• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    71   |  
0
УДБЭТ-ын гоцлооч, балетчин Б.Саруул

Балет надад амьдрал бэлэглэсэн. Хүмүүжил, төлөвшил, гоо зүйн боловсрол, тэсвэр хатуужил суулгаж амьдралын минь ханьтай учруулсан.

Анх балет сурч байхдаа ихэнхдээ 12 цаг бэлтгэл хийдэг байв. Өглөө эрт гараад зарим үед гэртээ шөнийн 12.00 цагт ирнэ. Аав маань “Ийм удаан бэлтгэл хийж болохгүй. Хүн өдөрт найман цаг л ажиллах ёстой шүү дээ” гээд л намайг хайрлана.

Балет бол маш агуу атлаа асар их тэсвэр тэвчээр шаарддаг урлаг. Шантармаар санагдах бүрт ээж аавын минь хүлээлгэсэн итгэл, багш нарын минь үлгэр дуурайлал намайг үргэлж хурцалж тэр бодол оргүй алга болно. 

Би хэзээ ч өөртөө сэтгэл ханаж үзээгүй, өөртөө сэтгэл ханадаг балетчин бараг үгүй байх. Сургуульд байхаасаа л өөрийгөө дандаа чамлана. Өөрийгөө мундаг гэж би хэзээ ч бодож байгаагүй.

Бэлтгэлээ хийх тоолондоо “Өнөөдөр муу байж болно. Маргааш бүр дор ч байж болно. Гэхдээ нөгөөдөр илүү сайжирна гэх бодлоор сургуулилтаа тасралтгүй хийсээр ирсэн.

Би багадаа их бүрэг, даруу хүүхэд байлаа. Балетээр хичээллэж эхэлснээс хойш энэ зан чанар бага багаар үгүй болсон. Гоцлол бүжигчин болно, бүтэн жүжиг авч явна гэдэг нь маш өндөр хариуцлага тул өөртөө улам итгэлтэй байхыг шаардана.

Хүмүүст мэдрүүлдэг сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаалын ард олон хүний хүч хөдөлмөр, тууштай байдал, урт хугацааны бэлтгэл, басхүү гэмтэл, өвдөлтүүд байдаг. Балетчин болсон хугацаанд олон жижиг гэмтэл авсан. Энэ жил гэхэд хөлнийхөө эрхий хурууг хоёр ч удаа гэмтээж хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа бэлтгэлдээ эргэн ороход өөр хүний хөлөн дээр бүжиглэж буй мэт мэдрэмж төрнө. Энэ бүхнийг гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэлийн дэм,  мэргэжлээсээ авдаг урмаар даван туулна. 

Тайзны бэлтгэл сургууль, тайзан дээр гараад бүжиглэсний дараах мэдрэмж хамгийн сайхан нь...

Аав ээж минь намайг энэ урлагтай холбосон.

 Би ээжийнхээ хүсэл мөрөөдлийн нэгхэн хэсгийг ч болов биелүүлсэн гэж боддог. 

Ээж минь эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээн ах бид хоёрт үргэлж хэлдэг байсан. Үүнийг би амьдралынхаа дүрэм болгож ирсэн. Эрүүл саруул төрүүлж өсгөж, энэ мэргэжил рүү хөтөлж оруулсан ээж аавдаа мөн багш нартаа маш их талархдаг. 

Монголын нийгмийг залхуурал доош нь татаж байна гэж боддог. Миний мэргэжлийн хувьд залхуу, туйлбаргүй хүн хэзээ ч амжилт олохгүй. Тиймээс залхуу байх эрхгүй гэдгийг өөртөө зарчим болгож мөн хүүхдэдээ үргэлж сургана.

Хүүхэд мэргэжлийн бүжигчин, балетчин болохгүй ч энэ урлагаар сонирхогчийн түвшинд хичээллэж гоо зүй, биеэ авч явах соёлоос нь төлөвшлөө олох ёстой. Насанд хүрэгчид хүртэл энэ урлагаар хичээллэхэд оройтдоггүй.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ