A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |
|
Би өсвөр насаа Польшид өнгөрүүлсэн юм. Тэнд очоод миний үзсэн анхны кино болох "Салхиар туугдагсад"-ын гол дүрийн баатар Скарлет “Би энэ талаар одоо бодохгүй ээ, цаг нь болохоор бодно” гэж хэлэх дуртай. Би энэ үгийг өнөөдрийг хүртэл амьдралдаа зарчим болгохыг хичээж ирсэн. Багаасаа л бусдаас өвөрмөц хувцаслах, онцгойрох дуртай хүүхэд байв.
Ногоон нүдтэй болохоор “Ногоон Ундармаа” гэж шоолоход нүдээ хар болгох юмсан гэж их бодно. Чих, хамар, хэлээ цоолно. Монголд анхны өнгөт шивээсийг Оросод оюутан байхдаа хийлгэж байв. Аав маань гавьяат нисгэгч, коммунист үзэлтэй хүн байсан болохоор этгээд байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй тул дунд ангидаа нууцаар төмөр ээмгээр чихээ хоёр, гурав цоолж байлаа. Чих идээлж хавдчихсан байсныг ээж харчхаад “Хүүе наад чихээ!” гээд бариад автал цус нь урсчихдаг юм даа.
Гэсэн ч би онцгой харагдахын тулд хаширдаггүй нэгэн байв. Дунд сургуульд байхад ангийн хүүхдүүдийн ээж аав нар хүүхдүүдээ сургуульд хүргэж өгдөг байхад, аав “өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц” хэмээн намайг ганцаараа яв гэдэг байв. Би дүүгээ цэцэрлэгээс нь аваад автобусаар харьдаг байлаа. Хүргэж өгөхөөр бол сургуульд биш хэдэн байрны наана буулгана.
Наймдугаар ангидаа 250 төгрөгөөр аав, таалагдсан гутлаа ээжээрээ авахуултал үеийн охидын дийлэнх нь тийм гутал өмсдөг юм даа. Би тэгэхээр нь түрийг нь тайраад, тайрсан хэсгээрээ бантик хийгээд, хажуу талд нь оёчихож билээ. Аавынхаа өмдийг доороос нь хасаад, хромон гутал авахуулаад, гутлан дотроо өмдөө чихэж гангардаг охин байлаа.
Миний туулсан амьдрал тийм ч дардан байсангүй. Залуудаа загвар өмсдөг байхдаа осолд орж хоёр хөлөө тайруулж, нөхөр маань ихэр охидтой минь орхиод явсан. Би осолд орсны дараа сэтгэлээр унаж, архи уудаг байснаа нуухгүй ээ.
Хөөрхий аав, ээж хоёр маань намайг хориглож чаддаггүй байсан. Төрсөн өдрөөр минь ширээ засаж өгөөд, найзуудыг маань урьчхаад яваад өгнө. Тэднийхээ өгсөн хүмүүжил, суулгасан сэтгэлийн хатаар би өдий зэрэгтэй амьдарч байна. Ээж минь "Миний охин юу ч тохиолдсон үргэлж инээж бай" гэж захидаг.
Инээмсэглэл ямар гайхамшигтай зүйл болохыг сүүлд л ойлгосон юм. Та ч бас гудамжаар явж байхдаа туршаад үзээрэй.
Би одоогийнхоо нөхөртэйгөө ханилаад гурван жил болж байна. Бид энэ хугацаанд ам муруйсан нь цөөн, биесээ хүндэлнэ, хамтдаа гэр орноо цэвэрлэнэ, охинд маань ч өөрийн охин шиг ханддаг. Би түүндээ "Чи бол миний бурхны бэлэг" гэж үргэлж хэлдэг. Арван хуруу тэгш хүн гэж байхгүйг үргэлж санаж явбал бусдаас сэтгэл хүлээхгүй, гомдохгүй. Тиймээс би үргэлж хүмүүсээс сайныг нь харахыг хичээдэг.
Манай гэр бүлийнхэнд ч надад таалагдахгүй зан бий. Тэд миний үгээр байх, надад тааруулж амьдрах албагүй учраас тэр болгонд би хэлээ хазаад өнгөрөөдөг.
Би 50, 60 хүрчхээд өвчин зовлон тоочихыг хүсдэггүй. Тиймээс гэр бүлийнхнийгээ зовоохгүйн тулд биедээ анхаарч фитнест явж, өдөрт 30 минут гүйдэг. Мэдээж хиймэл хөлтэй учраас дасгал өвдөнө, гэсэн ч би шантардаггүй. Таргалчихвал хиймэл хөлтэй учраас өөрөө зовно. Хөл муутай гээд өөрийгөө бөөцийлөөд хэвтээд байж болохгүй тул хөдөлгөөнтэй байхын тулд энэ байрыг авахдаа ч зориуд лифтгүйг сонгосон.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх хэрэггүй. Тэд хувьдаа ямар нэгэн зовлон туулчихсан учраас, хат суусан л байж таарна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг үнэлж, зам тавьж өгч, хаалгыг нь онгойлгож өгч байгаарай.
Миний хоёр хиймэл хөл булчинтай байсан юм. Өмсөөд явахаар хүмүүст эрүүл хүнээс ялгарахгүй харагддаг тул зам тавьж өгөлгүй түлхэх тохиолдол мэр сэр гарна. Тиймээс саяхнаас булчингаа аваад төмөр протезон хөл дээрээ явдаг болов. Хүүхдүүд "Таны хөл яачихсан юм, зарим нь та робот шиг гоё юмаа" гэдэг. “Эгч нь машинд дайруулчихсан юм, та нар машины урдуур битгий гүйгээрэй, гарцаар гарч байгаарай” гэж хэлнэ.
Тэд ийм хүмүүс бидний дунд амьдардаг гэдгийг хараг л дээ. Анхаарал болгоомж дутвал осолд орж ингэж гэмтэж болдгийг ойлгож аваг.
Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж ажиллаж, дүүрэгтээ тэдний чөлөөтэй зорчих, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд гар бие оролцмоор байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|