• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    431   |  
0

Хүүхдийнхээ эцэг эхийн өдөрлөг, урлагийн үзлэг, спортын тэмцээнд очиж ажаагүйдээ харамсдаггүй эцэг эх байдаггүй л болов уу? Харвардын эрдэмтэд 25-63 насны 900 гаруй мэргэжилтнүүдийн дунд ажил болон гэр бүлдээ зарцуулж буй цагийн зөрүү нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, зан араншингийн төлөвшилд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Хачирхалтай нь олон цагаар ажиллах нь эцэг эх болон хүүхдийн харилцаанд сөргөөр нөлөөлдөггүй болохыг илрүүлжээ.

Харин эцэг эх, хүүхдийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс бол өөр зүйлд сатаарах, ажилдаа хэт автах гэж дүгнэсэн байна. Орчин үед үүний хамгийн том хүчин зүйл бол дижитал төхөөрөмжүүд, сошиал медиа билээ.

Эцэг эхийн аль алины хувьд ажилдаа хэдэн цагийн зарцуулдгаас үл хамааран гэр бүл бол тэргүүн үнэт зүйлд тооцогддог бол хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд сөргөөр нөлөөлдөггүй байна. Тус судалгааны өөр нэг сонирхолтой үр дүн бол ээж аав нь ажилдаа зарцуулж буй цагаас үл хамааран ажлаа бүтээлч байдал, урам зориг, аз жаргал өгдөг хүчин зүйл, өөрийгөө харуулах боломж гэсэн хандлагатай бол хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хүмүүжил, амьдралыг үзэх үзэлд үлгэрлэл болдог аж.

Өөр нэгэн онцлууштай гаргалгаа бол аав нь олон цагаар ажилладаг эсэхээс үл хамааран ажил мэргэжилдээ хэт өндөр ач холбогдол өгч, бүхнээс дээгүүр тавьдаг бол хүүхэд зан араншин, хүмүүжлийн доголдол гарах нь түгээмэл байжээ.

Аав нь карьерийн хувьд амжилттай, ажилдаа сэтгэл ханамжтай  байхад зан төлөв, хүмүүжлийн асуудал гаргах нь харьцангуй бага аж.

Харин ээжүүдийн хувьд удирдах албан тушаалд ажилладаг, карьер нь амжилттай байх нь хүүхэд хүчирхэг сэтгэл зүйтэй болж төлөвшихөд нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл болзошгүй асуудал, эрсдэл үүсэхэд ээж нь хэн нэгнээс хараат бусаар асуудлыг хяналтдаа авах, өөрөө зохицуулах чадамжтай байхад оршдог аж. Сонирхуулахад, ээж нь гэрийн ажлыг ачааллыг бүгдийг өөр дээрээ авах бус, өөртөө хангалттай цаг гаргаж, бие, сэтгэл зүйн эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч чаддаг байх нь хүүхдийн сэтгэл зүйн байдал, зан араншингийн төлөвшилд сайнаар нөлөөлдөг байна. Таныг гайхшруулж мэдэх өөр нэгэн үр дүн бол ээж үргэлж гэртээ хүүхдийнхээ дэргэд байж чадахгүй байх нь тэдний хүмүүжилд ямар нэг сөрөг нөлөөг үзүүлдэггүй байх нь.

Эсрэгээрээ гэрийн ажилд их цаг зарцуулдаг байх нь тэдний хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг аж. Товчхондоо ээжүүд гэртээ байх хугацаандаа гэрийн ажлаас илүүтэй өөртөө цаг гаргах нь хүүхдэдээ анхаарал тавих, сэтгэл зүйн эрүүл мэнд, зан төлөвт эерэгээр  нөлөөлөх боломжийг нэмэгдүүлдэг аж.

Аавуудын ажилдаа хандах хандлага, хувийн үнэлэмж өндөр байх, сэтгэл зүйн хувьд хүүхэдтэйгээ ойр байх нь хүүхдэд зөв үлгэр дуурайллыг үзүүлж чаддаг байна.

Тус судалгаанаас судлаачид эцэг эхийн санхүүгийн нөхцөл байдал болон ямар салбарт ажилладгаас үл хамааран ажилдаа болон хүүхдэдээ асарч, хүмүүжүүлэхэд зарцуулж буй хугацааны харьцаа нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хандлагын төлөвшилд төдийлөн хамааралгүй болохыг дүгнэжээ. Хэрэв таны ажил, карьер хүүхдийн тань төлөвшилд хэрхэн нөлөөлж байгаад санаа зовж байгаа бол ажлаа сэтгэлээсээ хийж,  хүүхэдтэйгээ бие сэтгэлээрээ ойр байхыг хичээж, ингэхдээ хамт өнгөрүүлж буй хугацааг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн байлгах нь хамгийн чухал аж.

Эх сурвалж: Harvard Business review

TAGS
#Business