• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

"MLC Training" ХХК-ийн менежмент, борлуулалтын зөвлөх, сургагч багш, “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэгийг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30 цагт босдог. Хамгийн түрүүнд найман тоот дасгалаа хийнэ. Хөдөлгөөн хийхээр зүрхний цохилт хурдсаад цусны эргэлт сайжраад хурдан сэргэнэ. Би цэцэрлэгийн хоёр хүүхэдтэй. Тэдэндээ каш, өндөг чанаж өгчихөөд, цэцэрлэгт нь хүргэж өгнө.  Эхнэрээ ажил дээр нь буулгачхаад ажил руугаа явдаг даа.  

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг зөв бодлоор угтахын тулд өмнөх өдрийн бодол их чухал юм шиг санагдсан. Би өглөө бүр шүдээ угаахдаа өдрийн төлөвлөсөн ажлуудаа амжилттай бүтэж байгаагаар төсөөлөх дуртай. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Миний хувьд орлого олдог бас сайн дурынх гээд хоёр төрлийн ажил хийдэг. Өнөөдрийг орлого олдог ажилдаа зарцуулна. Хоёр том худалдааны байгууллагатай борлуулалтын үйлчилгээ үзүүлж, сургалт хийхээр гэрээ байгуулна. Энэ ажлын хүрээнд байгуулага дээрээ очиж борлуулалтын зөвлөх ажлаа хийнэ. Миний хувьд эдгээр ажлынхаа хажуугаар Транспаренси интернэшнл, Нээлттэй нийгэм форум болон бусад байгууллагатай хамтарч нийгмийн ажлуудад идэвхтэй оролцдог. Тэрхүү ажлын нэг нь “Бид уучлахгүй хөдөлгөөн”. Бид сүүлийн үед ҮХЦ-ийн даргатай холбоотой асуудал дээр акц өрнүүлж байна. Цэцийн дарга хэд хоногийн өмнө өгсөн өргөдөлдөө албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна, шийдэж өгнө үү гэжээ. Нэг ёсондоо даргын ажлаа өгөөд гишүүнээр үлдэх гээд байна. ҮХЦ шударга ёсны ноён оргил Үндсэн хууль гэж хэлдэг байгууллага. Гэтэл хуулийн байгууллагаар тогтоогдсон байхад ҮХЦ-ийн дарга нь албан тушаалаасаа чөлөөлөгдчихөөд гишүүнээр үлдэнэ гэдэг бол Монгол улсад цаашид буруу соёл, буруу жишиг тогтоно гэсэн үг. Манай хөдөлгөөний зүгээс түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн байр суурьтай байна. Цэц энэ баасан гарагт хуралдана. Тус хурлын шийдвэрийг харж байгаад дараагийн арга хэмжээгээ авна. Тэмцлийн бэлтгэл ажилдаа ороод байна.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Эхнэр бид хоёр хүүхдүүдийнхээ хэл ярианы чадварыг сайжруулах зорилгоор өглөө болгон цэцэрлэг рүү нь хөтөлж оруулахдаа шинэ үг зааж өгч байгаа. Жишээ нь “За одоо аавдаа хайртай шүү”, “Аавдаа, амжилт хүсье”, “Ааваа, ээжээ хөөрхөн шүү” гэж хэлээрэй гээд шинэ үг хэлж сургадаг. Хүүхдүүдийн маань эдгээр үгс миний аз жаргалын тарни гэж хувьдаа боддог. Бусад ээж аавд зөвлөхөд хүүхдийнхээ хэл ярианы чадварыг сайжруулъя гэвэл энэ аргыг туршиж үзээрэй гэж хэлмээр байна. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Аливаа бэрхшээлээс айх нь том эрсдэл дагуулдаг. Хүний энерги хязгаартай. Хүссэн хүсээгүй 40 нас хүрэхээр байгалийн хуулиараа энерги, эрч хүч буурна. Тиймээс залуу насандаа аливаа эрсдэл рүү дайчин, зоригтойгоор ороорой гэж уриалмаар байна. Мэдээж алдана. Алдвал сайн л биз. Залуу насан дээрээ алдаж оноод сайн туршлагажихгүй бол 40, 50 насанд алдах эрхгүй болно. Зориг эрч хүч хязгаартай. Тиймээс өөрийн тухтай бүсээс гарч айдастайгаа нүүр тулж байгаарай гэж хэлье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ