• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    94   |  
0
 

"B&B fashion" брэндийг үүсгэн байгуулагч А.Батзул

Нөхөртэйгөө дөнгөж танилцаж байхад гутал, цүнхээ өөрөө оёсон гэхэд  нь ээжээрээ оёулчхаад худлаа ярьж байна гэж бодсон юм. Үүний дараа тэр маань  шинэ жилийн даашинзыг оёж өгнө гэв. Би ч загвараа өглөө. Үдэшлэгийн урд өдөр гэрт нь очтол даашинзаа оёогүй байв. Гэтэл материалаа газар дэлгээд намайг хэвт гэлээ. 

Ингэж хэмжээ авахыг хадам ээж маань харчхаад “Хэвтүүлж эсгүүр авахыг хэнээс сурдаг байнаа” гээд шоолж билээ. Хамгийн гайхалтай нь төд удалгүй яг л хүссэн даашинзаа би өмсөөд зогсож байсан юмдаг. 

Би арван жилээ төгсөөд “Дизайнер болно” гэхэд ээж маань “Чи оёдолчин болох гээ юу? Ирээдүйгээ бод” гэхэд нь өөр мэргэжил сонгож байлаа. Харин нөхөр минь надад хүссэн даашинзыг хормын дотор урлаж өгсөн мөчөөс хойш бид хоёрын хүсэл мөрөөдөл нэг цэг дээр огтлолцсон юм даа.

 
 

Анх хамаатнаасаа нэг сая төгрөг зээлэн  хоёр оёдлын машин, материал худалдан авч бизнесээ эхлүүлээд сарын хугацаанд зээлээ төлсөн.

Манай нөхрийн супер чадвар нь маш хурдтай. Нэг хувцасны эсгүүр гаргаж оёход ердөө л 30 минут зарцуулдаг. Би загвараа гаргаад, нөхөр шөнө болтол оёод, маргааш нь хоёулаа хөтлөлцөөд хүргэлтээ хийнэ. 

Бид хоёр анх хүргэлтээ хийгээд алхаж явахдаа машинтай болохсон гэж мөрөөддөг байв. Одоо харин машиндаа түгжрээд явж байхдаа хэдийн дэлхийн томоохон брэнд болчихсон хэвлэлд ярилцлага өгч байна гэж мөрөөддөг.

 
 

"B&B fashion" брэндийг үүсгэн байгуулагч Г.Батболд

Манай өндөр эмээ, эмээ, ээж бүгд гарын уртай. Гэхдээ оёж шидэх нь өвлөгддөг  авьяас бус сайтар эзэмшсэн ур чадвар, арга барил гэж боддог. Би багаасаа л ээжийнхээ хувцас оёхыг харж өссөн. 15 настайгаасаа гутал хувцсаа оёод өмсчихдөг байлаа. Тиймээс надад хамгийн ойр ажил бол хувцас урлах. Өмнө нь оёдлын чиглэлээр хоёр ч удаа бизнес хийж үзсэн ч амжилт олоогүй. 

 
 

Харин эхнэртэйгээ танилцаад хувцасны загвар зохион бүтээж, өмсөх хүсэлтэйг нь сонсоод даашинз оёж өгсөн. Түүнд их таалагдсан болохоор урамшиж эргээд оёдлын салбарт орсон. Хайртайгаа учраагүй байсан бол урсгалаараа л явах байлаа. Бид хоёр өөрсдийн хувцасны ихэнхийг хийгээд өмсчихдөг болохоор нэлээд хэмнэлттэй амьдардаг. 

 
 

Ер нь хүн тэвчээр, зоригтой байх нь чухал. Учир нь бизнес бодсон шиг хурдан өсдөггүй тул том хүлээлт хэрэггүй. Бид байнга шинэ загвар  туршихад их материал үрдэг. Өдөрт 30-40 мянган төгрөгийн материал үрчихээд суух үе энүүхэнд. Бид хоёр хоёулаа хувцас загварын салбараас хол ч дуртай зүйлээ олсон болохоор ур чадварт суралцаж явна даа.

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ