• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

Ажилдаа явна гэхээс хөл чинь урагшлахгүй, ажлын цагийг арайхийн өнгөрөөж, сүүлдээ бүр үзэн ядахад хүрч байна уу? Ажлаа солихоос өөр ямар ч сонголтгүй болсон мэт санагдаж, гарах өргөдлөө бичин суугаа бол эхлээд дараах долоон асуултыг өөртөө тавиад шударгаар хариулаад үзээрэй.  

1. Ажилдаа яагаад дургүй болсон бэ?
Ерөнхийдөө ажилдаа дургүй гэхээс илүүтэй ажлынхаа яг юунд нь дургүй вэ? гэдгээ тодорхой хариулаарай. Тухайлбал, шууд удирдлагатай ойлголцдоггүй, ажлыг нь шударгаар үнэлэх систем байхгүй, ажлаасаа ямар ч урам зориг авдаггүй, ажлаа хийхэд мэдэхгүй чадахгүй зүйлтэй их тулгардаг, хамт ажилладаг хүмүүс үл тоомсорлодог, ажлын орчин нь эрүүл мэндэд хортой, цалин нь хэрэглээг хангаж чаддаггүй гэх мэт яг юу нь таныг ажлаасаа гарах шийдвэр гаргахад хүргэсэн бэ? гэдэгтээ маш тодорхой хариулаарай.  

2. Ажлынхаа юунд дуртай вэ?
Энэ ажилд орох шийдвэрийг анх яагаад гаргаж байсан бэ? Ямар хүлээлт, үнэ цэнэ байсан учир энэ ажлыг хийх болсон бэ? Ямар ч дургүй ажилд таалагддаг сайхан юм заавал байдаг. Түүнийг харин олж харах эсэх нь таны асуудал. Тухайлбал, хамт ажилладаг хүмүүс хөгжилтэй, үзэл бодол нийлдэг, байгууллагын соёл нь таалагддаг, чадварлаг менежерүүдтэй, хэрэглэгчдэдээ нэр хүндтэй, бүр ядахдаа хүүхдийн баяраар гоё бэлэг, шинэ жил нь сайхан болдог ч байж болно. Хэрэв шууд удирдлагатайгаа ойлголцдоггүй, хамт ажиллаж байгаа хүмүүс чинь дэмждэггүй хэрнээ ажил чинь өсөж дэвших хөгжих боломжтой бол байгууллагаа биш алба хэлтэсээ өөрчилж болно шүү дээ.  

3. Ажилдаа дуртай болохын тулд яах вэ?
Таалагдахгүй байна, болохгүй байна, ажлаас гармаар байна, үзэн ядаж байна гэх мэтээр зөвхөн таагүй мэдрэмжээ илэрхийлээд суух амархан. Харин өөрт тулгараад байгаа энэ сорилттойгоо нүүр тулж, шийдвэрлэх арга замыг эрж хайх нь чамайг нэг алхам урагшлуулах болно. Хамт ажилладаг хүмүүс нь чамайг гадуурхаж тоомжиргүй харьцдаг бол ганцаарчлан уулзаад чин сэтгэлээсээ ярилцаад үз, өөрийн чадах зүйлээрээ тэдэнд тусал, мэдлэг ур чадвар чинь дутагдаад байгаа бол богино хугацааны сургалтанд хамрагд, өөрийгөө хөгжүүл, гомдоллож суухын оронд ямар нэг алхам хий.

Удирдлагадаа үнэлүүлж чадахгүй байгаа бол ажлыг чинь ямар шалгуур үзүүлэлтээр үнэлээд байгааг ойлгоод түүнд чиглүүлж ажлынхаа арга барилыг өөрчил. Цалин бага санагдаад байвал удирдлагатайгаа уулзаад цалингаа нэмэгдүүлэх хэлцэл хий. Гэхдээ миний цалинг нэмээд өг гэхээсээ өмнө байгууллагадаа өөрийнхөө зүгээс ямар шинэ шийдэл, хувь нэмэр санал болгож байгаагаа илэрхийлж, илэн далангүй ярилцаад үз. Өөрөөр хэлбэл, ажилдаа дуртай болохын тулд шалтгаанаа тодорхойлоод өөрөөсөө хамаарах бүхий л зүйлээ хийгээд үз.  

4. Ажлаа харах өнцгөө өөрчлөх гээд үз
Бид бусад зүйлсийг өөрчилж чадахгүй байлаа ч харах өнцөг, хандлагаа өөрчилж чадна. Хэрэв ажилдаа дургүй гээд л харчихвал жижиг зүйлс ч дургүйг чинь хүргэсээр л байх болно. Тэгсээр сайн талаа ч сул тал болгон харна. Магадгүй өнөөдөр чиний дургүй гээд байгаа ажилд орох гэж хичнээн хүн хүсдэг ч юм билээ? Дургүй гэсээр ямар сайхан боломжийг ч салхинд хийсгээд байгаа юм билээ? Хамгийн наад зах нь тааламжгүй санагддаг хүнтэйгээ харилцаад ойлголцоод сурвал энэ бас л амжилт, таагүй нөхцөл байдалд ч өөрийгөө зөв илэрхийлээд сурвал бас л амжилт.

Эргээд харахад магадгүй дургүй гэж харсан тухгүй бүс хүнд хамгийн их зүйлсийг сургасан байдаг. Ажилдаа дургүй гэж хараад байвал чамаас ямар ч үр дүн гарахгүй, үр дүн гарахгүй болохоор удирдлага чинь чамд сайхан хандахгүй, тэр хэрээр цалинг чинь нэмэх тухай бодох ч үгүй, эргээд чи ажлаа үзэн ядна, энэ мэтээр чөтгөрийн тойрог эргэлдсээр л байна.  

5. Дараагийн төлөвлөгөө чинь бэлэн үү?
Ихэнх хүн сэтгэлийн хөдөлгөөнөөр ажлаас гарах шийдвэрийг гаргадаг гэсэн судалгаа байдаг. Яаран шийдвэр гаргахаасаа өмнө дараах асуултыг өөрөөсөө асуу. Дараагийн төлөвлөгөө чинь бэлэн үү. Ажлын саналууд танд ирсэн үү. Эсвэл хувиараа ажиллах гэж байгаа бол хамгийн багадаа 6 сар санхүүгийн хувьд асуудалгүй амьдарч чадах хуримтлалтай юу? Энэ асуултад хариулсны дараа, тунгаан бодож, хөнгөн шийдвэр гаргахгүйг хичээгээрэй.

6. Ажлаас гарахаасаа өмнө орлогоо төрөлжүүлэх тухай бодож үзсэн үү?
Хэрвээ цалингаас хамаарч ажлаас гарах гэж байгаа бол заавал орлогын нэг эх үүсвэрээ үгүй болгохгүйгээр өөрийн боломж, цаг хугацаандаа тулгуурлан орлогоо нэмэгдүүлэх аргуудыг судалж үзсэн үү? Байгууллагаа өөрийн нэг харилцагчаа болгох талаар бодож үзсэн үү? Ажлынхаа шугамаар илүү их харилцагчтай танилцах, танилын сүлжээгээ нэмэгдүүлэх талаар бодож үзсэн үү? Нэмэлт ур чадвараа удирдлагадаа харуулж, нэмэлт цалин авах талаар санал болгож үзсэн үү?  

7. Өөрөөсөө хамаарах бүхнийг хийсэн үү?
Ямар ч оролдлого хийж үзээгүй хэрнээ зүгээр л нэг баян амжилтанд хүрсэн хүний түүх уншаад эсвэл хэн нэг хүний таагүй харилцаанаас үүдэж ажлаас гарах шийдвэр гаргах гэж байгаа бол дахиад нэг суугаад гүн амьсгаа аваад бодоод үзээрэй. Энэ ажил дээрх асуудлаа шийдэж чадаагүй бол дараагийн шинэ ажилд орлоо гээд тухайн асуудал байхгүй болно гэж үгүй, харин үнэхээр өөрчлөхөөр шийдсэн бол дараагийн төлөвлөгөөгөө нухацтай гаргаад шийдвэрээ зоригтой гаргаарай. Ямартай ч өөрөөс хамаарах бүхнээ хийсэн үү? Өөрийнхөө хамгийн сайнаар ажиллаж чадсан уу? Гээд өөрөөсөө асуугаарай. Ихэнх асуудал гаднаас биш өөрт байдаг юм шүү.  

TAGS
#Business