• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    137   |  
0

Энэ удаагийн нийтлэлээр эх түүхийн өлгий, дэлхийн улс төрийн гол тоглогч, үзэсгэлэнт газар нутгийг цогцлоогч, урлаг соёлын охь болсон 872 жилийн түүх өгүүлэх алтан Москвагаар  хэрхэн аялах зөвлөгөөг өөрийн туршлага дээрээс үндэслэн хүргэе.

Эртний түүхт уран барилга, нүд унагам урлагийн шилээвэр бүтээл, сүм хийд, хаад хатдын хувцас эдлэл, шинжлэх ухааны ололтын бүтээл зэргээр бахархам түүх соёлоо өгүүлж болох бүхий л өнгө үзэмж, оюун сэтгэлгээний тансаг арга хэлбэрээр харуулахыг зорио юу гэмээр.

Эндхийн бүхий л зүйл хуучныхаар оршин тогтнож буй мэт атлаа нийгмээрээ, оюун санаагаараа өөрчлөгджээ.

МОСКВА ХОТОД ЗААВАЛ ҮЗЭХ ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД:

№1. Улаан талбай болоод ойр орчмын үзмэрүүд

Москвагийн бэлэг тэмдэг болсон төв талбай нь энэ хотод зочилсон хэн бүхний хамгийн түрүүнд хөл тавих ёстой газар гарцаагүй мөн. 330м урт, 70м өргөн, 23,100 м2 уг талбай 1990 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн.

  • Кремль (ОХУ-ын ерөнхийлөгчийн ордон ба гол музейн барилга)
  • Байршил: Китай город метроны буудал
  • Цагийн хуваарь : Ихэнх музей даваа гарагт амардаг бол Кремль пүрэв гарагт ажиллахгүй.
  • Кремль: Сүлд танхим ба Болор сан
  • Цагийн хуваарь: 10:00, 12:00, 14:30, 16:30 цагт үзэх боломжтой. 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
  • Төлбөр: Танхим руу нэвтрэхэд төлбөргүй бөгөөд харин дотор буй алдарт "Болор сан" тэнхимийг үзэх бол 700 рублиэр тасалбар авна.
  • Зарцуулах хугацаа: Хоёр цаг орчим болно.
  • Тэндээс гараад холгүй байх Александрын цэцэрлэгийг сонирхоорой. Гол хаалганд дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргийн дурсгалд зориулсан бунхан байрлана. Түүний дэргэд мөнхийн гал болоод хүндэтгэл үзүүлэн зогсох цэргүүдийн үзүүлбэрийг үзэх боломжтой.
  • Василийн сүм: Александрын цэцэрлэгээс гараад улаан талбайгаас Василийн сүмийг олж харах болно.
  • Тасалбар: 350 рубль
  • Үзэх хугацаа: Нэг цаг зарцуулна
  • Цагийн хуваарь: Зуны хуваарь: зургаадугаар сарын нэгнээс наймдугаар сарын 31 хүртэл 10:00-18:00 цагт ажиллана.
  • Василийн сүмээс гараад зүүн хойд өнцөгт байх Казаны сүмийг үнэгүй үзэх боломжтой.

№2. ГУМ галерей

Москвагийн хамгийн том цогц үйлчилгээний төв. Гуравдугаар давхраас энэ байгууламжийг бүхэлд нь тольдонгоо тансаг ресторанаар үйлчлүүлэн их хотын уур амьсгал, тав тухыг мэдрээрэй.

  • Цагийн хуваарь : Өдөр бүр  10:00-22:00 цагт хүртэл ажиллана.

№3. Большой театр ба Черскийн гудамж

Улаан талбайгаас хувьсгалчдын талбай хүртэл алхахад замын цаана Большой театр дүнсийн харагдана. Хамгийн хямд үзвэр 3000 рублиэс эхэлнэ.

Театрыг үзэсгэлэнт барилгын Черскийн гудамжаар тансаг зэрэглэлийн худалдаа үйлчилгээний төв, ресторанууд ажилладаг. Та хүсвэл 1901 онд баригдсан өвөрмөц интерьер бүхий “Элвсевский гастрономик”-оор зочлоорой. Энэ хавиар Му му сүлжээ ресторан, Пушкин кафегаар саатан өдрийн зоогоо барих боломжтой.

№4. Лениний бунхан

Лениний бунханг үзэхэд 15 минут болжээ. 1924 онд Ленинийг өөд болоход шарилыг энд мөнхөлжээ. 

  • Тасалбар: Төлбөргүй.
  • Цагийн хуваарь:  Мягмар, лхагва, бямба гарагт 10:00-13:00 цаг хүртэл онгойно.

№5. Бункер-42 хүйтэн дайны музей

Газар доор 65 метрийн гүнд байрлах 18 давхар энэ байгууламж хүйтэн дайны үед цөмийн халдлагын эсрэг бэлтгэл хийх, пуужингаа хянах үүр байсныг өдгөө хүйтэн дайны музей болгон тохижуулжээ.

  • Үзэх хугацаа: Хоёр цаг
  • Тасалбар: 1800 рубль+ англи хөтөчтэй.
  • Цагийн хуваарь: 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

№6. Зарядье парк

Василийн сүмээс 10 минутын зайтай Зарядье цэцэрлэгт хүрээлэн болон Москва гол дээгүүр баригдсан шилэн гүүрнээс хотын үзэсгэлэнтэй дүр төрхийг тольдоорой.

№7.  Хотыг бүхэлд нь PANORAMA 360 тольдох тавцан

Москвагийн хамгийн өндөр тавцанд тооцогддог PANORAMA 360 нь “Москва Сити” бизнес цогцолборын “Федерация-Восток” цамхгийн 89 дүгээр давхарт байрлана. Инстаграмчдын цуглах энэ өндөрлөгөөс Москва хотын үзэсгэлэнт басхүү цэгцтэй дүр төрхийг харан зайрмагны цехүүд болон худалдаа, үйлчилгээний төвөөр зочлох боломжтой.

  • Байршил: Выставочная эсвэл Деловой метроны буудал.
  • Тасалбар: 360 тавцанд гарахын тулд 590 рубль төлнө.
  • Цагийн хуваарь: Өглөө 10 аас 22 цаг хүртэл.

№8. Сталины алдарт 7 өндөрлөг буюу эгч дүү долоо

Москва хотод 1940–1950 оны үед баригдсан 7 өндөр барилга бий.

1947 онд Москвагийн 800 жилийн ойгоор Сталин ЗХУ-ын агуу сүр хүчийг илэрхийлэх 8 өндөр байгууламж бариулах шийдвэр гаргажээ. 800 жилийн ойгоор 8 өндөр барилгын суурийг тавих барилгын ажлыг эхлүүлсэн боловч сүүлчийнхийг санхүүгийн асуудлаас болоод барьж чадаагүй аж. Эдгээр барилгын онцлог нь үзүүртээ таван хошуутай нарийн шовх оройтой.

  • Нэгдүгээр барилга: Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн төв байр. 7 өндөрлөг дотроо хамгийн өндөр нь буюу 240 м өндөртэй, 36 давхар байгууламж. Британийн “Times Higher Education” сэтгүүлээс европын хамгийн том кампустай топ 10 сургуулийн жагсаалтад энэ сургууль багтжээ.
  • Хоёрдугаар барилга: 198м өндөрт байрлах, 34 давхар “Украина” зочид буудал.
  • Гуравдугаар барилга: ОХУ-ын гадаад хэргийн яамны барилга. 172м өндөр, 27 давхар уг барилгад гадаад хэргийн яамнаас гадна сангийн болон харилцаа холбоо, худалдаа аж үйлдвэрийн яам байрлана. Сонирхуулахад тус байгууламж 28 цахилгаан шаттай.
  • Дөрөвдүгээр барилга: 134м өндөр, 26 давхар 5 одтой “Ленинградская” зочид буудал байрлана. Уг буудлыг 2008 оноос Хилтон Москва–Ленинградская хэмээн нэрийг нь өөрчилжээ.
  • Тавдугаар барилга: Котельническийн эрэгт байрлах 176 м өндөртэй 25 давхар, 500 гаруй айлын орон сууцны барилга юм.
  • Зургаадугаар барилга: 154 м өндөр, 24 давхар бүхий онгоц болон сансрын нисгэгчдийн орон сууцны Кудринскийн барилга.
  • Долоодугаар барилга: “Red gate” хотын удирдлагын 138 өндөр 24 давхар барилга.
  • Байршил: Метроны нэгдүгээр шугамын Воробьёвы горы эсвэл Университет гэсэн буудалд буугаад Москва голоор хөндлөн 30 орчим минут алхана. Мөн энэ буудал дээр Спарровын толгод гэх хотын хамгийн өндөр цэг дээрээс Москва хотыг бүхлээр нь үзээрэй.
  • Цагийн хуваарь: Хэзээд сонирхсон болно. Орой очвол шөнийн Москва илүү үзэсгэлэнтэй харагдана.

№9. Горькийн цэцэрлэгт хүрээлэн

Өнгөрсөн зууны эхний хагаст баригдсан 218 га талбайтай Горькийн цэцэрлэгт хүрээлэнд 7 хоногт ойролцоогоор 700 мянган орчим хүн очдог гэнэ. Энэ хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай,  амралтын байгууламж, орчин үеийн урлагийн музей бий. Дулааны улиралд элсний волейбол, талбайн болон ширээний теннис, хөл бөмбөг тоглон унадаг дугуйгаар зугаалах боломжтой.  Мөн тус паркт урлагийн тоглолт, үзүүлбэр, фестиваль зохиодог. Өвлийн улиралд цөөрмийн мөсөн дээр сноуборд, скейтбоард, тэшүүрээр гулгах талбай гээд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг тун сайхан бүрдүүлсэн.

  • Байршил: Зургаадугаар шугамын Октябрьская эсвэл нэгдүгээр шугамын Парк культуры буудалд.
  • Тасалбар: Үнэгүй
  • Цагийн хуваарь: 10:00–22:00
  • Түүнчлэн энэ парк нь Москва голоор аялуулах Flotilla Radisson завины зогсоол тул та 1100 рублиэр тасалбар авч завиар үзэсгэлэнт хотоор зугаалах боломжтой. Завин дээр оройн зоог барих бол нэмэлт төлбөртэй.

№10. Хуучин АРБАТ болон шинэ Арбатын гудамж

Түүхэн барилга байгууламжаас бүрдэх нэг км үргэлжлэх худалдаа болон жуулчны гудамж. Агуу гүрний түүхийг өгүүлэх барилга байгууламжуудаар зочилж, хөрөг зургаа зуруулж, их гүрэнд харьяалагдаж байсан орнуудын хоолыг амталж бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр саатаарай. Жуулчны гудамж учраас үнэтэй тул худалдан авалт хийхгүй өнгөрөх нь дээр санагдсан.

  • Байршил: Метроны дөрөвдүгээр шугамын Арбатская хоёр гэсэн буудалд бууна.

 №11.VDNH

“Үндэсний эдийн засгийн ололт амжилтын үзэсгэлэн” гэх энэ газар нь ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын сүрлэг барилгатай түүхэн дурсгал бүхий архитектурын парк юм. ЗХУ орон даяар үйлдвэржүүлэлт явуулж хөдөө аж ахуйгаа хөгжүүлж байсан үеийн хөдөлмөрчин ардын ололт амжилтыг нийтэд таниулан сурталчлах зорилгоор анх 1939 онд уг үзэсгэлэнгийн байгууламжийг барьжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүх улсын эдийн засгийн бүтээгдэхүүний 50 гаруй томоохон павильоныг байгуулж байжээ. Өдгөө Украин, Казахстан, Азербайжан, Беларусийн, Армен зэрэг улсын эдийн засгийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны байгууламж байна. Түүнчлэн дараах зориулалтын барилгууд бий.

  • №206 Шатрын павильон (Шатрын томоохон тэмцээн, сургалт зохион байгуулна.)
  • №5 Боловсролын болон энтертайнмент барилга.
  • №44 Туулай тэжээх павильон.
  • №20 Сүүн зам, сансар судлалын музей.
  • №32–34 Цэргийн зэвсэг хэрэгслийн үзэсгэлэнгийн павильон.
  • VDNH -гийн аварга том мөсөн гулгуурын талбай нь Европ дах хамгийн том талбайд тооцогддог.
  • Далай судлал болон далайн амьтдын Москвариум цирк. ( далайн 8000 гаруй төрөл зүйлийн амьд биетийн сантай. Далайн амьтан ургамал, загас, халим, дельфиний үзүүлбэр үзүүлдэг 7 усан сан, 23000 үзэгчийн багтаамж бүхий танхимтай)
  • Ногоон театр, кино театр.
  • Биологи, ургамал, эм судлалын хүрээлэн бий. Жил бүр 100 гаруй төрлийн үзэсгэлэн зохион байгуулагддаг.
  • Байршил: ВДНХ метроны буудал.

Тасалбар: Үнэгүй

ВДНХ метроны буудлын хажууд Космонавтын (Зөвлөлт улс сансарт агаарын хөлгөө амжилттай хөөргөсний дурсгалд зориулсан) музейг цаг зав хангалттай бол сонирхоод гараарай. 1964 оны аравдугаар сарын 4-нд Спутник хөлгийн 7 жилийн ойд зориулан 107м өндөр энэ цамхгийг босгожээ.

  • Тасалбар: 250 рубль
  • Цагийн хуваарь: Даваа гарагт амарна. Бусад өдөр 10:00-19:00 цаг хүртэл нээлттэй.
  • Үзэх хугацаа: 2 цаг

№12. Спасител Христийн сүм

Ортодокс шашны дэлхийн хамгийн том өндөр сүмд тооцогддог.

  • Үзэх хугацаа: Ойролцоогоор 30 минут зарцуулна.
  • Байршил: Метроны улаан шугамын Кропотинская буудал, Волхонка, гудамж
  • Тасалбар: Үнэгүй
  • Цагийн хуваарь: 09:00-19:00 цаг хүртэл ажиллана.
  • Жич: Эрэгтэйчүүд шорттой орохгүй, эмэгтэй хүн толгойгоо бүтээх алчууртай орно.

 №13. Останкино цамхаг

1967 онд баригдсан энэ телевизийн цамхаг нь 10 жилийн турш дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогддог байжээ. 540м-ийн өндөр уг цамхагт телевизийн дамжуулалтын технологитой холбоотой музей, хуучны телефон сүлжээний дамжуулалтын үзмэр, ресторан гээд цагийг зугаатай өнгөрөөх зүйлсээр арвин.

  • Байршил: ВДНХ метроны буудалд буугаад Академи Королевийн гудамжнаас 36 эсвэл 73 дугаартай троллейбус эсвэл 13,15 дугаартай автобусанд суугаад Останкинскаягийн буудал дээр бууна.
  • Цагийн хуваарь: 10:00-23:00 цаг хүртэл ажиллана.
  • Тасалбар: Насанд хүрэгчид 700 рубль , хүүхэд болон оюутан, сурагчид 400 рубль төлнө.

№14. Третьяковын галерей

Москва хоттой танилцахыг хүссэн хүний алгасаж болохгүй дараагийн чухал үзмэрт энэ галерей гарцаагүй орно. Тус музей нь Москва хотын хамгийн эртний музейд тооцогддог төдийгүй XII зууны Оросын уран бүтээлчдийн  дүрслэх урлагийн сонгодог бүтээл, уран зураг, уран баримлын  баялаг сан хөмрөгтэй.

  • Байршил: 6 дугаар шугамын Третьявская буудалд буугаад Лаврушинский переулок гэсэн байршлыг google map дээрээ тохируулаад явна.
  • Тасалбар: 400 рубль.
  • Цагийн хуваарь: Даваа гарагт амарна. Мягмар, лхагва, ням гарагт 10:00-18:00 цаг хүртэл, пүрэв, Баасан, Бямбад 10:00-21:00 цаг хүртэл ажиллана.

№15. Измайлово зах

Хотын иргэдийн аж амьдралтай танилцаж бэлэг, дурсгалын зүйлс худалдан авах бол хотын хойд захад байрлах Измайловог зориорой. Гар урлалын зүйлс, хувцас хунар, үслэг эдлэл, үнэт эдлэл, Матрёшка зөвлөлтийн үеийг санагдуулам бэлэг дурсгалын зүйлс хотын төв дэх жуулчны гудамны худалдаанаас хамаагүй хямд байдаг. Мөн шоколад, талх, архины музейг сонирхохоо мартуузай. 

Цагийн хуваарь: Зуны улиралд 10:00-20:00 цаг хүртэл ажилладаг.

Байршил: Измайлово метроны буудалд байрлана.

ОХУ-д аялахад хэрэгтэй аппликэйшнүүд:

  • Ynadex maps
  • Moscow metro
  • Kudgago.org: ОХУ-ын бүх хотын үзвэр үйлчилгээ, хаяг байршил, тухайн сар долоо хоног бүр болох үйл ажиллагаа зэргийг нийтэлдэг.
  • Uber, yandex зэрэг таксины аппликэйшнийг татаж аваарай.

Дугаар авах: Гадаад паспортоо үзүүлээд үүрэн сүлжээний Мегафон, MTS, Beeline  зэрэг өргөн хэрэглэгддэг сүлжээний дугаарыг авах боломжтой.

  • Мегафон хамгийн хямдхан. S багц нь 390 рубль 400 минут яриа үнэгүй, 3GB дагалдана. Мөн M,L гээд багц гээд нэмэгдэнэ.
  • MTS- 450 рубль 500 минут, 3GB дагана
  • Beeline: 600, 900, 1500 рублийн багцуудтай. 600 рублийнх нь 600 минут яриа 5GB дагалддаг.

Түүнчлэн метроны буудлын кассаас 50 рублиэр метроны Тройка картыг худалдаж авна. Картаараа Метро, трамвай, троллейбус гээд бүх тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.

TAGS