• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0

“Бат Солюшн Партнерс” компаний УЗ-ийн дарга В.Ганзоригийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07:00 цагт босч хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс миний ажил эхэлдэг. Яаралтай ажилгүй л бол гэр бүлийн бус зүйлд цаг зарцуулахыг хүсдэггүй. Гэхдээ хэдхэн минут гаргаад сошиал медиа гүйлгэж хараад тухайн өдрийн трэндийг ажиглахыг хичээдэг. Зарим үед цагийн зөрүүнээс болоод гадаадад байгаа түншүүдтэй шөнө дунд, үүрээр харилцах шаардлага гардаг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Нэг ч гэсэн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөчих юмсан гэж боддог. Мэдээж өөдрөг бодлоор өглөөг эхлүүлэхийг хичээдэг. Өглөө бүр гар утсан дээрх ажлын хуанлигаа шалган уулзалтуудаа төлөвлөдөг. Зарим үед хүүхдэдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаа тул өглөө сургуульд хүргэх замд нь дотночлон ярилцах дуртай.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Оны сүүлч болж байгаа учир компаниуд, хариуцан ажилладаг ТББ-уудын тайлангийн хурал, ирэх оны төлөвлөгөөний уулзалтууд тасрахгүй байгаа. Өнөөдрийн хувьд хэд хэдэн харилцагчтайгаа уулзах, хараат бус гишүүний хувиар нэгэн компанийн удирдах зөвлөлийн хуралд суух, "Синдикат" ярилцлагын шинэ дугаараа бэлтгэх, төрийн бус байгууллагын нэгэн төслийг эргэн нягтлах, маргаашийн ажил, уулзалтууддаа бэлдэнэ. Сүүлийн үед бизнесийн үндсэн ажлаас илүүтэйгээр олон нийтийн, төрийн бус, ашгийн бус байгууллагуудын ажилд нэлээн цаг зарцуулж байгаа. Үндсэн ажлаасаа болоод гэрийнхэндээ олдохгүй, төрийн бус байгууллагын ажлаасаа шалтгаалан үндсэн компанийнхаа хамт олонд баригдахгүй олон хүний бухимдлыг хүлээж, багагүй шүүмжлэл авч байгаа.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Сайн төлөвлөлт, сайн бэлтгэл бол тухайн өдрийг аз жаргалтай өнгөрөөх хамгийн гол тарни. Анх гаднын улсууд ажлаа долоо хоног, сараар төлөвлөдөг юм билээ гээд тэдний шоолдог, тэр нөхцөл байдал, ажлын ачааллыг нь ойлгодоггүй байсан. Харин одоо өөрөө яг тийм байдалд орсон. Маргааш яваад очъё, өнөө орой товч уулзъя гэсэн найзууд, түншүүдийн гэнэтийн хүсэлт маш тухгүй байдалд оруулдаг болсон. Манай ажлын хамт олон дундын хуанли гаргаад, бүх уулзалт, хурал, хэлэлцүүлгээ төлөвлөдөг. Энэ хуанлигаас хэн, хэзээ завтай гэдгийг мэддэг тул багийн ажлаа төлөвлөхөд тун тустай байдаг. Яг хажуугийн ширээнд суудаг түнштэйгээ хэдэн өдрөөр уулзахгүй, бүр огт тааралдахгүй явах тохиолдлууд ч гардаг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрөөрөө бай л гэдэг зөвлөгөөг өгмөөр байна. Өөрөөрөө бай гэдэг нь хэн нэгэнд таалагдахын тулд дүр эсгэх, өөрийгөө хуурах, богино хугацаанд амжилтын төлөө уртын зорилго, үнэт зүйлээ битгий арилжаарай гэж хэлмээр байна. Өөртөө үнэнч байж чадвал энэ нь өөрөө байнгын амжилтын тарни болж чадах болов уу.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ