• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0
Шивээсчин И.Бадрал

Би тавдугаар ангидаа нэг л сар дугуйланд явж байв. Багаасаа л зураг зурсан, бүр Тэрэлжид очоод байгалийн зураг зурна. Зурсан зургуудаа жуулчдад зардаг байв. Мөн хөрөг зурна.  Дүрслэх урлагтай холбоотой явсны эцэст шивээсчин болсон. Гэхдээ би багадаа шивээсэнд дургүй байв. Шоронгоос гарч ирсэн хүмүүс шивээс хийлгэдэг байсан учраас. Намайг зургаадугаар ангид байхад манай ангийн хүүхэд хөгжмийн мотороор шивээсний машин зохиогоод тэрийг нь туршиж үзээд сонирхож эхэлсэн. Мөн 2006 оноос эхлэн рок хөгжим сонсож, хожим зургийн авьяас дээрээ тулгуурлаад мэргэжлийн шивээсчин болсон.

Намайг рок хөгжим сонсоход аав маань их дургүйцнэ. Тийм болохоор би ааваасаа бүх зүйлээ нууна. Харин ээж намайг нэг, хоёрдугаар ангид байхад л үсийг минь өнгө өнгөөр будаж өгдөг байв. Үсчин хийж байгаад шивээсчин болоход ээж минь л намайг дэмжиж шивээсний машин авч өгсөн. Харин одоо аав ойлгож дэмждэг. Намайг дөнгөж эхэлж байхад шивээс  тийм ч түгээмэл урлаг биш байлаа. Хүнд гарууд л хийлгэдэг гэх ойлголт түгээмэл байсан. Тухайн үед одооных шиг гоё шивээс ч байсангүй. Эхээс төрсөн биеэ сэглэлээ гээд хөгшчүүл их дургүйцнэ. Одоо бол урлаг болтлоо хөгжсөн учраас хүмүүсийн хандлага ч өөрчлөгджээ. Энэ бол нийгэм цаг үеийн чиг хандлага, залуучуудын хүсэл, сонголтын илэрхийлэл шүү дээ.

Шивээсчин И.Бадрал

Миний хувьд шивээс өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл, арьсан дээрх амьд урлаг. 

Хүний арьсан дээр өвтгөж хийж байгаа болохоор бусад гар урлаг, уран зургаас ялгаатай, маш хүнд ажил. Магадгүй хүний өвдөлтийн мэдрэмж, тухайн энерги шивээсчинд үлддэг болохоор ч тэр биз. Би 2009 онд 25-р эмийн санд үсчин хийдэг байлаа. Үсчнийхээ газар шивээс хийхээр шийдээд хаягаа хадаж байтал анхны үйлчлүүлэгч маань орж ирээд зургаан мянган төгрөгөөр жижигхэн шивээс хийж өгч байлаа. Азийн шивээсчдийн тэмцээнд өнгөрсөн жилээс оролцож эхлэн өнгөт шивээсний төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн. Шивээсээ АНУ, БНСУ, БНХАУ зэрэг улсаар явж хийдэг. Хүмүүс надаар ихэвчлэн өнгөт, хөрөг, реалист шивээс хийлгэдэг.

Шивээсчин И.Бадрал гэргийн хамт

Муу үйлдэлтэй, “эвдэрсэн” хүмүүс л нүүр амаа цоолж, шивээс хийлгэдэг гэж ихэнх хүмүүс боддог. Манай найзууд ихэнх нь л рок хөгжим сонсоно, шивээс, piercing сонирхдог. Тэглээ гээд муу яваа хүн нэг ч алга. Бүгд л хүүхдүүдийнхээ сайн аав, эхнэрийнхээ халамжит хань. Амьдралаа сайн авч яваа залуус. 

Хүнийг гаднаас нь хараад  дүгнэх дэндүү өрөөсгөл. Жишээ нь би хүмүүстэй адилхан сорокчон цамц өмсөх гэхээр өөрт таалагдахгүй байхад яагаад би бусдад таалагдахын тулд өөрийн дургүй зүйлээ хийх ёстой гэж? 

Хэдэн жилийн өмнө би үргэлж л  “би, би” гэдэг нэгэн байв. Харин гадаад дотоод явж жоохон юм үзээд би гэх үзлээ дарж, хүмүүсийн үзэл бодлыг сонсож сурсан. Би эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. 

“Mongolian choppers” мото клубийн гишүүн. Мотоцикл сонирхоод зургаан жил болж байна. Хурдлах дуртай, хөгжимд маш дуртай. 

Айдсыг сөрж хурдлахад биеэс адреналин ялгарах нь үнэхээр тасархай. Дуртай дуу явж байвал, хаана ч хамаагүй бүжиглэж чаддаг. Амьдрал бол бидэнд оногдсон өчүүхэн цаг хугацаа биз дээ.

 Хүн, хүнд өөр л байх. Зарим хүнд ямар ч үнэ цэнэгүй байхад өөр нэгэнд нь боломж. Би өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж боддог. Дуртай ажлаа хийгээд, хүмүүст баригдалгүй өөрийнхөөрөө амьдрах жаргал.

Олон улсад гарсан Монгол шивээсчин байдаггүй. Тиймээс би монгол шивээсийг дэлхийг хөгжүүлэх сонирхолтой.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ