Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан “Шашин, соёлын цогцолбор” байгуулах гэнэ. Үүнтэй холбогдуулан тус хийдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Тус хийд нь нийслэлийн өмчид бүртгэлтэй ч сэргээн засварлаж байгаагүй гэнэ. Эхний ээлжид тухайн орчмыг хэрхэн, яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох талаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газар чөлөөлөлт явагдана. Мөн тухайн орчимд Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах гэнэ.