• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

“Ард Лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хүн бүтээмж өндөр байхын тулд нойр, хоол сайтай байх хэрэгтэй. Миний хувьд оройдоо эрт унтаж, өглөө эрт сэрдэг. Ингэхдээ заавал найман цаг унтаж амрахыг хичээдэг юм. Өглөө эрт уулзалттай бол 06.30 цагт, уулзалтгүй байвал 07.00 цагт босдог.  Өдрийн турш тав тухтай, өөртөө итгэлтэй байхын тулд ажлаасаа минь өөр зүйл намайг сатааруулахгүй байгаасай гэж хүсдэг. Тиймээс өдрийнхөө ажилд өөрийгөө бэлддэг. Нэг удаагийн амжилт, өндөр бүтээмжтэй байхаас илүүтэйгээр тогтмол үр бүтээлтэй ажиллахыг эрхэмлэдэг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өчигдрийн хийсэн ажил, амжилт, магтаал болон сэтгэл уналт, бүтэлгүйтэл гээд бүгд өнгөрсөндөө үлддэг. Өнөөдөр бол шинэ боломж, шинэ эхлэл. Тиймээс өнөөдрийг аль болох үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрөөхийг хичээнэ. Өглөө хамгийн түрүүнд төлөвлөсөн ажлуудаа боддог. Ажил дээр болон уулзалтууд дээр ямар шийдвэрүүд гаргах вэ, тухайн шийдвэрийг гаргаснаар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг эргэцүүлнэ.    

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы бэлтгэл ажилдаа орсон. Чуулган маань ирэх долоо хоногийн Ням гарагт болно. Нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар энэ удаад хэлэлцэнэ. Чуулганаар хүрэлцэн ирэх зочидтойгоо уулзалт товлож, сэдвээ тохирно. Асуудлыг зүгээр л шүүмжлээд өнгөрөх биш шийдлүүдийн аль нь одоогийн системтэй уялдах вэ гэдгийг бодолцож байна. Манай улсын хувьд одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоог шууд шинэчлээд Голландынх юм уу Сингапурын тогтолцоог нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс тав эсвэл найман жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, шат дараатай шинэчлэх тухай нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.   

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Санаа зөв бол заяа зөв гэсэн үгийг хэлэх дуртай. Үргэлж зөв энерги, зөв бодлыг өөртөө агуулахын сацуу бусдадаа түгээхийг хүсдэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууд сүүлийн үед том мөрөөдөл, зорилго тавьж ажилладаг болжээ. Миний харж байгаагаар залуучууд зорилгоо хоёр, гурван жилээр төлөвлөдөг нь их урт хугацаа юм шиг санагддаг. Алсын зорилготой байх нь зүйн хэрэг. Үүний хажуугаар хамгийн ойрын хугацаанд, өдөр бүр хүрэх мөн дунд хугацааны зорилтууд байх ёстой. Өглөө гэрээсээ гарахдаа олон ажил төлөвлөлгүй урдаа байгаа нэг ажлын ард гарна гэж зорих хэрэгтэй. 

Залуучуудыг өмнөх үеийнхнээ бодвол харилцааны соёл болоод мэдлэг, мэдээлэл хүлээн авахад харьцангуй сайжирсан гэж үздэг. Гэхдээ гүйцэтгэх тал дээр нэг бол хэтэрхий хурдан чанаргүй эсвэл удаан төгс юм хийх гээд цаг алддаг юм шиг ээ. Нэг талаас ажлаа өөрийн харах өнцгөөс төгс хийчихлээ гэж бодсон ч нийгэмд эсрэг үр дүнд хүрэх жишээ олон бий. Тиймээс залуучуудыг богино хугацаанд зорилт тавьж, түүндээ хүрээсэй. Үр дүнгээсээ байнга урам авдаг байгаасай гэж хүсэж байна.    

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ