• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуулыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ихэвчлэн өглөө 07:00 цагт босдог. Багшийн болон ээжийн үүрэгт ажлаа зэрэг амжуулахын тулд хүүхдүүдээ унтсаны дараа эсвэл сэрэхээс нь өмнө бичих ёстой ажил болон и-мэйлд хариу өгдөг. 

Шөнө суух үедээ и-мэйлүүдээ бичиж бэлдээд, өглөө бэлэн болсон и-мэйлүүдийг илгээх нь цаг их хэмнэдэг. 

Жирийн үед нөхөртэйгөө хамт хүүхдүүддээ зориулан өглөөний цай болон өдрийн хоолыг нь бэлтгэх зуураа кофе ууж, гэр бүлийнхэнтэйгээ өнөөдөр юу хийх тухайгаа ярихыг хичээдэг. 

Тэгээд сургууль, цэцэрлэгийн хүргэлт эхэлнэ. Ер нь өглөө бүр их завгүй байдаг. Ялангуяа COVID19-ын үед өглөө бүр их ажил амжуулах шаардлагатай болж байна.

Энэ хавар охинтойгоо өглөөд гүйдэг болсон. Мөн бага ангийн хүүхдийнхээ онлайн хичээлийг хамт үзэж, өдөр юу хийхийг нь зааж өгөөд гардаг. Ингээд гэрээсээ гараад ажилдаа явах замдаа нэг амс хийдэг дээ. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Мэдээж өглөөг эерэг бодлоор эхлүүлдэг. Сэрүүлэг дуугарсны дараа босохоосоо өмнө хэсэг зуур өдрийнхөө төлөвлөгөөг дахин нэг бодно. 

Өдөр хийхээр төлөвлөсөн гол 3-4 ажлаа бүтээчихсэн байгаагаар төсөөлөөд босох нь эрч хүчийг өгдөг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Тавдугаар сарын сүүлийн энэ өдрүүд их сургуулиудын хувьд ачаалалтай, оюутнуудын шалгалт, төгсөлтийн ажил ид өрнөдөг үе. 

Энэ улиралд миний хувьд 200-аад оюутанд хичээл орсон байна. Тэднийхээ дүнг гаргах ажил хийж байна. 

Үүнээс гадна багш нар өөрсдийн ажлын тайланг бэлтгэдэг. Манай сургуулийн хувьд багш нарынхаа ажлын тайланг онлайн мэдээллийн бааз үүсгэн авдаг болсон нь маш их таалагдаж байгаа. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Хүний амьдрал болсон хойно эрээнтэй бараантай үе олон байдаг. Харин амьдралаас эерэг зүйлүүдийг “томруулдаг шил”-ээр харж сурах нь аз жаргалын тарни гэж боддог. 

Хүн өөртөө сэтгэл хангалуун, хайрлах хүмүүстэй, хүсэл тэмүүлэлтэй байх нь аз жаргалын түлхүүр юм. Тиймээс аз жаргалыг хүмүүсээс биш, өөрөөсөө, дотроосоо хайдаг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өдөр тутам залуучуудтай ажилладгийн хувьд тэдэндээ өөрийнхөө хүсэл зорилгоор жигүүрлэн, мөрөөдлийнхөө зүг зоригтой урагшлаарай гэж хэлмээр байна.

Залуу нас гэдэг хүний амьдралын маш сайхан үе. Нөгөө талаасаа алдаж, эндэж болох сүүлийн боломж юм. Тиймээс өөрийн хийхээр зорьсон зүйлээ зоригтойгоор хийгээд үзээрэй гэж захимаар байна.

Хүссэнээрээ шөнөжин кино үзэж, өдөржин унтаж, хоббидоо бүх цагаа зориулж, алдаж болох насандаа алдаад үзээрэй. Үүнээс цааш алдаа, оноо нь сургамж болж, хариуцлага, итгэл үнэмшилтэйгээр амьдралаа босгоорой. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ