• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

 "Цахим эмч" ТББ-ын үүсгэн байгуулагч, хүний их эмч Б.Баярбямбыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Есдүгээр сараас сургууль цэцэрлэг эхэлснээс хойш 06.30 цагт босдог болсон. Зарим үед хүмүүст өглөөний дасгал ордог тул 05.00 цагт сэрнэ. Тэгээд 06.00 цагаас бэлтгэлээ эхэлдэг. Цагийн турш бэлтгэлээ удирдаж, нэг сайхан хөлсөө гаргаад авдаг. Бие ч хөнгөрнө. 07.00 цагт дасгал дуусгаад хүүхдээ сургууль руу нь хүргэж өгчхөөд үндсэн ажилдаа орно доо.    

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Төлөвлөсөн ажлаа бүгдийг нь амжуулна гэсэн бодлоор өглөөг эхлүүлдэг. Өмнөх өдөр нь хийх ажлуудаа жагсааж бичээд тэмдэглэнэ. Харин орой нь ямар ажлаа бүрэн дуусгаснаа шалгаад checklist-ээ бөглөдөг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр 18.00 цагаас олон нийтэд зориулсан “Таргалалтын 4 үнэн” сэдэвт лекц өдөрлөгөө зохион байгуулна. Лекцээ яагаад ингэж нэрлэх болсон гэхээр Бурхан багшийн сургаалд зовлонгийн дөрвөн үнэний тухай “Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтлэх арга зам үнэн, зовлонгоос гэтлэх нь үнэн” гэсэн ойлголт байдаг даа. Үүнтэй дүйцүүлж хэлэхэд хүн илүүдэл жинтэй байна гэдэг нь өвчин эмгэгтэй байна гэсэн үг. Нэг ёсондоо таргалалт бол зовлон. Үүнээс ангижрах боломжтой. Ингэхдээ шинжлэх ухааны мэдлэгт үндэслэн зөв аргаар эрүүл болох нь оновчтой юм гэх зэргээр олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. Цаашлаад эрүүл мэндийн боловсролтой болоод ирэхээр тухайн хүнд зөв зан үйл, дадал үүсдэг. Өнөөдрийн лекц өдөрлөг маань бүхэлдээ эдгээр санаанд чиглэх юм. Мөн өнөөдөр хайрт ханийн маань төрсөн өдөр. Өдөрлөгийнхөө ард нь гарчхаад эхнэрээ баярлуулна даа.      

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Нар мандахаас өмнө босохыг хичээдэг. Эрт босвол тэр өдөртөө бие махбодь хөнгөн байдаг. Дасгалаа хийж амжвал бүр ч гоё болчихно. Хөлсөө гаргаад ачаалал авна, ингэснийхээ дараа ачааллаа зөөлрүүлэхийн тулд амьсгал төвлөрөлийн дасгал, бясалгал хийвэл тэр өдөртөө сэргэг байна. Ажлын ачаалал даах чадвар ч сайжраад ирнэ. Миний хувийн жор бол ердөө л энэ.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу хүн завгүй байх тусмаа хамгийн гоё. Гэвч завгүй байлаа гээд цэгцтэй, дэс дараатай, төлөвлөгөөтэй байх ёстой. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ачаалалтай ажиллах ёстой. Ингэхийн тулд бие махбодь нь эрч хүчтэй, сэргэг байх ёстой. Эрч хүчтэй, сэргэг байхын тулд өглөө эрт босох хэрэгтэй. Өөрт тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь зөв. Хамгийн гол зүйл бол өглөөдөө шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь чухал. Ингэсний дараа өдрийн ачааллаа дааж чадна. Үүнийгээ дагаад бүтээмж сайжирна. Бүтээмж сайн байвал тухайн өдөр, долоо хоног, сард таны ажил амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Тиймээс өглөөгөө зөв эхлүүлж байгаарай гэж хэлье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ