A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 111 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 111 | |
|
Амьдрал бол аялал... Харин бид аялагч бөгөөд энэ амьдралдаа хараа хүрч, чадал сорих бүхий л хязгаарыг туулах учигтай. Сайн муу, сайхан муухайгийн алинтай ч нүүр тулах энэхүү ертөнцөд хэт ач холбогдол өгөлгүйгээр гайхан биширч, нүдээ баясгах нь чухал... Олон жилийн өмнө “Карма” хэмээх нимгэн цагаан номоос энэ тухай уншиж билээ. Түүнээс хойш “Бид бол аялагч...” гэх үгс сэтгэлд хадагдсан... Хязгаар нь үл мэдэгдэх энэ амьдралыг бид аялсаар дуусна...
...Дөрвөн дугуйт хөлөглөн, Америкийг хөндлөн гулд туулах удаан хэрнээ, эргээд харахад асар хурдан өнгөрсөн цаг хугацаанд энэ мэт дэл сул бодлууд ой тойнд савчих нь нийтлэг... Манай багийнхан төлөвлөгөө ёсоор Сан Францискогоос Лос Анжелес руу хурдалж буй. Тэнд “Холливуд”-ын босгоор таахалзаж алхсан Монгол хүү С.Чингүүнтэй уулзах ёстой.
Тэрээр Америкийн өсвөр насныхан болоод залуусын шимтэн үзэх дуртай “All that” нэртэй холливудын алдартай шоунд гол дүрд тоглодог. Америк хүүхдүүдийн хүсээд ч хүрэхгүй энэ босгыг Монгол хүү давж, амжилттай явааг сонсоод сэтгэл огшиж, уулзалтаа сэтгэлдээ төсөөлж ядан явав... Зам зуурт “United Mongolia” компанийн захирал, “Америкаар 10000 бээр” төслийн ахлагч, Г.Галбадрах ах бидэнд хүүгийн амжилтад түүний ээж Т.Сэргэлэнцэцэг ямар чухал үүрэгтэй, хүүгийнхээ төлөө хэрхэн өөрийгөө зориулсан талаарх бахархам түүхээс хуваалцлаа. Энэ мэт уулзах зочдынхоо талаар Галаа ахаас “иж бүрэн” мэдээллийг аваад бид бүр сурчихаж дээ...
2019-08-05 өглөөний 10.00 цаг... Товлосон өдөр, тогтсон цагтаа С.Чингүүн болоод түүний ээж Т.Сэргэлэнцэцэг нартай Лос Анжелес дэх Холливудын “The Burbank Studios”-д уулзлаа. Нүдээрээ инээсэн, цог золбоотой, нээлттэй гэж тоймгүй булцгар цагаан хүү Монголоор мэндлээд ээжтэйгээ биднийг тосон авав. Ээж хүү хоёр тэнд байрладаг бөгөөд менежерүүдээс нь урьдчилан зөвшөөрөл авсан тул бичиг баримтаа шалгуулаад төвөггүйхэн дотогш нэвтэрлээ.
Менежер бидэнд ярилцлага авах, хүүгийн өрөөг сонирхох цаг хагасын боломж байгааг сануулав. “Chinguun 2.53” гэсэн хаяг бүхий хаалгаар ороход жижиг тухлаг буйдан, компьютерын ширээ, хөргөгчөөс өөр элдэв хогшилгүй, даруухан өрөө биднийг угтсан юм. Өрөөний ханыг хүүгийн зургаар чимжээ. Хүү өрөөгөө тойруулан нэгд нэгэнгүй бидэнд танилцуулав. Бүр хөргөгчөө хүртэл онгойлгож үзүүлсэн гээч... Их л хэрсүүхэн, хөгжилтэй хүү байна лээ...
ТЭРЭЭР ХОЛЛИВУДАД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬЖЭЭ...
С.Чингүүн дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг бөгөөд ээж нь 9 настайгаас нь жүжгийн дугуйланд явуулжээ. Анхандаа түүний илтгэх чадварыг нь сайжруулан, бусдын дунд нээлттэй болгох зорилготой байсан аж. Гэтэл түүний унаган авьяас илэрч жүжигчний мэргэжлээр гүнзгийрүүлэн үзэж, мэргэжлийн төвшинд хичээллэж эхэлсэн байна. Гурван жилийн турш хичээлээс гадуур мэргэжлийн багш нараас сургалт авч, дүүргийн театруудад жүжиг тоглож, олон шалгуур давсны үр дүнд холливудын босгыг давсан байна.
Энэ тухай түүний ээж Т.Сэргэлэнцэцэг ярихдаа “2016 онд бид хоёр Төвийн бүсийн аймгуудын авьяаслаг хүүхэд шалгаруулах “Launch ShowCase” шоунд оролцсон юм. Нийт 250 орчим хүүхдээс шилдэг 12-т багтаж байлаа. Энэ бол маш дурсамжтай мөч. Түүнээс хойш хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэх дорвитой алхам илүүтэй хийж эхэлсэн. Улмаар хүү минь өөрийнхөө чиглэлийг тодорхойлж, өнгөрөгч нэг сарын сүүлээр анх удаагаа Лос Анжелест ирлээ. Энд жил болгоны хавар 1-3 сард телевизийн шоунуудын кастинг явагддаг. Үүнийгээ эд нар “Pilot session” гэж нэрлэдэг. Мэргэжлийн багш нар нь С.Чингүүн Холливудад өрсөлдөх цаг нь болсон гэж дүгнэсэн учраас бид зориглосон. Ингээд гурван сарын турш шалгаруулалтад өрсөлдсөний эцэст хамгийн эхний гэрээгээ хийж, “All that” нэртэй шоунд тоглох эрхээ авсан. Бүр өрсөлдөх эрхээ авсан 5000 хүүхдээс 7 хүүхэд шалгарсны нэг нь С.Чингүүн байсан гээч. Бид хоёрын хувьд төсөөлөөгүй амжилт” гэсэн юм.
Уг шоуны хувьд Brian Robbins болон Mike Tollin нарын бүтээсэн телевизийн цуврал комеди шоу бөгөөд анх 1994 оны дөрөвдүгээр сарын 16-аас эхлэн Nickelodeon тв-ээр цацагджээ. 1994-2005 он буюу бүтэн 11 жилийн турш хит болж чадсан энэхүү алдартай шоу нь өнөөдрийг хүртэл бүх насныхны үзэх дуртай комеди байсаар байгаа аж. “All that” нь Nickelodeon-аас зохион байгуулдаг Kid’s choice awards, 1999 онд хүүхдийн шилдэг шоу, 2000 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, 2003 оны шилдэг эмэгтэй жүжигчин, ASCAP Film and Television Music Awards-ын шилдгээр шалгарч байжээ.
Нийт 10 бүлэг хийгдсэн энэхүү шоу 11 дэх бүлгээ дахин эхлүүлж байгаа бөгөөд С.Чингүүн гол дүрд тоглож байгаа аж. Түүний #Simplicity анги одоогийн байдлаар youtube сувагт 25к /25 мянган/ үзэгчдэд хүрээд байна. Түүний оролцсон гурван дугаар аль хэдийнээ Youtube-д хагас сая үзэгчидтэй болжээ. ““Simplicity “ гэдэг скетч нь мэргэжлийн комедиануудын үнэлгээгээр хамгийн сайн гэсэн үнэлгээтэй яваа. Цаашдаа классик комеди болох магадлалтай учир бид хамтын хүчээр сайн давлагаалуулах хэрэгтэй байна” гэж Т.Сэргэлэнцэцэг ярилаа. Нэмж хэлэхэд одоогийн байдлаар зургаан анги цацагдсан бөгөөд есдүгээр сарын 21-нээс долоо хоногийн бямба гараг бүрт үлдсэн 7 анги үзэгчдийн хүртээл болох юм байна.
Ээж хүү хоёр тус шоунд орох байтугай шалгаруулалтад өрсөлдөнө гэж зүүдлээгүй явжээ. Гэтэл хүүгийн хувьд “All that” шоуны #Goodburger жүжгээр хийсэн киног нийт долоон удаа шимтэн үзсэн аж. Бас л сонирхолтой түүх байгаа биз. Хүн хувь заяагаа жолоодно гэдэг ч ерөнхий чиг шугамыг нь “цаанаас” нь зурсан байдагт би итгэдэг. Харин тэр шугамын дагуу зөв алхах уу, хазайх уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. С.Чингүүний хувьд ээж нь “Алтан гадас” адил замыг нь засаж, чиглүүлж өгч дээ гэх бодол зурсхийв.
Одоогийн байдлаар хүүгийн тоглосон зургаан анги “Nick TV”-гээр цацагджээ. Тэрээр нийт 13 ангийн зураг авалтад оролцсон байна. Хүүгийн фенүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь youtube суваг, сошиал ертөнцөөс мэдэх боломжтой аж.
ХҮҮГИЙН АМЖИЛТЫН АРД ТҮҮНИЙ ЭЭЖ БИЙ...
Т.Сэргэлэнцэцэгээс “Та хүүхдээ жүжигчин болгоно гэж төсөөлж байв уу?” гэж асуухад “Хэзээ ч төсөөлж байгаагүй. Энэ амжилт бидний төлөвлөгөөнд байгаагүй” гэсэн юм.
Тэрээр “Би Америкт ирэхээсээ өмнө Японд сурсан. Хэдий хэлийг нь сайн эзэмшсэн ч дөрөвхөн жил тэдний соёлоос суралцахад бага хугацаа байсан. Тэндээс хүн бага залуугаас гадагшаа гарч, нүд тайлах тусам амжилт гаргах магадлал ихтэй, басхүү боломж бийг олж харсан. Харин дараа нь Америкт ирэхэд ази, барууны соёл дунд амаргүй байдалд орсон. Учир нь азиуд бусдыг сонсдог бол барууных бусадтай нээлттэй байж, өөрийгөө бүрэн илэрхийлдэг аж. Тэгэхээр энэ их соёлын ялгаанаас би хүүхдэдээ миний туулсан бэрхшээлийг бүү давтаасай, мөн Америкчуудын соёлоос суралцаг гэсэндээ дүүргийн хүүхдийн жүжгийн дугуйланд явуулсан” хэмээн ярилаа.
Хүүг багш нар нь “Чингүүн манлайлагч болох магадлал их өндөртэй. Чи энэ тал руу сайн хөгжүүлээрэй. Тэгвэл амжилтанд хүрнэ” гэж зөвлөжээ. Тиймээс Т.Сэргэлэнцэцэг хүүгээ жүжигчин биш маркетингийн хүн болгохоор шийдэн тавдугаар ангиас нь мэтгэлцээний клубт явуулсан байна. Гэтэл санаанд оромгүй явдал болж хүүгийнхээ авьяасыг нээж, жүжигчний авьяастайд нь итгэж чадалгүй хоёр жил өнгөрөөсөн тухайгаа тэрээр хуучиллаа.
Ээжийн хувьд хүүгээ 18 нас хүртэл нь хаа явсан газар нь дагаж, дэргэд нь байх шаардлагатай. Гэтэл тэдний гэр Чикагод бий. Хүүгийнхээ төлөө өөрийнхөө карьераа хойш тавьсан Т.Сэргэлэнцэцэг эгчээр үнэхээр бахархах сэтгэл төрөв. “Хэрэв би байсан бол яах байсан бол” гэх асуултыг өөртөө тавьж үзлээ. Сэтгүүлчийнхээ карьерыг хаяад, гэр бүлээ орхиод зөвхөн хүүхдийнхээ төлөө амьдарна... Бас л бэрх даваа мэт санагдав. Уншигч та яах байсан бэ? Төсөөлөхөд амаргүй байгаа биз.
Ээж, хүү хоёртой нэг өдрийн хэсэгхэн хормыг хамтдаа өнгөрүүлсэндээ сэтгэл өег буцлаа. Учир нь Монгол хүн Холливудад хөл тавьж чадсан байна шүү дээ. Тэр тусмаа 13-хан настай хүү... Хүний нутагт гэрээ, хээр талын салхиа санасан сэтгэлийг ч хэлэх үү, огших, бардамнах сэтгэл цаанаасаа ундарсныг энд нуухгүй ээ...
С.Чингүүний зураг, видеонуудыг нь Chinguun Sergelen хаягаар үзэж, бас Youtube сувгаар “Аll that”, “Chinguun” гэж хайж үзээрэй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|