• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    94   |  
0

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатарыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юуг амжуулдаг вэ?

Өглөө 06.45 цагт сэрүүлэг дуугардаг. Хоёр хүүхдээ сургуульд, нэгийг нь цэцэрлэгт хүргэдэг тул аав хүний ажлаар өглөөг эхлүүлдэг дээ. Өглөөний цайг нь бэлдэж өгнө, хувцаслана, мартсан санасан зүйлийг нь нягтална. 08.00 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Тэгээд л багшийн ажил эхэлнэ дээ.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Тухайн өдөр амжуулах ёстой ажлын жагсаалтаа урьд орой нь бэлтгэдэг зуршилтай. Өглөө тэр жагсаалтаа бодож сэрдэг гэхэд болно. Босохоосоо өмнө тэмдэглэлээ нягтална, цаг агаарын мэдээ харна. Шинэ өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлэхийн тулд нэг аяга кофе чанаж уудаг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Багш хүний өдөр тутмын гол ажил нь хичээл. Өнөөдөр нэг лекц, нэг семинарын хичээлтэй. Үдээс өмнө хичээлээ дуусгаад бичиг цаасны ажилдаа орно. Ирэх пүрэв гаригт МУБИС-ийн докторант урьдчилсан хамгаалалтандаа орно. Сэтгүүл зүйгээр доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүний хувиар албан ёсны шүүмжлэгчээр томилогдсон. Судалгааны ажлыг нь уншчихсан. Өнөөдөртөө багтааж шүүмжээ бичнэ. Мөн манай Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс жил бүр гаргадаг “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний сэтгүүл 11 дүгээр сард хэвлэлтэд шилждэг. Энэ удаагийн дугаарыг хэвлүүлэхээр хоёр судалгааны өгүүлэл зэрэг эхэлчихсэн байгаа. Амжвал түүнийгээ жаахан явуулна даа. Ирэх 2020 онд МУИС-д Сэтгүүл зүйн салбар нээгдсэний 60 жилийн ой болно. Тэнхимийн эрхлэгчийн хувиар ойн арга хэмжээ, төгсөгч, оюутнуудад чиглэсэн ажлын урьдчилсан төлөвлөгөө гаргах үүрэг оногдож байгаа. Дашрамд нь үе үеийн төгсөгчиддөө ойн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалъя. Тэнхимээс зохион байгуулах ажлын хөтөлбөр, хуваарийг жич зарлах болно оо.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Миний аз жаргалын тарни бол өөрөө шивнэдэг бус сонсдог тарни. Өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөд, машинаас буухдаа “Ааваа, хайртай шүү, Амжилт!” гэж хэлдэг. Ингэж хэлэхээ мартаж бууна гэж бараг л үгүй. Ийм үг сонссон хүн хичээхгүй байх, уурлаж бухимдах, уруу дорой царайлах ямар ч үндэсгүй болж байгаа юм. Миний эрч хүчний эх ундарга болсон “тарни” даа.

 

5. Залуучуудад хэлэх хамгийн гоё зөвлөгөөг хэлээч?

Хичээж байгаа хүн угаасаа зорьсондоо хүрдэг. Гэхдээ алсыг бодож төлөвлөсөн зорилгодоо түүртээд өнөөдөр “амьдрахгүй” байж болохгүй. Өдөр бүр өөрийгөө баярлуулах, аз жаргалыг мэдрэх боломж олгож, энгийн зүйлээс гоё мэдрэмж авч байгаарай. Жаахан хүүхэд шувуу жиргэхийг хараад, навч унах, ургахыг хараад баярлаж чаддаг биз дээ. Гэнэн юм шиг мөртлөө томчуудад ч бас ийм хэрэгцээ бий. Өөрөөр хэлбэл, аз жаргал гэдэг мөнгө, нэр хүнд дагаж гэнэт ирээд дансанд хадгалсан тоон дүн шиг байнга байж байдаг, өсч үрждэг зүйл биш. Энгийн зүйлийг агуу гэж олж харсан, чин сэтгэлээсээ баярласан, өөрийн мэдрэмжээ ил гаргасан, өөрөө өөрийгөө ойлгосон, хайр, хүндлэл мэдэрсэн, дахин дахин дурсмаар нандин мөч, агшин л юм. Ийм агшинг хэр их өөртөө бий болгосон, бүтээсэн, мэдэрсэн бэ гэдгээр л хүн эцэст нь өөрөө өөртөө дүн тавьдаг гэж боддог. Ийм агшинг бүтээхэд их зүйл хэрэггүй байдаг.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ