• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

“Хэлт энд Сэфти Солушинс” ХХК-ийн захирал, Анагаах ухааны доктор Д.Нарансүхийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30-07.00 цагт босдог. Эрүүл байх, бүтээлчээр ажиллах үүднээс ажилдаа гарахаас өмнө өглөөний цайгаа заавал уудаг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Яаралтай хийж дуусгах, төлөвлөсөн ажлуудаа ихэвчлэн боддог. Учир нь миний хувьд мэргэжлийн онцлогтой холбоотойгоор төлөвлөх, төсөл боловсруулах, судалгаа, төслийн тайлан бичих зэрэг дүн шинжилгээ хийж толгойгоо ажиллуулах шаардлагатай ажлууд их. Тиймээс өглөөдөө ажлаа төлөвлөнө, мэйлээ шалгадаг юм байна. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

1. Би ажлын байрны эрүүл мэнд буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр  ажилладаг. Манай компани Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Уг үнэлгээний ажлын тайланг өнөөдөр хүлээлгэн өгнө. 

2. Миний бие Стандарт, хэмжил зүйн газрын Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны техникийн стандартчиллын хорооны гишүүнээр ажилладаг. Өнөөдөр хорооны хуралтай. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий 140 орчим стандарт бий. Энэ удаагийн хурлаар эдгээр стандартын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

3. Саяхан “Рио Тинто” компанийн  БНХАУ дахь металл төмөр боловсруулах үйлдвэрт хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр үнэлгээ хийгээд ирлээ. Энэ төрлийн үнэлгээг олон улсын хэмжээнд хийж буй Монголын анхны компани гэдэг утгаараа бидэнд маш том боломж олдсон. Манай бусад компани, мэргэжилтнүүдэд цаашид зөвхөн дотооддоо гэлтгүй гаднын томоохон аж ахуйн нэгж, компаниудад үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Миний хувьд өглөөг бүтээмжтэй, сэтгэл өөдрөг эхлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл бол яах аргагүй кофе. Мөн “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэх үгийг дотроо бодох дуртай. Улс эх орондоо баялаг бүтээж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өөрийн тодорхой хувь нэмрээ оруулж байна гэсэн итгэл үнэмшлээр ажилдаа дурлаж, өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлдэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, суралцаж буй залуучуудын тухайд гадаад хэл, өндөр боловсрол гэхээсээ илүүтэйгээр ёс зүйн хандлага тулгамдаж байна гэж хардаг. Аливаа мэргэжилд ямар нэгэн хууль, дүрмээр зохицуулагддаггүй зүйл гэж бий. Энэ нь мэргэжлийн ёс зүй юм. Мэргэжлийн ёс зүй нь зөв эерэг хандлага төлөвших чиг баримжаа болдог. Тиймээс залуучуудад хандаж ямар ч ажил алба эрхэлсэн бай мэргэжлийн ёс зүйгээ заавал чандлан мөрдөөрэй гэж хүсье.  

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ