахь гайхамшиг Памуккале

Энэ улсыг мэддэг болсон цагаас цасан цагаан Памуккале, Грекийн хөгжлийн оргил үе, өв соёлыг харуулах гантиг чулуун хот Эфесийг үзэхийг мөрөөддөг байлаа. Хоёр жилийн өмнө Эфес хотыг үзсэн ч Памуккалег үзэлгүй явсандаа үе үе харамсдаг байлаа. Клеопатрагийн рашаан жилээс жилд татарч, памуккалегийн цагаан уулын эрдэс үхжиж буй талаар эгчээсээ сонссон ч хүлээлтээс минь хавь дээр байж чадлаа.

Памукаллед байрласан Hierapark Thermal буудал. Газрын гүнээс 42 хэмийн халуунтай ундрах рашаан

Мөнхийн гоо үзэсгэлэнг бэлэглэгч Клеопатрогийн халуун рашаан

Алдарт Клеопатрагийн рашаан

Хорвоод 39-хэн жил амьдрахдаа Ю.Цезарь, Марк Антоний зэрэг ромын эзэнт гүрний суут хоёр жанжиныг өөртөө дурлуулж явсан Египетийн хатан хаан Клеопатрогийн нэрээр рашааныг нэрлэсэн нь тэртээ МЭӨ IV зууны түүхт хамаарна.  

Ромын эзэнт гүрний хаан Марк Антоний үзэсгэлэнт хатан Клеопатрадаа одоогийн Туркийн Аланяа хот буюу паммуккале орчмын газар нутгийг бэлэглэжээ.  

МЭӨ III зуунд байгуулагдсан эртний хот Хиераполисийн цогцолборт байрлах химийн 108 элементийн 90-ийг агуулсан Клеопатрагийн халуун рашаан ороход 12 ам.доллар л төллөө.

Хиераполис буюу Ариун хот хэмээсний учир нь энэ тооллын өмнөх II зуунаас эхлэн Клеопартагийн халуун рашааныг сувиллын зориулалтаар хэрэглэж эхэлсэн тул дэлхийн өнцөг булан бүрээс өвчинд нэрвэгдсэн хүмүүс ирж илааршин буцдаг байсантай холбоотой. Тиймдээ ч памуккале нь дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын бүс нутаг хэмээгдэнэ.  

Мөн Хиераполист Туркийн  хамгийн эртний, 25 мянган хүний шарил бүхий оршуулгын газар бий. Учирн нь хүнд өвдсөн хүмүүс аврал эрэн халуун рашааныг зорьж ирээд буцаж чадалгүй нас бардаг байжээ.

Памуккале, ЯАГААД памуккале гэж үү?

Нэрийг нь хөвөн цайз гэж хөрвүүлэх Памуккале байгалийн цогцолбор

Клеопатрагийн рашаанаас 100 метрийн зайтай хөвөн цайз гэж нэрийг нь хөрвүүлэх памуккалле бий. Тус халуун рашааны кальци, карбонат зэрэг эрдсүүд агаарт ууршин урвалд орж хөрөхдөө шохойн чулуун үечлэл бүхий давхаргуудыг үүсгэжээ. 14 мянган жилийн турш энэ байдлаар рашаан  ундран чулуужсаар хөвөн цайзыг ийн бүтээсэн аж.

Рашааны эмх замбараагүй хэрэглээнээс болж зарим хэсэгт рашаан татарч уул нь үхжиж харлаад эхэлжээ. Тиймдээ аялал жуулчлалын оргилд үе буюу зуны улиралд  өдөрт хүлээн авах жуулчны тоог 8600-аас хэтрүүлдэггүй бөгөөд хоёроос илүү цаг байхыг зөвшөөрдөггүй байна.  

Оникс чулуу, дарсны үйлдвэрээр...

Үүний дараа Памуккале орчмын уулнаас олборлодог 10 төрлийн оникс чулуу болон зөвхөн Туркаас л олборлох, гэрэл дагаж 5 өнгөөр хувирах султаниет чулууны үйлдвэрийн дэлгүүрээр зочиллоо.

Өдрийн хоолны дараа спирт болон чихрийн агууламжгүй дан жимсээр дарс нэрэх үйлдвэрээр зочилж дарсны жимслэг амтанд умбав. Бор дарсанд нугасгүй бидний Монголчуудад амт нь сулдсан нь лавтай...

Ингээд бид нууцлаг бүхнээрээ гайхшруулах Денизли хотоос Анталяаг зорилоо.

Маргааш нь чөлөөт өдөр тул аялагчид бөөнөөрөө дэлгүүр хэсэх гэнэ. Харин миний хувьд хоёр жил уулзаагүй эгчтэйгээ уулзана гэхээс нойр хулжин, догдлон үүр цайлгав. Аяллын хамтрагч, замдаа танилцсан ах эгч хоёроо дагуулан минибус дамжсаар хот хоорондын вокзал орж Анталяагаас 450 км-ийн зайтай Эскишехир хотод сурдаг эгчтэйгээ уулзан санасан сэтгэлээ дэвтээлээ.  Эгч маань ийн аяллын хөтөлбөрт нэгдэн 2 өдөр хамт байхаар болсонд хөл газар хүрэхгүй дэгдэв.

Эгч бидэнд газарчлан нийтийн нутгийнхны амьдрал ахуйтай танилцан, нүүдлийн зах хэсэх нь жуулчдын л зорчих газраар хэд хоног явсан бидэнд  жигтэйхэн сониучхан байлаа.  

Тэнгисээс олсон амар амгалан

Анталяад өнгөрүүлэх сүүлийн өдөр өглөөнөөс үд дунд хүртэл далайн аялалд гарлаа. Ахмад Жет Нури-гийн хөлөг онгоц газар дундын тэнгисийн Кемер дэх эргээс хөдлөхтэй зэрэгцэн дуу, хөгжим хангинаж задгай тэнгисийн  доргио аялал эхлэв. Далайн дээрэмчний үзүүлбэр, бүжиг, дуунд баясан, уран зураг мэт энэ л мандал дээр аялагчид зургаа даруулж, гүехэн хэсэгт нь сэлцгээн хөлгүй их тэнгист хөл хөөрцөг болон явцгаана.

Хөлөг онгоцны ахмадын сонирхолтой ертөнцтэй танилцан яриа өрнүүлж, гүн цэнхэр далайг ажаад ямар гүехэн бодолтойгоо, өөрчилж чадахгүй зүйлийнхээ төлөө хэчнээн их сэтгэлээ чилээж ирснээ анзаарч билээ.  

Алсран одох давлагаатай хамт сөрөг бодол, гомдол, гунигаа тавьж явуулсны дараа сэтгэл, тэнгисийн ус мэт тув тунгалаг, бие минь мандал дээр нь бүжих салхи адил хөнгөн оршихуй болж хувирсан байлаа. Амьдрал ямар хоргодмоор, амьсгалах хэчнээн гайхамшигтай, хайсаар ирсэн зүйлс зүрх сэтгэлд хэдийн буйг газар дундын тэнгис мэдрүүллээ.

Хэд хоноод л уйдах шинэ хувцас, өгөх мэдрэмж нь эгшин зуур замхрах зугаа цэнгэл,  нэн шаардлагатай  биш ч хэрэгтэй хэмээн авсан чамгүй үнэтэй эд зүйлс, өдөр бүр хийж дадсан нэгэн хэвийн ажил танд аз жаргал мэдрүүлэхээ больсон уу?

Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр дуусах өдөр хоногууд уйтай санагдаж байвал нэн тэргүүнд хэсэгхэн завсарлага аваарай.  

Харин хаачих эсэхтээ эргэлзэж байвал таны  заавал зорчих ёстой газар бол өрнө болон дорнын ахуй, шинэ хийгээд хуучин соёлын хослол болсон Турк орон мөнөөс мөн. Ориг трэйвлийн "all inclusive" багцийн аялал цаг хугацаа, мөнгө хэмнэсэн, хамгийн онцлууштай нь богино хугацаанд олон газар үзэх боломж олгосон найдвартай, хүлээлтээс давсан аялал байлаа.

Аливааг ахин мэндэлсэн мэт харах сониучирхал, эрч хүч, эерэг хандлагыг гагцхүү аялал л танд өгөх нь дамжиггүй...

 
image
TAGS