• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    298   |  
65

Энэ удаагийн ярилцлагын дугаараар Япон улсын Киотогийн технологийн дээд сургуульд механик инженерээр суралцаж буй Отгонбаатарын Уугантогтохыг урьж оролцуулж гадаад хэл суралцсан арга барил, Японд 100 хувийн тэтгэлгээр суралцаж буй туршлагыг хуваалцлаа.

-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Суралцаж буй сургууль, хөтөлбөрийнхөө талаар танилцуулаач. Тэтгэлэгт хэрхэн бэлдэж, тэнцэж байв?
-Би Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн хүрээнд 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Японы шилдэг улсын сургуулиудын нэг болох  Киотогийн Технологийн дээд сургуульд суралцаж байна. Намайг өргөдлөө гаргаж байх үед тус тэтгэлгийн материалыг элсэлтийн ерөнхий шалгалтаас 2, 3 сарын өмнө хүлээн авч байсан ба би материалаа илгээж эхний шатны шалгаруулалтад тэнцсэн. Дараагийн шалгуурын хувьд элсэлтийн ерөнхий шалгалтад Математик, Физик, Хими гэсэн хичээлүүд дээр 680-с дээш оноог авсан байх шаардлагатай байсан. Миний хувьд тус бүрд нь 750-с дээш оноог авч чадсан. Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн нэг онцлог нь 2,5 жил суралцах хугацаандаа Япон хэлийг академик түвшинд хэрэглэж чаддаг болох түвшинд хүрэх явдал юм. Япон хэлний хичээлийг өдөрт 2 цагаар долоо хоногт 10 цаг судлах ба Японы их, дээд сургуулийн консорциумоос профессор багш нар ирж мэргэжлийн хичээлийг Япон хэл дээр заана. Тэр ч утгаараа ШУТИС-д суралцах 2 жил гаруйн хугацаанд Япон хэлийг сурсан. Монголд суралцсан хэлний мэдлэгээрээ Японд ирээд шууд их сургуульдаа үргэлжлүүлэн суралцах байсан учир хэлээ маш хичээж сурсан. 

-Яагаад Японыг сонгосон бэ?
-Япон орныг гайхалтай орон гэж боддог. Техник технологийн хөгжил төдийгүй хүмүүсийн амьдралын чанар, насжилтаар дэлхийд тэргүүлэгч үндэстэн. Японы дээд боловсролын тогтолцооны чанар маш өндөр төдийгүй технологи болон судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор багтдаг. Механик инженер чиглэлээр суралцах хүсэлтэй байсан болохоор  техник технологи өндөр хөгжсөн тус улс миний хамгийн эхний сонголт байсан. Мөн Япон хүмүүс дэг журам, хариуцлага өндөртэй. Тэр ч утгаараа, Япон хүмүүстэй хамт суралцаж, ажиллаж, тэдний дунд хэсэг хугацаанд амьдарвал сонирхолтой байх юм болов уу гэж бодсон.

-Японд очихоосоо өмнө Монголдоо Япон сурсан гэлээ.  Ингэхэд хэл сурсан туршлагаасаа хуваалцвал?
-Гадаад хэлийг аль болох хичээл гэж үзэх биш өөрт сонирхолтой, хөгжилтэй байдлаар дурлаж сурах нь илүү үр дүнтэй байдаг.  Тухайлбал, япон ханзыг цээжлэхдээ зургаар төсөөлж цээжилбэл амархан сурна. 

Тухайн сурч буй хэл дээрээ ном унших нь маш өндөр ач холбогдолтой, үр өгөөжтэй байдаг. Миний хувьд баримталдаг бол зарчим бол өдөр бүр тухайн хэлийг хэрэглэх буюу нийтлэл унших, кино үзэх, мэдээ, подкаст сонсох, нийгмийн сүлжээнд үзэж харж байгаа бүхий л мэдээ мэдээллээ тухайн хэл дээрээс авах зэргээр байнга ашиглахыг хичээж байсан.

Бас шинэ хэл сурах нь нялх хүүхэд хэлд орохтой ижил. Хэр их мэдээллийг тэр хэл дээрээ хүлээж авна, тэр хэрээр тухайн хэлийг өөрийн болгоно гэж сонсож байсан учраас тухайн хэл дээр маш их мэдээлэл авахыг хичээдэг байсан.

-Япон сургуулиудын соёл, сургалтын арга барил хэв маягийн хувьд танд юу хамгийн их таалагдсан бэ?
-Сургуулийн орчны хувьд гэвэл оюутнууддаа суралцах таатай орчин, нөхцөлийг  бүрэн дүүрэн бүрдүүлж чаддаг юм билээ. Тухайлбал, ковид-ын үед өдөр бүр ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийдэг, зай барьж суух дүрмийг чанд баримталдаг.

Монголд онолын мэдлэгийг түлхүү эзэмшдэг бол Япон сургууль практик түвшинд түлхүү сургадаг нь анзаарагдсан. Тухайлбал,  машин бүтээе гэж бодъё. Монголын хувьд энэхүү машиныг бүтээхэд шаардлагатай зүйл юу байна, ямар аргаар бүтээх вэ гэсэн зураг төслийг цаасан дээр буулгахад маш их цаг хугацаа, нөөцөө зарцуулдаг бол Японы хувьд нөгөө цаасан дээр буулгасан төсөөллөө бодитоор бүтээж хэрэгжүүлэх боломжийг олгохыг чухалчилж, нөхцөлийг бүрдүүлдэг.

Монгол сургуульд  багшаас авах  оноо 60, шалгатын оноо 40 байдаг. Уг оноог багш нар тухайн оюутныг хичээлд нь суулгачих юмсан, нэг ч гэсэн зүйл ойлгуулчих гэсэн багшийн хүчин чармайлт юм байна гэж харсан. Харин Япон сургуульд оюутан багшаас  20 оноог  л авдаг. Улирлын шалгалт нь 80 оноо байдаг. Суралцагч юу чадаж байна, юу чадахгүй байна гэдгийг улирлын шалгалт харуулдаг гэж Япончууд үздэг. Энд бол оюутнуудаас маш их хүчин чармайлт гаргаж, өөрийгөө тултал дайчилдаг. Багш бол хэнтэй ч жиш харьцахгүй, зөвхөн лекц ороод л гарна. Оюутнууд ойлгосон эсвэл ойлгоогүй байх нь багшид хамааралгүй, гэхдээ оюутан түүнийг ойлгосон л байх ёстой, ойлгоогүй бол бие дааж судалж, суралцахаар өөр арга байхгүй.

-Япон оюутнуудын хандлага, суралцах арга барилын онцлогоос анзаарсан зүйл юу вэ? 
-Өөрт оногдсон ажлаа хамгийн сайнаараа хийх юм болов уу. Япон оюутнууд суралцаж байгаа сургууль, ажиллаж буй газартаа маш үнэнчээр, бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөдөг.  Тэд хэзээ ч хүний нүд хуурсан хагас дутуу юм хийдэггүй, бусдаас хуулж өөрийгөө болон багшийгаа хуурдаггүйн дээр хэн нэгний бүтээлийг  хэзээ ч эх сурвалжийг нь дурдахгүй ашигладаггүй.

Мөн тэд маш хариуцлагатай, хичээмтгий, хийх ёстой зүйлээ өөрийнхөө хэмжээнд 100 хувь хийдэг. Хэн ч тэднийг шахаж, шаардаагүй байхад дор бүрнээ өөрсдийн хийх зүйлээ хийж , өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээх учраас хамгийн сайнаараа хичээх ёстой гэсэн хандлагыг багаас нь суулгасан байдаг юм болов уу гэж харсан.

-Монголчуудын хувьд Япончуудаас юу суралцвал зохистой вэ?
-Япончуудын эелдэг зочломтгой, бусдыг хүндлэх соёл, дэг жаяг дэлхийд  гайхагддаг.  Мөн япон хүний хувьд  харилцааны ёс зүйн энгийн хэм хэмжээ болох цаг барих, хүнд төвөг удахгүй байх  гээд л манайханд суралцах зүйл маш их бий. Мөн Япончууд эрт дээр үеээс эхлээд өөрсдийгөө маш сахилга баттай, дэг журамтай, хариуцлагатай байлгаж ирсэн үндэстэн. Сахилга бат, ёс журамтай байвал бусад зүйлүүд нь бүтнэ гэж итгэдэг улс.

-Японд анх очоод танд тохиолдсон хөгжилтэй, сонирхолтой үйл явдал юу байсан бэ?
-Хөгжилтэй түүх зөндөө бий. Японд ирээд зоосон мөнгөө хаана, юунд хийж авч явах учраа олохгүй хөдлөх тоолонд зооснууд маань дуугарч нэг хэсэгтээ л шагшуурга шиг явдаг байлаа.

-Уугантогтохын өнөөдрийг хүртэл  мөрдөж ирсэн дадал эсвэл хандлага гэвэл юуг онцлох вэ?
-Хариуцлагатай байж бусдад болоод өөртөө өгсөн амлалтандаа эзэн нь байхыг хичээдэг. Өөрийнхөө зорилгоо эргэн тойрны хүмүүс, найзууддаа хэлчих хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж хэлчихсэн юм чинь тэр зүйлийнхээ ард нь гарах гээд хичээнэ шүү дээ. Тэгээд хичээж явахад нэг л мэдэхэд ард нь гарчихсан байдаг. “Зорилгынхоо эзэн байж чадах нь зорилгодоо хүрэхийн үндэс” гэж боддог.

Би хувьдаа хэт нарийн төлөвлөгөө гаргаж өөрийгөө хүчлэх, шахахаас зайлсхийдэг. Учир нь төлөвлөгөөндөө хүлэгдээд өөрийгөө хүчлэх нь тухайн хүн өөрөө өөрийгөө хайрцаглаж, илүү том боломжийг олж хараагүй байгаагаас ялгаагүй гэж боддог.

Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд төлөвлөгөө  гаргаж ажилладаг.

Мөрөөдлийнхөө талаар төсөөлж, бодох үед надад маш их аз жаргал, урам зориг мэдрэгддэг. Учир нь мөрөөдлөө төсөөлөх үед яг одоо юу хийх ёстой маань маш тодорхой болж өгдөг.  

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал видео тоглоом тоглодог. Зүгээр ч нэг тоглохгүй, тоглонгоо тухайн тоглоом хэрхэн бүтсэн, хөгжүүлсэн буй платформ, функцийг нь судалж, видео тоглоом зохион бүтээвэл яаж илүү сонирхолтой болгох вэ гэдэг өнцгөөс нь хардаг.

Би нэг удаа Солонгосын  Итаэвон класс гэх киног үзэж байлаа. Уг киноноос урам зориг, өөртөө итгэх итгэлийг авч байсан юм. 

Нэгдүгээрт баг хамт олон хэрхэн бүрдүүлэх талаар. Багийнхан нь хичээн дутагдалтай байсан ч ахлагч нь бүгдийнх нь чадварыг нээж өгдөг, нээх  боломжийг нь бий болгодог гэх үү дээ. Багаа дундаас нь хаях биш хүн бүрийн чадварыг олж харж дэмжинэ гэдэг удирдагч хүний анхаарах ёстой хамгийн чухал зүйл. Тулгарч буй асуудал хичнээн том байлаа ч тэднийг дэмжих, “чаднаа” гэсэн урам зориг, итгэл өгч чадвал маш хүчирхэг багийг бүтээж болдгийг харсан. Амьдралд хүн алдаж онож болно. Алдаа таныг тодорхойлно гэсэн үг биш, алдаа  амьдрал дуусахгүйг маш сайн харуулж чадсан.

Зорилгодоо хүрэхийн тулд хүнд хүчир, хөнгөн аль нь ч бай бүх л зүйлсийг түүртэхгүй хийж үзэх  мөн гол нь тууштай байдал хамгийн чухал. Үнэхээр хүрэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө өөрийгөө тултал дайчилбал ямар гайхалтай зүйлийг бүтээж чаддагийг энэ бүтээл харуулсан.

-Гадаадад боловсрол эзэмшиж, мэдлэг чадвараа ахиулах хүсэл эрмэлзэлтэй залууст хандаж хамгийн чухал гэж боддог зөвлөгөөгөө хуваалцахгүй юу?
-Гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол тухайн улсдаа очихоосоо өмнө  хэлээ сайн сураад ирвэл асар их давуу тал болох ба маш том боломж хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Монголдоо хямд задралаар хэлээ сайн суралцах боломж маш их бий. Тухайлбал, Японд ирээд эмнэлэг, цагдаа гээд бүх л үйлчилгээний байгууллагууд япон хэлгүй бол нэвтрэлцэхэд хэцүү байдаг юм байна лээ. Тиймээс хэлээ л сайн сурч ирээрэй гэж захимаар байна. Мөн харилцааны ур чадвар сайжруулж, нээлттэй байх нь давуу талтай.

TAGS