• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.     

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07.30 цагт босдог. Охиноо сургууль руу нь явуулна. Өнөөдөр амжуулах чухал ажлуудаа төлөвлөнө.  

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Монголчууд хэлдэг дээ өглөө сэтгэлдээ юу бясалгахаас шалтгаалж тухайн өдөр ямар байх нь тодорхойлогдоно гэж... Яг үнэндээ 24 цагт ч багтахгүй шахуу төлөвлөсөн ажлуудтай учраас хэрхэн хурдан амжуулах вэ гэдгээ л боддог. Сүүлийн үед сэрээд л шууд ажлаа боддог болсон доо. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Ирэх оны ажлын төлөвлөгөөгөө илүү нарийвчилж гаргана. Өнөөдөр хоёр чухал уулзалттай. Ирэх онд хамтарч ажиллах хоёр ч гаднын байгууллагын төслийн хүмүүстэй уулзана.  

-Эмэгтэйчүүдийн байгууллагыг авч явах үүрэг ажлаа авснаас хойш хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудлууд дээр ажиллаж, хуулийн бодлогын түвшинд өөрчлөлт хийхийг зорьж байна.

-Улирч буй 2019 онд миний бие 21 аймгаар 32 удаа явж, нийтдээ 20 гаруй мянган хүмүүст лекц тавьж, уулзалт хийжээ. Цаашид хүүхдийн болоод эмэгтэйчүүдийн эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг далайцтайгаар зохион байгуулах шаардлагатайг олон мянган эмэгтэйтэй уулзах үеэр ойлгосон. Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 оныг “Архины эсрэг жил” болгон зарлаж байгаа. 

-Мөн бид хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Хоёр өдрийн өмнө ШШГЕГ-тай хамтарч хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа 233 хүний нэрийг нийтэд ил болголоо. 

Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн хуулиар хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй бол нэг удаа 100 мянган төгрөгөөр торгуулна гэх зохицуулалт бий. Хүүхэд нь 18 нас хүрвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх байдлаар хүчингүй болдог. Ялангуяа өнөөдрийн нийгэмд тухайн цаг үедээ хүүхдийн тэтгэмж авах нь чухал гэж бид үзэж байна. Тиймээс цаашид тэтгэмжийг цаг тухайд нь төлүүлдэг байх, төлөхгүй зугтаж буй хүмүүст хариуцлага хүлээлгэх хуулийн заалтуудыг чангатгах ёстой. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Санаа сайн бол заяа сайн. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Зоригтой байж зорьсондоо хүр. Энэ гурван үгийг өдөр тутамдаа мөрдөхийг хичээдэг. Аав ээж хоёр маань биднийг бага байхаас л энэ үгнүүдийг байнга хэлдэг байсан. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Би охидод хөөрхнөөс хүчтэй байх нь чухал гэдэг. Харин хөвгүүдэд хүчтэй байхаас хүнлэг байх нь чухал гэдэг. Тиймээс залуучууд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээхээс гадна өрөөл бусдын амьдралд түшиг тулгуур болохуйц сайн сайхан нийгмийг бүтээхэд нэгдэн нийлж хамтарч ажиллаж чадах боловсролтой байгаасай гэж хэлэхийг хүсдэг. Би дипломоор үнэлэгдэх боловсролыг хэлсэнгүй. Хүмүүжилтэй, багаараа ажилладаг, бие биенээ хүлээн зөвшөөрдөг байгаасай. Хүн болгоны мэргэжил, боловсрол, хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл, амьдралд хандах хандлага нь харилцан адилгүй. Хамгийн гол нь нийтлэг үнэт зүйл дээр нэгдэж чаддаг байгаасай.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ