• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0

"Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулууныг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30 цагт босдог. Хамгийн түрүүнд цонхон дээр байгаа цэцгүүдээ усална. Долоо хоногийн гурван өдөр өглөөний гүйлт хийнэ. Одоохондоо түр завсарласан байгаа. Би хоёрдугаар ангийн хүүтэй. 07.40 цагт гэрээсээ гарч хүүгээ сургуульд нь хүргэж өгнө. Тэгээд ажилдаа 09.00 цагт очдог. Гар утсандаа бичиж төлөвлөсөн ажлуудаа амжуулна даа.  

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Орой унтаж амрахаасаа өмнө өнөөдөр миний ажил хэр бүтэмжтэй байв гэдгээ эргэцүүлдэг. Өглөө болгон өөрийнхөө сайн хувилбар нь байхыг л хичээдэг. Сараагийн өнөөдрийн хувилбар өчигдрийнхөөс илүү байх ёстой гэсэн бодлоор өглөөг эхлүүлдэг.  

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдрийн хувьд миний удирдаж байгаа бакалаврын оюутнуудын маань дипломын судалгааны арга, аргачиллын хурал болно. 12.00 цагт хүүхдэдээ өдрийн хоол хүргэж өгнө. Хүүхдийнхээ хичээл тарахыг нь хүлээнэ. 15.00 цагаас нэг уулзалттай байгаа. Уулзалтаас ирчихээд хүүгийнхээ даалгаврыг хийлгэнэ. Мэдээж оройн хоолоо бэлдэнэ. Хүүгээ 21.00 цагт оронд нь оруулчихаад 22.00-00.00 цаг хүртэл төвлөрч суугаад нийгмийн ажлуудаа хийнэ. Харин их сургуулийн судалгааны ажлаа өглөөгүүр хийдэг. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Би үргэлж инээмсэглэж явахыг хүсдэг. Бусдад бас инээмсэглэл бэлэглэх дуртай. Аливаа ажил хэргийн харилцаанд ч инээмсэглэл маш чухал. Харилцаа амжилттай бол ажил бүтэмжтэй байна. Тэгэхээр би өнөөдөр ямар хүмүүстэй уулзах билээ гэж бодож харилцагчаа мэдэрч хүндэлж харилцах нь чухал юм шиг санагддаг. Мэдээж амьдралд бухимдах шалтгаан олон ч аль болох эерэг байхыг хичээдэг. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хүнд байж болох хамгийн үнэтэй баялаг бол хүний эрүүл мэнд. Залуу байхдаа хүн эрч хүч, байгаа зүйлдээ эрдээд эрүүл мэндээ хохироодог. Бие эрүүл байхад олон зүйлийг бүтээж болно. Тийм учраас залуучуудад мөн үеийнхэндээ залуу байгаа дээрээ амьдралынхаа хэмнэлдээ эрүүл мэнддээ хөрөнгө оруулдаг зан үйлийг хэвшүүлээч ээ гэж хэлмээр байна. Тухайлбал, долоо хоногт тогтмол гүйх ч юм уу дасгал хийгээд сурчих хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын хэв маягт сууж нэвт шингээд өгчихнө. Ийм зохион байгуулалтанд орсон хүн бүгдийг хийж чадна гэж хэлмээр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ