Би хувьдаа дөрвөн зүйлийг онцолно: Хүний эрх, ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх ёс!
- Жендэрийн үндэсний хорооны тэргүүний хувиар сонгуульд нэр дэвшигчийн 50-иас доошгүй хувийг, мөн хууль тогтоох, гүйцэтгэх, хэрэгжүүлэх байгууллагын 33-аас доошгүй хувийг аль нэг жендэрийн төлөөлөл заавал бүрдүүлэхийг хуульчлах;
- Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар хүүхэд хамгааллын тогтолцоог хамгаалахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх тал руу түлхүү чиглүүлэх;
- Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Залуучуудын асуудал эрхэлсэн яам байгуулж, бодлогыг залах;
- Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого боловсруулах;
- Ядуурлыг арилгахын тулд өрхийн орлогыг нэмэх, хүн бүрийг ажилтай, орлоготой болгох. Өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангадаг, нөхдөг, нэг нэгнээ дэмжсэн өрхийн аж ахуйг үлгэрлэх, түгээх;
- Ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь гэрлэгчдийн өрх тусгаарлах, өмчлөх, хөрөнгөтэй болох, захиран зарцуулах, хамтын хариуцлага хүлээх, эцэг эх байх, хүүхэдтэй болоход амин чухал хууль зүйн баталгаа болдог.
- Нөөцийн удирдлага маш чухал. Монгол Улс мөнгөгүй, хүнгүй, чадавхгүй гэхээс илүүтэйгээр өөрийн, хүний, санхүүгийн, техникийн нөөцөө удирдаж чадахгүй байна уу даа гэж хардаг. Аудит, менежмент талаас мэргэжлийн хяналт, татвар, гааль зэрэг төрийн албаны салбарыг үр нөлөөтэй хянаж, удирдаж чаддаг болгоход анхаарах байх.
- Улс төрийн намын санхүүжилт, түүний ил тод байдлыг хангахын тулд жил бүр тайлагнуулдаг, аудит ордог байх ёстой. Ард түмний мөнгөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг, мөн хэнээс хаанаас ямар мөнгөөр ажилладаг нь гишүүд төдийгүй сонгогчдод ил байх нь зүйн хэрэг.
- Хуулийг чанд хэрэгжүүлэх их чухал. Дээр дурдсан шиг амьдралд хэрэгтэй хуультай төрийн институц хэрэгтэй, түүнд шударга түшмэд байх ёстой. Түүнийг нь тал харахгүй, хүн ялгахгүй сонгон шалгаруулж хэвшихгүй бол хэцүү.
Дорнын номт гурван улсын нэг гэж нэрлэхэд боловсролтой, тэр дундаа хөтөлгөө морь мэт олон хэлтэй, номтой цэцэн мэргэд үнэ цэнтэй байсныг бид түүхээсээ мэднэ. Хүн бүрт ээлтэй, чанартай, үнэ төлбөргүй боловсрол, шинжлэх ухаанд эн тэргүүнд анхаарч, хөрөнгө оруулна. Олон хэлт хөтөлбөрийг дэмжинэ. Чанартай боловсролоос амьдралын чанар шууд хамаардаг.