• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0
 
 
 

ШАТРЫН ИХ МАСТЕР Б.ГҮНДАВАА:

Би багадаа үлэг гүрвэлд их дуртай хүүхэд байв. “Ааваа би юу хийвэл Улаанбаатарт очиж үлэг гүрвэлийн музей үзэх вэ? гэж асууна. “Шатраа сайн тоглоод тэмцээнд оролцохоор хот явбал үзнэ” гэж аав хариулна. Таван настай бяцхан жаал үлэг гүрвэлийн яс үзэх хүсэлдээ хөтлөгдөн анх ааваараа шатар заалгаж байлаа. Төд удалгүй манай аймагт Улаанбаатараас шатрын мундаг багш ирсэн сургаар очиж шатар заалгав. Сайн багшийн ачаар хурдан хугацаанд өөрийн авьяасаа нээж чадсан. Өвөрхангай аймаг өдгөө шатрын өндөр хөгжилтэй аймгуудын тоонд зүй ёсоор ордог. Тэр суурийг тавьсан хүн бол яах аргагүй багш минь.

Наймдугаар анги хүртлээ аймагтаа сурч байгаад, аав, ээжээсээ зөрөн байж багшийгаа даган хотод ирсэн. Тэгээд нэгдүгээр хорооллын арын дэнжид байрлах нагац эгчийндээ амьдардаг байв. Хүнээс гуйх дургүй хүүхэд унааны мөнгөгүй тул, гурван сарын хугацаанд хаашаа ч явган явна. Хичээлээ тараад Сансарт байдаг дугуйлан руугаа алхана. Ийнхүү би өнөөдрийг хүртэл туулсан амьдралынхаа 25 жилийг шатарт зориулсан.  

Шатар хүний амьдралын нэг хэсэг байж болно. Гэхдээ бүхий л амьдрал нь байж чадахгүй.

Шатрын талбарт гаргасан амжилт минь  гэвэл Монголын шатрын эрэгтэй дөрвөн их мастерийн нэг нь болж нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, шатрыг мэргэжлийн түвшинд хүүхдүүдэд эзэмшүүлэх боломжийг өгсөн. “Шатар хүний амьдралын нэг хэсэг байж болно. Гэхдээ бүхий л амьдрал байж чадахгүй” гэж мундаг шатарчин хэлсэн байдаг. Харин амьдралдаа гаргасан хамгийн том амжилт бол гэр бүл минь юм. Хэдийгээр шатар миний ажил, карьер бүх зүйл байж болох ч гэр бүл, хүүхдүүд, эрүүл мэнд түүнээс ч чухал гэдгийг би маш сайн ойлгож эхлээд байна. Амжилтын минь ард гэр бүл минь, дасгалжуулагч Х.Сүрэндорж багш,  Өвөрхангай аймгийн харьяат УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ах, үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат багш, Шунхлай групп үргэлж байсан.

 
 

Шатрын спортын өгөөж нь хүн аливааг нухацтай эргэцүүлэхэд сургадаг.

Манайхан ээж аавынхаа үгээр, томоотой хүүхдүүдийг их сайн хүүхэд гэдэг. Би үүний эсрэг байр суурьтай. Тийм хүүхэд нийгмийн харилцаанд ороод ирэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар султай, өөртөө итгэлгүй нэгэн болох талтай. Би шатрын спортод их дуртай хүүхэд байсан учраас өргийн ард тэвчээртэй сууж тоглодог байсан. Тоглолтоос гадуур бол маш дүрсгүй хүүхэд байв.

“Шатар бол амьдралын жижиг хувилбар” хэмээн тодорхойлогддог. Бид жижигхэн амьдралын талбарт нүүсээр байгаад аливааг үргэлж нухацтай эргэцүүлдэг болчихдог. Тиймдээ ч энэ спорт хүмүүсийн гэнэн зан, сэтгэл хөдлөлийг дардаг.

Шатарчид амьдралын жижиг талбар дээр үргэлж өөрийгөө дасгалжуулсаар байгаад юмны зүй тогтол, шалтгааныг олох, шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөө дарж, эрүүл ухаанаар эргэцүүлэх, асуудалд ул суурьтай хандах чадварт өөрийн эрхгүй суралцдаг.

Энэ спортод нөхцөл байдлыг бодитой харж чадсан нь зөв нүүж хождог.

Жишээ нь хэрэв та хожлын байрлалд байвал хоёр дахин нямбай байх ёстой. Хожих нь тодорхой болчихлоо гэж бодож байтал ганцхан нүүдлийг дотор маданд орж, эсрэгээрээ эргэх нь бий. Шатраар олон жил хичээллээд ирэхээр хүн аяндаа сэрэмжтэй болдог. Сэрэмжтэй болсны дараа ямар ч байрлалд алдаа мадаггүй хожиж сурдаг. Тэгэхээр шатарчид энэ чадварыг амьдрал дээр хэрэгжүүлдэг гэсэн судалгааг миний багш хийж байсан.

Үүний адил амьдралын баяр жаргалтай мөчүүдэд хүн илүү сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн хүн хамгийн доод хязгаарт байсан ч нөхцөл байдлаа бодитоор мэдэрч, түүнийгээ даван туулж  чадсан хүмүүс эргээд энэ ангал руу унадаггүй. Шатраас хоёрхон зүйлийг амьдралд жишихэд ийм л байна.  

Миний шатраас сурсан зүйл гэвэл сэтгэл хөдлөлөөр нүүсэн нүүдэл, гаргасан шийдвэр үргэлж алдаатай байх магадлал өндөр. Тиймдээ ч шатарчид аливаа шийдвэрийг гаргахдаа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөлгүй сайтар тунгаадаг.

Амьдрал тэнцвэр дээр тогтдогийг  шатар надад ойлгуулсан

2013 онд бие маань маш хүндээр өвдөж, мэдрэлийн гүн ядаргаанд орж байлаа. Энэ нь надад яг л ангал руу унасан мэт  цохилт болсон. Үүнийг дотны хүмүүсийнхээ ачаар даван туулсан.

Оюуны спортоор хичээллэдэг хүмүүсийг гаднаас нь харахад тайван дөлгөөн мэт харагддаг ч асар их оюуны ачаалалтай байдаг.

Тиймээс ачааллыг хэт хүндрүүлэхгүй, биеийн ачааллаар тэнцвэржүүлэх нь чухал гэдгийг ойлгосон.  

Шатрын спорт нь түүхээрээ, нэр хүндээрээ, гишүүнчлэлээрээ спортын төрлүүдээс гуравт ордог. Монголын шатрын спортод тулгамдаад буй нэг асуудал  нь хүүхдүүд 12 хүртэлх насандаа шатар сайн тоглодог. Түүнээс дээш болохоор мэргэжлийн сургалт, хөтөлбөр, тэдэнд чиглэсэн бодлого дутдаг учраас дэлхийн хэмжээнд төдийлөн амжилттай байж чаддаггүй. Монголын шатарчдыг дэлхийн түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахаар саяхнаас “Гэгээн-Арвай” мэргэжлийн шатрын клубээ байгуулан ажиллаж байна.

Мэргэн ухаан саарал байдаг

Мэргэн ухаан саарал байдаг гэх афоризмд би их дуртай. Өнгөөр авч үзвэл дундаж өнгө саарал шүү дээ. Түүн шиг аливааг хар цагаан гэж хэт туйлшралгүй тэнцвэртэй байхыг хичээдэг. Өнөөдөр бид мэдээллээр халгисан нийгэмд амьдарч байна. Тиймдээ ч өөрийн сэрэхүй болон ухамсар, үнэт зүйлийг хадгалж үлдэхэд чухал санагддаг.

Шатар өөрөө цогц спорт. Цогц гэдгийн учир нь урлаг, шинжлэх ухаан, спортыг хослуулсан төрөл учраас математик тооцооллоос гадна уян хатан байдал, мэдрэмж шаарддаг.

Миний хувьд шатрыг их мастерийн хэмжээнд тоглож байж сайн тоглогч болно гэж боддоггүй. Өөрийнхөө хэмжээнд цаг завандаа тохируулж, түүнээс урам, таашаал авч л байвал аль ч түвшинд тоглосон шатраас хүсэж буй зүйлээ авах боломжтой.

20,30 нүүдлийг харж тоглодог бол мундаг, хоёр нүүдлийг харж тоглодог бол муу гэсэн ойлголт байдаггүй. Шатраар хичээллэдэг дэлхийн тэрбум орчим хүний хамгийн мундаг нь гэгддэг Норвегийн их мастер Магнус Карлсон “би 3-4 нүүдлийг л харж тоглодог” гэдэг.

Өөрийгөө эрт эсвэл хожуу нээх нь хүн болгоны хувьд ялгаатай

Би аль зургаан настайдаа амьдралаа сонгочихсон учраас бусдын жишгээр 17, 18 нас хүрээд их сургуульд сурах замыг сонгоогүй. Тиймдээ ч их сургуулийн хоёрдугаар курсээс өөрийн дуртай, чаддаг зүйл болох энэ спортыг сонгож шатраар амьдарч байгаа. Гэхдээ би боловсролыг үнэлдэг учраас шатраас сурсан чадвараа хуулийн салбарт бага ч атугай ашиглах хүсэлтэй тул хуулиар үргэлжлүүлж сурахаар шийдсэн.

Баяр жаргалтай үедээ илүү сэрэмжтэй, бэрхшээл тохиолдвол нөхцөл байдлаа бодитой үнэлж, аливаад хэт туйлшрахгүй байхыг хичээгээрэй. 

Амьдрал өөрөө шатрын өрөг юм...

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ