• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга, ширээний теннисний олон улсын шүүгч  Э.Мөнхбилэгийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30 цагт босдог. Өглөөний цайгаа уучихаад 07.00 цагт гэрээсээ гарч охиноо сургуульд нь хүргэж өгөөд 08.00 цагтай уралдаж ажил дээрээ ирдэг дээ. Сүүлийн хоёр сар эрт унтаж 05.00-06.00 цагт босох зорилго тавьж, утсан дээрээ тэмдэглэл хөтөлж байгаа. Энэ цагаа өглөөний дасгал эсвэл ном уншихад зориулъя гэж бодож байна. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө бүрийг шинэ эхлэл гэж хардаг. Өчигдөр юу ч тохиолдсон бай өнөөдөр дахин нэг шинэ өдөр мэндэлж, 24 цагийн үүд нээгдэж байна гэж төсөөлдөг. Шинэ өдрөө өчигдрийнхөөс үр дүнтэй өнгөрүүлэх юмсан гэж боддог. Өчигдөр амжуулаагүй, өнөөдөр хийх ямар ажил байгаа билээ гэх бодол хамгийн түрүүнд орж ирдэг юм байна. Ажлын төлөвлөгөөгөө "Google Calendar" мөн "To Do List", "Evernote" зэрэг төлбөртэй апп-уудад оруулдаг тул өглөө заавал шалгана. Эдгээр апп нь хийх ажлыг эмх цэгцтэй болгохоос гадна цаг хэмнэдэг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр энэ долоо хоногийн сүүлийн өдөр. Тиймээс энэ долоо хоногийнхоо төлөвлөгөөт ажлуудаа дуусгана. Тухайлбал, 

-Биеийн тамир, спортын газартай хамтран спортын арга зүйчдийн нэгдсэн сургалтыг зохион байгуулна. 

-Оны төгсгөл болж байгаатай холбогдуулан 2019 оныхоо төлөвлөгөөт ажлуудаа цэгцэлж, тайлангаа бичиж эхэлнэ. 2019 оны тайлан болон 2020 оны стратегийн төлөвлөгөөндөө түлхүү анхаарч байна. 

-Сүүлийн үеийн ажлын сонин сайхнаас гэвэл 10-аад хоногийн өмнө Франц улсын Парис хотноо зохиогдсон ЮНЕСКО-гийн 40 дэх ерөнхий чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр ирэх оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдох Олон улсын залуучуудын ногоон наадмын урилгыг спортын сайд нарт гардуулж өгөнгөө танилцуулга хийсэн. 

-Миний бие Спортын клубыг магадлан итгэмжлэх орон тооны бус зөвлөлийг ахалж ажилладаг.  Өнгөрөгч долоо хоногт зөвлөлийн хурлаа хийж, “Golden Gym” фитнес клуб, “Soyol Wellness” төв зэрэг  хоёр клубыг магадлан итгэмжиллээ.  

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Инээмсэглэл. Өглөөг инээмсэглэлээр угтахад тухайн өдөртөө эрч хүчээр дүүрэн байдаг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өнөө цагт бид цаг хугацаатай уралдан амьдарч байна. Бас хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл дунд төөрөлдөж байна. Тиймээс өөртөө мэдлэг болохуйц мэдээллийг  хүлээн авдаг байгаасай, шинэ зүйл сурч мэдэхийг урьтал болгоосой гэж хэлмээр санагддаг. Миний хэлэх дуртай нэг үг бий. Бүгдээрээ дэлхийг ном гэж төсөөлье. Монгол улс маань тэр номын нэг л хуудас гэсэн үг. Хэрэв та нэг газраа оршоод л байвал номын ганцхан хуудсыг л уншина. Дэлхий дээр оршин буй 200 гаруй улс орныг 200 хуудастай ном гэж үзвэл бид аль болох олон хуудсыг унших шаардлагатай. Өөрөөр хэлбэл олон улс орноор аялах хэрэгтэй. Зөвхөн гадаад гэлтгүй Монгол орныхоо аймаг, сум, байгалийн цогцолборт газруудаар явж танилцаарай. Дэлхийгээр аялж нүд тайлаад ирэхээр өөрийгөө ямар өчүүхнийг мэдэрнэ. Тиймээс аль болох олон орноор аялж, соёлтой нь танилцаарай гэж хэлмээр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ