• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    127   |  
0
 

Интернет ашиглан Монголд ажил хайхдаа олж авсан туршлагаа хуваалцъя. Нэн тэргүүнд та дараах гурван бичиг баримтыг бүрдүүлээрэй.

1. Ажлын анкет (CV or Resume)

Та овог нэр, оршин суугаа хаяг, утасны дугаар, өмнөх ажлын туршлага, боловсролын мэдээлэл, хэлний мэдлэг, гаргасан ололт амжилт, тодорхойлолт гаргаж өгөх хүний мэдээллийг багтаасан анкетыг Монгол, Англи хэл дээр бэлтгэх хэрэгтэй. MS Word дээр бэлтгэсэн файлаа рdf өргөтгөлөөр хадгалбал харахад илүү үзэмжтэй байх болно.

Таны анкет заавал зурагтай, өнгө үзэмжтэй байх шаардлагагүй. Төрсөн он сар, гэрлэлтийн байдал зэрэг хувийн мэдээлэл оруулах хэрэггүй. Хамгийн гол нь уншихад цэгцтэй, ойлгомжтой, үг үсгийн алдаагүй, үнэн зөв байх хэрэгтэй.

Ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан газрынхаа нэр, өдөр тутмын хийж байсан ажил, орсон гарсан он, сараа жагсаан бичнэ. Хамгийн сүүлд хийж байсан ажлаа хамгийн эхэнд бичих ёстойг анхаарна уу.

Эзэмшсэн мэргэжлийн болон их дээд сургуулийн боловсролын зэргээ мөн л жагсаан бичнэ. Үүнд төгссөн сургууль, мэргэжлийн нэр, төгссөн он сар өдөр, голч дүн зэрэг мэдээлэл заавал байх ёстой.

Хэрэв тухайн ажлын байран дээр очиж анкет бөглөх тохиолдолд аль болох хоосон зай үлдээлгүй бүх цонхыг бөглөх хэрэгтэй. Ялангуяа өөрийн давуу болон сул талуудаа илэн далангүй бичиж, цээж зургаа заавал наагаарай.

2. Ажилд орох өргөдөл (Cover Letter)

Орохыг хүссэн ажлын байрнаас шалтгаалан агуулга нь өөр өөр байна. Ерөнхийдөө таны мэдлэг, туршлага тухайн ажилтай ямар уялдаа холбоотой болохыг тодорхойлох, тухайн байгууллагад хэрхэн хувь нэмрээ оруулах талаар дурдах хэрэгтэй.

Мөн ажлын байрны онцлог шаардлагад нийцүүлэн өөрийн ур чадвар, давуу талуудаа тодотгож өгөөрэй. Өргөдлөө нэг хуудсанд багтааж, товч тодорхой, үг үсгийн алдаагүй, эмх цэгцтэй бичээрэй.

3. Гурван үеийн намтар

Монголын ихэнх байгууллагууд таны өвөө, эцэг, мөн өөрийн тань товч намтрыг шаарддаг тул бэлэн өөр дээрээ хадгалаад аваарай. 

Дээрх бичиг баримтууд бүгд нэг өнгийн, ижил хэмжээ, загвартай байх хэрэгтэй. Албан бичгийн фонтын хэмжээ 11-ээс ихгүй байхаас гадна Arial эсвэл Times New Roman фонт тохиромжтой байдаг. Товч тодорхой, алдаагүй байхыг хатуу санаарай. Монгол хэлний дүрмийн алдааг www.spellcheck.gov.mn, Англи хэлний дүрмийн алдааг MS Word-н цэс эсвэл www.grammarly.com цахим хуудаснууд ашиглан шалгах боломжтой.

Харин одоо ажил хайх явц руу шилжье. Доорх сувгуудыг ашиглан Монгол дахь ажлын зарыг харах боломжтой. Аль болох олон сувгуудыг ашиглаж, өөрт тохирсон ажлын байраа олох нь зохистой.

  • Орохыг зорьж буй байгууллагынхаа цахим хаягаар зочлох

Энэ нь тухайн байгууллагын нээлттэй ажлын байрны зарыг харах хамгийн найдвартай арга юм. Хэрэв таны хүссэн ажилд орон тоо байхгүй бол хүний нөөцтэй нь утсаар холбогдож лавлах эсвэл цахим шуудан руу нь өөрийн анкетаа явуулахад гэмгүй.

Ямар байгууллагад орохоо мэдэхгүй бол “Монгол Улсын ТОП 100 ААН-ийн жагсаалт”-аас сонгож болно. Энэ жагсаалтад орлого, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлдэг компаниуд шалгардаг.

 
  • Фэйсбүүкийн “Jobs” хэсгээс хайх

Фэйсбүүк рүү зөвхөн зураг үзэж, пост унших зорилгоор ордог цаг нэгэнт ард хоцорчээ. Өнөөдөр Монголын төдийгүй олон улсын ихэнх бизнесийн байгууллагууд ажлын зараа Фэйсбүүкийн “Jobs” хэсэгт оруулдаг болсон.

Мөн Фэйсбүүк дээрх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв,  Цагийн ажлын бирж, Ажлын байрны зар хуудсаар дамжуулан ажил олох боломжтой.

  • Хүний нөөцийн зуучлагч байгууллагуудад хандах

Өнөөдөр Монголд Mongolian Talent Network, SCC гэх мэт хүний нөөцийн зуучлагч байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.

Тэд таны мэдлэг, туршлагад үндэслэн өөрийн хамтран ажилладаг байгууллагуудаас ирсэн ажлын байранд зуучилж өгдөг. Энэ үйлчилгээнд хувь хүнээс төлбөр авдаггүй тул ажил хайгчдад ашигтай. Таны зүгээс энэ төрлийн байгууллагатай холбогдон өөрийн анкетаа илгээхэд л хангалттай.

Монголын ажлын зарын нэгдсэн сайт Бизнетворкын хаяг www.zangia.mn болж солигджээ. Тус цахим хаягт бүртгүүлснээр Монгол, Англи хэл дээрх анкет үүсгээд ажлын байр зарлагдсан байгууллагууд руу шууд илгээх боломжтой.

  • Linkedin

Бизнетворкийн англи хэл дээрх хувилбар гэсэн үг. Мэдээж зөвхөн монгол гэлтгүй дэлхийн хаана ч зарлагдсан ажлын байрыг эндээс олж болно. Та www.linkedin.com дээр өөрийн профайлыг үүсгэн, компаниудыг дагаж, хүмүүстэй холбогдох боломжтой. Хүмүүстэй холбоо тогтоож, захидлаар харилцаж, зураг, пост оруулдаг болдог учир Фэйсбүүктэй төстэй.

Сонирхуулахад Linkedin-ий Learning хэсэгт олон төрлийн цахим сургалт байдаг. Шинэ хэрэглэгчид эхний нэг сарын хугацаанд хүссэн сургалтдаа үнэгүй хамрагдах боломжтой байдаг.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ