• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0

Би багаасаа дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг байв. Тэр мөрөөдөлдөө ч хүрсэн. Гэхдээ урлагийн амьдралаа орхиогүй. Хүн ер нь амьдралдаа тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэх ёстой юм билээ. Одоо бол хувийн амьдралаа босгох, нийгэмд өөрийн мөрөөдсөн зүйлээ цогцлооход түлхүү анхаарч байна.

Би хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлсэн. Намайг эцэг эх минь эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч нэгэн болгож төлөвшүүлсэн. Надад үргэлж итгэл хүлээлгэдэг байсан болохоор тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээж, зорьсон зүйлээ зоригтойгоор хийж ирсэн. 

Хүн болгон уншиж мэдээд, бусдын алдаанаас суралцдаг байсан бол  дэлхий ертөнцөд төгс хүмүүс амьдрах байлаа. Харамсалтай нь дийлэнх хүн бие махбод сэтгэлээрээ туулж байж зарим зүйлийг мэдэрч, ойлгодог. Би өөрийнхөө л амьдралаа олон нийтийн сүлжээнд дэлгэж байна шүү дээ. Дэлгээд байх ч юу байх вэ, тухайн цаг үед миний амьдралд юу тохиолдож байна, сэтгэл санаа минь ямар байгааг нуулгүй илэрхийлдэг. Тэглээ гээд гэр бүлийнхээ бусад гишүүдийн амьдралд нөлөөлөөд, тэдний амьдралыг дэлгэдэггүй. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийх ёстой гэж үздэг бөгөөд энэ нь хэн нэгний үзэл бодлоор хязгаарлагдах учиргүй гэж боддог. 

Гэр бүл, үр  хүүхэдтэй болсон ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрах хэрэгтэй.

Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо сайхантай. Ялангуяа ээж болсон эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг. Харин өөрийн гоо үзэсгэлэнгээ анзаарахгүй байх, хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрладаг зан бол дийлэнх эмэгтэйчүүдийн хамгийн том сул тал. Гэр бүл, үр хүүхэдтэй болсон ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд хүүхдийнхээ төлөө бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч чаддаг. Аль алийг нь тэнцүүлэхийг чухалчилдаг. 

Хийж бүтээж буй бүхэн маань хүүхдээ сайн сайхан амьдруулахын төлөө болохоор хүүгээсээ маш их урам зориг авдаг. Хүүхэдтэйгээ маш сайн ойлголцох гол арга бол тэдэнтэй илүү нээлттэй, нухацтай ярилцах  гэж би хувьдаа боддог. Би хүүхэдтэйгээ бүхий л асуудлаар маш сайн ярилцдаг.

Гэхдээ яагаад эмэгтэйчүүд гэхээр хүүхдээ авч үлдээд муу нэр зүүгээд чимээгүй шаналж үлдэх ёстой гэж? Ирээдүйд хагас гэр бүл цөөн байгаасай, хүүхэд болгон ээж аавынхаа хайранд өсөөсэй, эрчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэсэндээ өөрийнхөө болон хүүгийнхээ амьдралаар дэнчин тавьж энэ асуудлыг ил болгосон. Хамтын амьдрал босгохгүй юмаа гэхэд хамтын хариуцлагаа үүрдэг, ухамсарт иргэд бий болж байвал миний зорилго биелэх нь тэр.

Үнэндээ гэнэн зан тэнэгийн дүү юм байна гэдгийг би сүүлийн үед ойлгоод байна.

Миний дутагдал бол аливаад чин сэтгэлээсээ, нэг зүйлийг заавал ийм байлгана гэж зүтгэдэг явдал. Энэ нь намайг асуудалд оруулж, хүссэн бүхэн санаснаар болохгүй байхын хэрээр би их ядардаг. Бас үгүй гэж хэлж чадаггүй учраас хэлсэн зүйлдээ дараа нь ороогдоно. Энэ мэт давуу тал болгож болох сул тал надад бий. Өөр нэг сул тал бол хэтэрхий итгэмтгий, гэнэн.

Бид ямар угсаа залгамжлагч, хааны удмын хүмүүс биш. Маш энгийн байх дуртай.

Заримдаа хүнд амралт бас хааяа галзуурал хэрэгтэй. Үргэлж хатуу тогтоосон дүрэм журам, зарчмын дагуу амьдрах боломжгүй. Тулгамдсан асуудал байдаг ч гэлээ хэсэг зуур амсхийх дуртай. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж бас хааяа назгайрах үе байна. Бид ямар угсаа залгамжлагч, хааны удмын хүмүүс биш. Зүгээр л энгийн байх дуртай. Нам гүм орчинд уншъя гэж бодсон номоо дуусгах, хангалттай унтаж амрах, эрүүл агаарт гараад хэдхэн цаг болоход их сайхан амардаг. Амраад байгаагаа ч мэдэхгүй, мэдрээд байгаагаа ч мэдэхгүй тийм хүмүүс бий. Би бол амаръя гэж бодвол үнэхээр сайн амарч чаддаг. Гэхдээ аливаа хийж байгаа зүйлээс сайн сайхныг олж мэдрэх, түүндээ талархах чадвар их чухал юм шиг ээ.

“Миний гэхээс илүүтэй манай, бидний гэх үзлийг эмэгтэйчүүдэд түгээхийг хүсдэг”.

Өнөөдрийг хүртэл би олон зүйлийг гэр бүл, хамт олныхоо хүчинд нугалж ирсэн. Эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө төлөө, нийгмийнхээ төлөө нэгдэж чаддаг байгаасай гэж боддог.

Аливаа зүйл хамтын хүчээр бүтдэг болохоор монгол хүний халуун сэтгэл, буцлам эрч хүч, дайчин чанарыг зөв зүйлд ашиглах юмсан гэж боддог.

Миний мөрөөдөл бол цоо шинэ бахархам нийгмийн суурийг бий болгоход гар бие оролцох. Хайртай бүхэн минь намайг урлагийн хүн, уран бүтээл туурвидаг байсан гэж дурсах л байх. Гэхдээ үүнээс илүүтэйгээр бахархам түүх бүтээсэн, нийгмийн амьдралд эерэг өөрчлөлт авчирсан эмэгтэйгээр дурсагдаасай гэж боддог.

Эмэгтэй хүн ихэнхдээ өөрийн зорилго, хүсэл мөрөөдлөө амьдралын нугачаанд гээчихдэг. Яг үнэндээ өөрийгөө гээж байгаагаас ялгаагүй шүү дээ.

Хүн гэр бүлтэй үр хүүхэдтэй болж цаг зав, энергиэ тэдэндээ зарцуулж болно. Гэхдээ энэ дунд өөрийгөө, өөрийн хүсэл мөрөөдлөө битгий гээгээрэй гэж хэлмээр байна. Учир нь бидний хүсэл мөрөөдлийн төлөө ээж аав маань өөрсдийн амьдрал, залуу насаа зориулдаг. Энэ амьдралд хөл алдахгүй амьдарч явбал эцэг эхийнхээ ачийг хариулсанд бас тооцдог шүү дээ. Мэдээж хүсэл мөрөөдөл нэг өдөр биелэхгүй учраас удаан хугацааны турш уйгагүй, алхам алхмаар урагшлаарай.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ