• Lead the way ...
         
03
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 13)
69.23%
30.77%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    290   |  
0

Орчин үед “бүтээлч сэтгэлгээ” гэх үг ажлын тодорхойлолтод илүүтэй онцлох болсон. Компанийн хувь эзэмшигчдийн зөрчлийг намжаах, үйлчлүүлэгчдэд учирсан хүндрэлийг шийдэх, шинээр бараа бүтээгдэхүүн гаргах зэрэг янз бүрийн асуудалд шийдэл олох хэрэгтэй болдог. Гэвч өдөр бүр тасралтгүй бүтээлчээр сэтгэх тийм ч амар биш. Хэрэв бүтээлч сэтгэлгээ шавхагдвал яах вэ? Хэрхэн түүнийг бий болгох вэ? 

Сүүлийн үед эрэлттэй байгаа нэг арга бол “mindfulness” буюу бясалгал. “Google”, “Goldman Sachs”, “Medtronic” зэрэг олон топ компани ажилчдадаа бясалгалыг танин мэдүүлж эхэлжээ.

“Mindfulness” бясалгал бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлж, шинийг санаачлахад тусална. Тогтмол бясалгал хийх нь таны уян хатан чанарыг нэмэгдүүлж, стрессийг хөнгөлж, сэтгэл хөдлөлөө зохицуулж, саад бартааг даван туулахад сайнаар нөлөөлдөг. Бясалгал хийснээр “тулааны” сэтгэхүйг орхиж, бодож бясгалгаж тэнцвэртэй шийдвэр гаргах нөхцөлд шилждэг. 

“Mindfulness for Creativity” номын зохиолч Дэнни Пэнмэн “mindfulness” бясалгал нь асуудал шийдвэрлэх гурван гол чадварыг хөгжүүлдэг гэжээ. Нэгт, бясалгал нь олон талт сэтгэлгээг сэрээдэг. Өөрөөр хэлбэл бясалгал хийснээр олон шинэ санааг олно. Хоёрт, бясалгал анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, аливааг зөв эрэмбэлэх чадвартай болгодог. Гуравт, бясалгал нь эр зоригийг бадрааж сэтгэл гутралыг ялан дийлдэг байна.

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд 10-12 минут хангалттай. Бясалгал бүтээлч сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдгийг судлахаар Нидерланд улсын Роттердам хотын Эрасмус их сургуульд 129 оюутныг оролцуулсан туршилт хийжээ. Нийт 129 оюутанг гурван бүлэгт хуваан дрон ашиглан бизнес хийх санаанууд бодож олохыг даалгажээ.

Санаануудаа хэлэлцэхийн өмнө эхний бүлгийнхэн 10 минут “mindfulness” бясалгал хийв. Хоёр дахь бүлэг 10 минут бясалгал хийсэн ч буруу аргаар хийв. Харин гурав дахь бүлэг огт бясалгал хийлгүй шууд ажилдаа оржээ.

Гурван бүлэг бүгд бараг л ижил тооны санаа дэвшүүлэв. Гэвч бясалгал хийсэн нэгдүгээр бүлгийнхэн илүү өргөн хүрээний санаа олжээ. Харин буруу хийсэн болон огт хийгээгүй бүлгийн гишүүдийн бизнес санаа хамгийн багадаа хоёр төрөлд хуваагдаж байсан бол бясалгал хийсэн бүлгийнхний санаа дор хаяж дөрвөн төрөлд хуваагдаж байв. Мөн хоёр, гурав дахь бүлгийн хамгийн олон буюу 20 хувьд багтах гишүүдийн санал таван төрөлд хуваагдах санал гаргасан бол бясалгал хийсэн бүлгийнхний хамгийн олон нь есөн төрөлд хуваагдах санал гаргажээ.

Судлаачид дээрх эрс ялгаатай байдалд нөлөөлж болохуйц бусад хүчин зүйлсийг хасаж тооцсон ч бясалгал хийсэн бүлэг гарцаагүй нөгөө хоёр бүлгээсээ 22 хувиар илүү өргөн хүрээнд сэтгэж чадсаныг тогтоожээ. 

Мөн богино хугацаанд бясалгал хийх нь дасгал хөдөлгөөн хийхтэй адил хүмүүсийг илүү тайван, эерэг төлөвт оруулдгийг таньж мэдэв. Бясалгал хийснээр оролцогчдын ядралт 23 хувиар, сандрал 17 хувиар, уур уцаар 24 хувиар тус тус буурсныг олж мэджээ.  

Тэгэхээр шинэлэг санаа, оновчтой шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээг аяга кофе уух хугацаанд л олж чадна гэж үү? Тийм ээ, үнэн. Гол нь та өөрийн биеэр бясалгаад үзэх хэрэгтэй. ”Headspace”, “buddhify”, “Calm” зэрэг аппуудыг ашиглан доорх хэдхэн алхмыг дагаад хийгээрэй. 

  1. Бусад хүн танд саад болохгүй газрыг ол.
  2. Өөрт эвтэйхэн байрлалаар суугаад сэрүүлгээ тавь.
  3. Нүдээ зөөлхөн ань.
  4. Өөрөөсөө яг одоо юу мэдэрч байгаагаа асуу. Мэдрэмж, бодлуудаа ажигла.
  5. Анхаарлаа биедээ төвлөрүүлж нэг юм уу хоёр минут болоод газар хүрч буй биеийн хэсгүүдээ мэдэр.
  6. Анхаарлаа бүсэлхийрүүгээ шилжүүл. Амьсгалах тоолонд хэрхэн тэлж, агшиж байгаад төвлөр.
  7. Дахиад хэсэг хугацаанд амьсгалаа ажигла.
  8. Энэ үед таны бодол санаа өөрийн эрхгүй тэнүүчлэн холдоно.
  9. Хэрэв таны бодол санаа аль хэдийн алсарсан бол анхаарлаа буцаагаад амьсгалруугаа шилжүүл.
  10. Одоо бүхий л биедээ төвлөрөөд биеийн байдал, нүүрээ ажигла. Сэрүүлэг тань дуугарвал нүдээ нээгээд дуусга.
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ