Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд 21 янгирыг нутагшуулах арга хэмжээг “МОНГОЛ-99” ТББ зохион байгууллаа. Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн ба 48 толгой янгир ямааг тус уулнаа сэргээн нутагшуулаад байна. Анх 2023 онд 11, 2024 онд 16 толгой янгир ямааг нутагшуулсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ховордсон амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа юм.