• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
 

Уран бүтээлч Д.Дуулал:

Чөлөөт уран бүтээлч болохоос өмнө 30 нас хүртлээ би өөрийгөө олоогүй, “зүүнд хатгуулж” буй мэт мэдрэмжтэйгээр амьдарч байв. Харин зураг зурсан сүүлийн дөрвөн жил тэр зовиур алга болсон.

Би нягтлан мэргэжил эзэмшиж банканд ажиллаж байгаад Турк улс руу магистрт сурахаар явсан юм. Ажил хийдэг байсан үеийг бодоход багагүй чөлөөт цагтай болсон тул сонирхлоороо зургийн дугуйланд хичээллэж эхлэв. Өөрийгөө уран бүтээлч болно гэж огт төсөөлж байгаагүй, хобби төдий л зурдаг байв.

Төгсөж ирээд банкандаа ажиллана гэсэн бодолтой байлаа. Харин төрөөд, нэг жил хүүхдээ харах хугацаанд ахин зургийн дугуйланд явахаар шийдэж гэр бүлийнхэндээ хэлтэл, ээж маань намайг  зураач, профессор Л.Бумандорж багш дээр аваачсан. Багшийнхаа шавь болсон тэр мөчөөс би зураг зурахын төлөө төрсөн гэдгээ ойлгосон.

 
 

Уран бүтээлч хүн бусдад ойлгогдох амаргүй. Гэр бүлийн хүмүүс нь ойлгохгүй, дэмжихгүй байвал хэцүү. Зарим хүн намайг "Амьдралаа бод, талхаа ол" гэж хэлэхэд уйлж суусан өдрүүд бий. Гэхдээ нөхөр маань намайг бүхий л талаар үргэлж дэмжиж ирсэн болохоор би уран бүтээлч болох замд эргэлт буцалтгүй орсон.

Зураг зурж эхэлснээс хойш хүн амьдралаа шинээр эхлүүлэх, ямар нэгэн зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүйг ухаарсан. Амьдралдаа өөр олон өнгө будаг нэмж, сонирхолтой болгох боломж хүн бүрт бий.

 
 

Би зураг бүртээ нэр өгч хүмүүсийн мэдрэмжийг хайрцаглахыг хүсдэггүй. Уран бүтээл заавал нэг утга, философид зангидагдах албагүй. Зургаараа дамжуулж хүмүүст мэдрэмж өгч чадвал миний зорилго биелнэ.

Би гаргаж буй том жижиг бүх сонголт, хийж байгаа үйлдлүүд, мэдрэмжээ цэгтэй зүйрлэдэг. Тиймдээ ч миний уран бүтээлийн онцлог олон сая жижиг бөмблөгөн элементээс бүтдэг. Энэ элементүүд бие даасан, салангид мэт боловч өөр  хоорондоо маш нягт холбоотой. Нэг л цэг дутвал утгаа алдах юм шиг санагддаг. Амьдрал хэмээх эцэс төгсгөл нь үл мэдэгдэх хязгааргүй хэлбэр дүрс бүхий түмэн цэг дунд би жингүйднэ...

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ