• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0

Хийл хөгжим надад яг л хүн шиг санагддаг. Хүний баяр, гуниг, уур бухимдал гээд ямар ч сэтгэл хөдлөлийг маш нарийн илэрхийлж болдог болохоор. Хөгжимчин байхын аз жаргал нь хөгжмийн зохиолыг бичсэн зохиолчийн мэдэрсэн, илэрхийлэхийг хүссэн зүйлийг тайзан дээр ахин амилуулж үзэгчдийн сэтгэлийг нь хөглөж чадахад оршдог.

Жоохон байхдаа ахынхаа морин хуур тоглохыг харах, сонсох үнэхээр сайхан санагддаг байв. Нэг өдөр эмээ өвөөгийнх рүү явах замд хийл үүрсэн охинтой таарсан юм. Түүнтэй танилцаад хийл хөгжим заалгаж эхэлсэн. Тэр эгч миний дуртай хамтлагийг оролцуулаад, маш сонирхолтой байдлаар хөгжим заасан анхны багш минь байв.  Ийн би хийл хөгжмийг анх таван настайгаасаа сурч эхэлсэн юм. Нэгдүгээр ангидаа Сингапурт очоод хөгжмийн сургуульд элсэн суралцав.

Ээж минь намайг хийл  тоглуулж сургахын тулд өдөр бүр хичээл дээр дагаж очоод багшийн хэлснийг нэг бүрчлэн тэмдэглэн авч, надтай хамт хийл хөгжмийг сурч улмаар хийл хөгжмийн багшлах эрх авсан. Гэрт ирээд хөгжмөө давтахад  юун дээр алдаж буйг минь анзаарч яс давтуулдаг байлаа. Жижиг алдаа бүрийг минь гярхай ажиглаж,  залруулах нь хааяа залхмаар санагддаг байсан ч ээжийнхээ тэр их хичээл зүтгэлийн ачаар л би өдий зэрэгтэй явж байна. Хийл хөгжим надад тэсвэр тэвчээртэй, зорьсноо заавал хийж дуусгадаг шаргуу занг суулгасан.

Намайг хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж, хөгжимчин болох хүсэл эрмэлзлийг бадраасан Сингапур багш Эни Ли түүний охин Мин Ли мөн хөгжим бүжгийн коллежийн багш Ж.Энхтуяа, Д.Галбадрах, С.Саянцэцэг  нартаа маш их баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. 

Хүүхдийг хөгжмөөр дамжуулан төлөвшүүлэх, хөгжмийн боловсрол олгох, тэр тусмаа ээжтэйгээ хамт багшлах их сайхан.

Хөгжмийн сонсголгүй, солгой хоолойтой, хөгжим сурахад нас оройтсон гэдэг ойлголт байдаггүй. Бүгд бидний ургуулж бодсон шалтаг гэж би боддог. Хөгжим тоглож сурахад таны нас огт хамаагүй, хүсвэл сонирхогчийн түвшинд хэзээ ч хөгжим сурч болдог.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ