• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    113   |  
0

Хойд Атлантын далайд ганцаар торойн орших арлыг Исланд улс гэдэг. Газрын зураг дээр өчүүхэн жижиг харагдах ч энэ улсад үзэж харах зүйл бишгүй их. 

Идэвхтэй галт уул, түргэн урсгалт гол, хүрхрээ, үржил шимт хөндий, мөсөн гол, хайлмал чулуулаг бүхий талбай, эзгүй уулархаг газар, халуун хүйтэн рашаан, үзэсгэлэнт далайн эрэг, гейзер буюу оргилох булаг гэх мэт. 

Харин эндхийн хүн ам нь л бага. Манай Хөвсгөл аймагтай ижил буюу 103 мянган километр газар нутагтай бөгөөд 350 мянган хүн амтай. Нийслэл Рейкавик нь тус улсын соёл, бизнес, улс төр, санхүүгийн төв юм. 

Францын алдарт зохиолч Жюль Вернийн “Дэлхийн гүн рүү аялсан нь” зохиолд Исланд улсын Снэефелс галт уулын тогоогоор уруудаж дэлхийн төв рүү ордог талаар уншиж байснаас өөр мэдээлэлгүй явсан билээ. 

Биднийг онгоцноос буухад эх орныг минь санагдуулам цэлмэг, цас ихтэй, цэнгэг хүйтэн агаар угтав. 60 сая жилийн өмнө болсон галт уулын дэлбэрэлтээс үүссэн тус арал нь Хойд Америк болон Евразийн тусдаа хоёр тектоник хавтан дээр оршдог тул галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшиг тохиолдох эрсдэл ихтэйд тооцогддог. 

Газар нутгийн 11 хувийг мөсөн гол мөн 11 хувийг хайлмал чулуулаг бүхий газрууд эзэлдэг. Бидний байрласан урд хэсэгт уул нурууд нь намхан бөгөөд тал газар ихтэй, битүү цасанд хучигдсан байв. 

Замд морины жүчээ их тааралдах бөгөөд эндхийн морьд Монгол морьтой ижил жижиг биетэй мөртлөө тараг тэвээрэг, үс ноос ихтэй болохоор ч тэрүү одой морьтой тун адилхан харагдана. 

Зан аашны хувьд их номхон. Жуулчид сонирхож, эвийлсээр байгаад хүний гараас чихэр, жимс идээд сурчихсан юм билээ. Морьтой айл бүр жуулчдад морин аялал санал болгодог. 

Исланд улсад машин түрээсэлж аялах хамгийн зохистой. Хот суурин газрын хурдны хязгаар 50, хөдөөгийн зам дээр 90 км цаг. Биднийг аялах үеэр цаг агаар эхний хоёр өдөр тогтуун байсан боловч сүүлийн өдөр цас орж, өтгөн манан суусан учир замын халитиргаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. 

Энэ үеэр машин барихад хүндрэлтэй байсныг мөн замд таарах сайхан байгаль анхаарал сарниулж байсныг эс тооцвол зам нь дажгүй. Машин түрээсийн газрууд монгол жолооны үнэмлэх хүлээн зөвшөөрдөг юм билээ. Бид Raw 4 маркийн машиныг бүрэн даатгалтай дөрвөн өдөр түрээслэхэд нийт 280 евро төлсөн. Харин 600 гаруй км явахад бензиний зардал 150 евро болсон. 

Сонирхолтой баримт дурдвал Исланд улс байгалийн сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ашигладаг тул байгаль орчны бохирдолгүй гэж хэлж болно. Голдуу ус, салхинаас эрчим хүч гаргаж авдаг. Мөн газрын гүний дулаан (геотермал) ашиглаж байшингуудынхаа 90 хувийг халаахаас гадна эрчим хүч хүртэл гаргаж авдаг. 

Хүлэмжүүдээ ч бас халаагаад жимс, ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо хангачихдаг юм билээ. Мөн Исландчууд нэгдсэн цахим хуудас, гар утасны аппликейшн ашиглаж ургийн бичгээ хөтөлж, хамаатнуудаа мэдэж, цус ойртолтоос сэргийлдэг гэнэ лээ.

Бидний хамгийн том хүсэл бол туйлын туяа харах байв. Нарны гадарга дээр олон толбо бий болж, тэсрэлтийн давтамж ихсэхийг нарны идэвхжил гэнэ. 

Энэ үеэр үүсэх тэсрэлтийн нөлөөгөөр нарны гадаргаас их хэмжээний материал сансар луу шидэгддэг. Тэдгээр сансар луу цацагдсан цэнэгжсэн материал дэлхийг чиглэхдээ дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцээд бидэнд солонгорон харагдахыг туйлын туяа гэнэ.[1] Туйлын туяаг харахад аль болох харанхуй, үүлгүй, хотын гэрэлгүй, тэнгэр хэрэгтэй. 

Есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд харах нь хамгийн тохиромжтой. Үзэгдэх хугацаа богинохон тул нэг минут л алдах юм бол харж чадахгүй өнгөрөх эрсдэлтэй. Бид туйлын туяа хянах цахим хуудаснуудыг уйгагүй шалгаж, бараг хориод удаа ээлжлэн гарсны эцэст олж харсан. Миний амьдралдаа харсан хамгийн сайхан зүйлсийн нэг байв. Сэтгэл хөдөлсөндөө өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ. 

Исландчууд хонины мах ялангуяа хурганы мах их иддэг. Бидэнтэй адил хонины толгой, хонины цусыг элэгтэй хольсон стужин, хуцын засаа зэргийг иднэ. 

Хонио бэлчээрийн аргаар хариулдаг. 2016 онд генетикийн аргаар боловсруулсан тэжээл хэрэглэхийг хориглосон тул эрүүл, амттай махтай гэж өөрсдийгөө сурталчилна. Ундны халуун, хүйтэн ус нь цэвэр гүний булагтай устай холбоотой учир цоргоноосоо шууд уучихна. Мэдээж далайн хоол, утсан загасыг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг юм билээ. Гадуур хооллоход нэг хүний багадаа 15-20 евро болно. 

Мөн Исландчууд хонины ноосоор дулаан, зөөлөн ноосон цамц, ороолт, малгай, бээлий хийж өмсөхөөс гадна жуулчдад зарж, экспортолдог. Тус улс 2011 онд хагас сая орчим жуулчин хүлээн авсан бол 2017 оноос эхлэн жилд дунджаар 2.3 сая жуулчин ирдэг болжээ. Хямд нислэгийн компаниуд нисдэг болсон нь нөлөөлсөн байх. Америк, Европ тивүүдийн голд оршдог тул тэндхийн жуулчид ихтэй. 

Газар нутгийн хэмжээгээр нь авч үзвэл хүн ам цөөнтэй ч байгаль, нутгийн иргэд, жуулчид гээд аль аль талдаа ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлж чаджээ. Жишээ нь газар нутгаа урд, хойд, баруун, зүүн, төв гэж хуваагаад тус бүрт тухайн бүсийн онцлог газруудын талаар мэдээлэл, аяллын хөтөлбөр, зам, цаг агаарын талаар мэдээлэл авах боломжтой нэгдсэн цогц цахим хуудаснуудтай. 

Газар бүрт жуулчдад зориулсан олон төрлийн арга хэмжээ, аялал, хөтөлбөр бий. Хүн ам суурьшаагүй, хөдөө хээр газраар явах бол тусгай цахим хуудсанд бүртгүүлээд төөрсөн эсвэл машин тэрэг нь эвдэрсэн нөхцөлд тусламж хүсэх боломжтой. Мөн зөвхөн зориулалтын бүсэд л хүмүүс майхнаа барьж хононо гэх мэт. 

Бид аяллын сүүлийн өдрөө алдарт Blue Lagoon халуун рашаанд өнгөрүүлсэн. Тус рашааны найрлага нь цахиур, замаг болон бусад эрдсээр баяжмал 70 хувийн далайн ус, 30 хувийн цэвэр уснаас бүрдэнэ. 

Хайлмал чулуулгаас бүрдсэн хар өнгийн талбайг дүүргэсэн оюу номин өнгөтэй 38 градусын халуун усанд суух үнэхээр таатай байсан. Ууг нь тус рашаан эмчилгээний зориулалттай юм билээ. Одоо бол жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон. 

Дотроо зоогийн газар, амрах өрөө, тээш хадгалах газар гээд хүний хэрэгцээг хангах зүйлс цөм бүрэн тул бүтэн өдөр байхад уйдахгүй. Бид нар жаргах үеэр тэнд байхаар тооцоолсон боловч цас, манан ихтэй өдөр байсан тул нэг метрийн зайд буй зүйлсийг л харж байсан. 

Хэрэв цэлмэг, харанхуй өдөр таарвал туйлын туяа харах боломжтой гэнэ лээ. 

Гал, мөсний орон болох Исландад байгалийн олон сонирхолтой бүтээлийг үзэж болно. Гурван өдөр үнэхээр хангалтгүй байсан ч дараа ирж зуныг нь үзнэ дээ гэсээр буцацгаасан билээ. 

Биднийг нэгэн гейзер буюу оргилох булаг (газар доорх хөндийд хуримтлагдсан ус гүнээс ялгарах дулааны үйлчлэлээр халж, дээд үе нь буцалж уур болоход усны доод давхаргад даралт багасч, асар их хүчээр цацагдаж гарахыг хэлнэ[1]) үзэж явахад таарсан доорх уриалгын орчуулгыг хүргэе. 

Учир нь европт усан оргилуурууд руу хүслээ шивнэсэн зоосон мөнгө шидэх мухар сүсэг түгээмэл байдаг. Энэ утгаар жуулчид халуун рашаан руу зоос шидээд байхаар нь доорх самбарыг байршуулсан юм билээ.

 Монголын хадаг, ууттай чихэр боов, шилтэй архи өргөдөг газруудад ийм самбар хадчихмаар санагдсан. 

“Рашаан руу зоос шидэх хориотой. Байгаль дэлхийд таны мөнгө огтхон ч хэрэггүй. Та халуун рашаан руу зоосон мөнгө шидсэнээр тухайн газрыг л бохирдуулж, хог хаягдал үүсгэж буй хэрэг. Үүний оронд мөнгөө хэрэгтэй хүмүүст нь өгч буян үйлдэнэ үү.” 
 

TAGS