• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0
 

Зохиолч, Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөч П.Ууганбаяр буюу Uuganaa Ramsay-ийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Сүүлийн үед өглөө 05:00 цагт сэрдэг болсон. Өглөө босоод хамгийн түрүүнд утсаараа мэдээ, мэдээлэл болон сошиал дээрх мэдэгдлүүдийг шалгаж, хариу өгөх зүйл байвал хариулна. 

Би Шотландын их, дээд, дунд сургуулиудад мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгдөг. 20 гаруй  сургууль байдаг учраас нэг сургууль дээр нэг их уддаггүй, машинаар их явдаг. 

Өглөө, оройдоо нэг талдаа нэг цаг зарцуулж, ажилдаа очдог. Өглөө босоод хүүхдүүддээ хоол, цай бэлдэж өгчхөөд, заримдаа сургуульд нь хүргэж өгнө.

Нөхөр маань ажлаа эрт эхэлж, бас эрт тардаг бол харин би ажлаа арай орой эхэлдэг. Машинаараа явахдаа хөгжим сонсох эсвэл сурч байгаа зүйлийнхээ талаар подкаст, бичлэг сонсох дуртай. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Багаасаа эртэч байсан болохоор өглөө амархан босно доо. Өглөө бүр намайг сайн, сайхан зүйлс хүлээж байгаа гэж боддог.

Хүүхдүүддээ ч сайхан зүйлс тохиолдох юм шиг мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Хүүхэд бол эцэг, эхийн тусгал гэдэг үг байдаг даа. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Үндсэн ажлаасаа гадна их олон зүйл хийдэг. Ажил дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст дээд боловсрол эзэмшихэд нь туслах гарын авлага хийж байна. Энэ нь эцэг, эх, багш нар болон мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүст зориулсан ажил юм.

Хувьдаа намтар, зохиолоосоо сэдэвлэсэн кино зохиол дээр ажиллаж байна. Мөн Монгол гэдэг үгийг зөвөөр хэрэглэх тухай ажлаа олон оронд байгаа багтайгаа хамтарч хийсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт хэд хэдэн подкастны ярилцлагад орно. 

Мөн ном хэрхэн бичиж, хэвлүүлэх талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өглөө бүр нар болон дэлхий ертөнцийг харж буйдаа талархдаг. Бид дайнгүй, амгалан тайван Монгол оронд төрж, өссөн азтай хүмүүс шүү гэж боддог.

Хэдий одоо эх нутагтаа байхгүй байгаа ч Шотландад амьдарч буй гэр маань далайн эрэг дээр байдаг учраас далайгаас их эрч, хүч авч байна. 

Хүүхдүүдээ сэрээхдээ ээж шигээ намуухнаар сэрээхийг хичээдэг. Зөөлхөн, хайр ундарсан дуугаар хүүхдүүдээ дуудахад үрс минь аз жаргалтайгаар инээмсэглэл тодруулан сэрдэг. Хүүхдүүдийнхээ инээхийг харах бол аз жаргал юм. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

  • Эзэн хичээвэл заяа хичээдэг: Юмыг бүү хойш тавь. Хийх юмсан гэж ярихын оронд эхнийхээ алхмыг хий. 
  • Явсан нохой яс зууна: Өдөр бүр та мөрөөдлийнхөө төлөө багадаа нэг зүйл хий. Ном унших, хүнээс юм асуух, мессэж бичих, сургалтад суух, ном унших, видео үзэх гэх мэт хийх зүйл их шүү дээ. 
  • Суусан газраасаа шороо атга: Хаана ч явсан өөрт хэрэгтэй зүйл сурч, мэдэж, мэдэрч сураарай. Зөвхөн сургууль дээр л юм сурдаггүй. Найзууд, гэр бүлийнхнээсээ хэрхэн хүнтэй зөв харилцахаас эхлээд ямар амттай хоол хийхийг заалгах нь хүртэл хичээл. Хүн бүрт сайн чанар байдаг учраас түүнээс нь суралц. Хэцүү нөхцөл байдал ч сургамж болдог. 
  • Айж сүрдэхээр мэрж, бар: Цаг ба ажлаа зохицуулаарай. Бидэнд адилхан 24 цаг бий. Яагаад зарим хүмүүс илүү юм амжуулж, хэзээ хамгийн үр дүнтэй ажиллаж чаддаг талаар судалж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж дадаарай. 
  • Туг ч барина, тугал ч хариулна: Хүн чанараа хадгал. Бид бүгд адилхан. Танд мандах цаг байхад бас дордох цаг ирнэ. Үүнтэй адилхан бусдад ч бас тийм цаг бий.
TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ