• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Би өглөө 06.00 цагт босдог. Босонгуутаа хүүгээ сэрээж өглөөний цай уулгана. Мөн нөхрийнхөө өглөөний цай, хүүгийнхээ өдрийн хоолыг бэлтгээд гардаг даа.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө бүр надад эхлэл мэт санагддаг. Шинээр эхлүүлэх хийх гэж буй ажлаа, мөн хуучин хийж байгаад дуусгаж амжаагүй ажлынхаа үргэлжлэлийг яаж эхлүүлэх вэ гэдэг утгаараа өглөөг бүх юмны эхлэл гэж хардаг. Өглөө хамгийн түрүүнд хүүгээ яаж уурлуулахгүйгээр, эвтэйхэн аргадаж  сэрээхээ бодно. Хүү маань энэ жил дөнгөж нэгдүгээр ангид сурагч байгаа учраас өглөө эрт 06.00 цагт босох нь  амаргүй л дээ. Хүүгийн маань сургууль гэрээс хол зайтай. Энэ холоос сургууль руу нь зөөдөг учраас  мэдээж өнөөдөр замын түгжрэл ямар байгаа бол гэж бодно. Ажил руугаа явах замдаа төлөвлөсөн ажлуудаа нэг гүйлгэж харна.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өглөө эрт телевизийн ярилцлагад орно. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Манай холбооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн зөв ярилцах арга зүй тухай видео танилцуулга гаргасан. Видео танилцуулгаа фэйсбүүкээрээ дамжуулж олон нийтэд хүргэнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр бол баярын өдөр биш тэдний эрхийг олон нийтэд таниулах өдөр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс анзаарч байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авлаа, баяр хүргэлээ, хүндэтгэл үзүүллээ л гэнэ. Тиймээс иргэд энэ асуудалд илүү хариуцлагатай хандаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд зөв хандлага түгээдэг, эрхийг нь хүндэтгэдэг байгаасай гэж боддог.

Хөгжлийн бэрхшээл гэдэг үг өөрөө их хүнд өгүүлбэр. Би хувьдаа 100 хувь энэ үгийн эсрэг байр суурьтай байдаг. Яг үнэндээ миний хувьд ч тэр бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч тэр огтхон ч хөгжлийн бэрхшээл биш, хөдөлгөөний бэрхшээл юм. Бид тэргэнцэртэйгээр нийгмийн харилцаанд оролцдогоороо л өөр байх. Түүнээс биш бусдаас ялгарах ч юм уу хөгжихөд бэрхшээлтэй зүйл огт байхгүй. Ялгаатай хүмүүс гэсэн тодорхойлолтыг хэлмээр байдаг юм. Байнга оновчтой оноосон нэр бодно. Агуулгад нийцсэн оновчтой нэршил өгөх шаардлагатай гэдэгтэй 100 хувь санал нийлдэг. 

ХЗДХЯ-нй дэргэдэх Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэдийн оролцоо төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуулийг хэрхэн сурталчлах ах вэ гэсэн видео контентын уралдаан зарласан. Манай холбооны зүгээс “Жаргаланг жаргалтай болгоё” видео контентоор оролцож,  тэргүүн байранд орсон. Энэ нь хамт олон ажилтнуудад маань маш их урам зориг хайрласан. Аливаа нөлөөллийн ажлаа заавал хурал, зөвлөгөөн, уулзалт гэхээсээ илүүтэй олон нийтийн сүлжээг ашиглан нийт иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт өгөх энгийн аргуудыг хэрэглэх нь маш их үр дүнтэй байдаг юм байна гэдгийг олж харсан.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

“Болно, чадна, надад боломж байна” гэж өөртөө байнга хэлдэг. Ингэж хэлэхээр бүх зүйл боломжтой мэт харагддаг. Миний хувьд би энэ байшин руу орж чадахгүй юм байна гээд бодоод өнгөрөх биш яаж орох арга замаа байнга эрэлхийлдэг. Чадахгүй гэж бодсон ч арга зам нь байж л байдаг. Би чадна гэдэг үг миний аз жаргалын тарни юм уу даа.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд саад тулгарна гэсэн ойлголт байхгүй. Аливаа зүйлийг саад гэж харвал дандаа бэрхшээл л харагдана. Тиймээс залуучуудад хандаж бэрхшээл биш боломжийг харъя гэж хэлье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ