• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    120   |  
0

Коронавирусийн талаарх сүүлийн үеийн мэдээ, клабхаусын өрөөнүүдийн сонин хачин, ойр дотны хүмүүсийн тань хаана, юу хийж буйг харуулсан стори, шинэ тутамд бий болох трэнд, давлагаанаас хоцрохгүй байх зэрэг мэдээлэл авах хэрэгцээ нь бидний амьдралын салшгүй хэсэг болжээ.

Энэ байдлаар хэрэгтэй ч юм шиг хэрэгцээгүй мэдээлэл дунд хамхуул мэт дэгдсээр нэг л мэдэхэд асар олон цагийг үргүй зарцуулчихсан байдаг. Та яг одоо утасныхаа settings рүү ороод сошиал медиад хэр их цаг зарцуулснаа нэг шалгаад үзээрэй. Үүнээс урьтаж сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Амралтын өдөр утсаа ашигласан хугацаагаа хараад нүд минь орой дээр гарав. Бурхан минь гэж! Өдөр талдаа ч ороогүй байхад өглөөнөөс өдөр хүртэл бүтэн 5 цагийг утаснаасаа “зүүгдэж”, netflix, youtube, zoom-ээр хэсэж өнгөрүүлсэн байв. 

Үүнийг хараад утсаа  бага хэрэглэдэг гэж бодож явсан өөртөө урам хугарахын дээдээр хугарав. Ингээд бүх аппликейншийхээ мэдэгдлийг хаагаад, орой 09:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл утсаа ашиглах боломжгүй болгодог “Bedtime mode”-тохиргоо хийж, гүн төвлөрөх үед гар утсаа автоматаар “focus mode” дээр тохируулж, сошиал медиагийн бүхий л аппликейшнүүдээ түгжиж орхив. Ингээд дэлхий ертөнцөд өрнөж сонин хачинаас өөрийгөө чөлөөлж, өөрийнхөө амьдралд 100 хувь  төвлөрөхийг хичээж эхэлсэн юм.  

АНУ-ын Chartbeat компанийн хийсэн судалгаагаар дэлхийн улс орнуудад сошиал медиа хэрэглээ харилцан адилгүй ч сүүлийн 4 жилийн турш дэлхийн улс орнуудын хүмүүсийн сошиал медиа хэрэглээг нь 173 сая цаг гэж тоймлон дүгнэжээ. Үүнийг хандаж буй төхөөрөмжөөр авч үзвэл гар утаснаасаа сошиал медиа хэрэглэх нь компьютертой харьцуулахад хоёр дахин их байжээ. Энэ 172 сая цаг бол дэлхий дээрх далай, тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх аль эсвэл хувийн ямар ч том зорилгодоо хүрч болохуйц хангалттай хугацаа юм. Тэгвэл өдөр бүр эцэс төгсгөлгүй мэдээлэл дунд хэсүүчлэх нь сайнаас илүүтэй саараар буюу бидний сэтгэл зүй, бие физиологийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байдаг.  

Хэрэв та цахим орчинд хэсүүчлэх цагаа багасгаж амьдралдаа их цаг зарцуулж, илүү утга учир дүүрэн амьдрахыг хүсвэл өдөр тутмын амьдралын жижиг дадлуудаа өөрчлөх шаардлагатай болох нь.

Ажил, хичээл гээд сошиал медиад уягдах шалтгаан бишгүй байв ч, сошиал орчноос  “ховхрох нь” нэр хүнд, найз нөхөд мөнгө, ямар нэгэн боломжийг алдах шалтгаан огтхон ч болдоггүй. Харин ч асар хурдацтай өөрчлөлтийг бий болгож буй  технологийн машины тээрмээс хамгийн үнэтэй баялаг болох цаг хугацаагаа аварч, бодит амьдралдаа эргэн ирж, илүү утга учир, сэтгэл ханамжтай амьдралыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд цаг хугацааг тань “залгигч” хар машинаас өөрийгөө чөлөөлж, сэтгэл ханамж, бүтээмж дүүрэн амьдрахад туслах 10 микро дадлыг амьдралынхаа мөрдлөг болгоорой.  

1. Сэрүүлэгтэй цагтай болох  

Орой унтахаас өмнө болон өглөө сэрсний дараах хугацаа нь subconscious mind (далд ухамсар) буюу хүний сэтгэхүй, бодлын үндэс болсон ухамсарт сэтгэхүйгээс бүрдсэн тархины идэвхжлийн оргил үе байдаг буюу бидний бүтээлч сэтгэхүйг өдөөж байдаг. Тиймээс хамгийн үнэ цэнэтэй хугацаа болох энэ үе буюу өглөө сэрэнгүүтээ эсвэл унтахын өмнө утсаа ашиглахгүй байхыг тархи судлаачид зөвлөдөг.  Өглөө утасныхаа сэрүүлгээр сэрдэг бол сэрүүлэгтэй цагтай болох нь хамгийн зөв шийдэл гэнэ.  

2. Зүүдтэйгээ  илүү ойр бай

Аналитик сэтгэл судлалыг үндэслэгч, сэтгэцийн эмч Карл Юнгийнхээр зүүд бол “шөнийн далайн аяллыг тольдох цонх”  бөгөөд өөрийн дотоод ертөнц рүү өнгийхөд цонх байв. Тиймээс сэрэнгүүтээ утсаа оролдох биш орныхоо ойролцоо тэмдэглэлийн дэвтэр тавьж, зүүдээ замхрахаас нь өмнө тэмдэглэж байхыг зөвлөжээ.

3. Утсаа шагайх завдал олгодоггүй өглөөний дадлыг бий болгоорой  

Эртний санскрит сударт ийм нэгэн түүхийг өгүүлдэг. Кришна бурхан итгэлт анд Аржунагийн хэрхэн сэтгэл дүүрэн амьдрах вэ гэсэн асуултад ийн хариулдаг. Таны оюун санаа тогтворгүй байвал сэтгэл тань тайван бус, та аз жаргалгүй нэгэн болдог. Хүн бүхий л сэтгэл зүрхээрээ нэг л зүйлд итгэж  тэмүүлэхэд зориулбал, ертөнц таны итгэл үнэмшлийг биежүүлдэг.

Тиймдээ ч өнөөдрийг хүртэл амьдарч дадсан олон зүйл рүү адгадаг, гадаад орчны мэдээлэл хэт ач холбогдол өгдөг, завгүй, хэв маягаа өөрчлөх гээд үзээрэй.

Та өмнө нь төгөлдөр хуур тоглож, усан будгаар зураг зуран, шүлэг бичдэг байсан уу.

Утсаараа шүүрч аваад оролдож суух 15 минутыг шинэ дадал бүтээх, хуучин хоббигоо сэргээх, дасгал хийх, ном унших, тэмдэглэл хөтлөхөд гээд өөр шинэ зүйлд зориулаарай. Энэ дадлыг сар хэвшүүлж сошиалд орчинд хэсүүчилсний дараа төрдөг мэдрэмжтэйгээ харьцуулаарай. Огт өөр мэдрэмж өгч байвал дараагийн сард бас шинэ дадлаа үргэлжлүүлж, бүр зориулах цагаа уртасгаарай. Жилийн дараа энэ дадал таны амьдралын хэв маяг болсон байх болно.

4. Өглөө цаасан ном, сэтгүүл уншиж дадах

Цаасан ном унших нь таны эрүүл мэндэд илүү тустайг АНУ-ын Эрүүл мэнд ба Нийгмийн шинжлэх ухаан сэтгүүлд дурджээ. Тодруулбал хэвлэмэл ном, сэтгүүл унших нь таны амьдралыг 23 сараар уртасгадаг байна.  

5. Утсаа ширээнээс хол тавьж хооллох

Утсаа оролдохгүй ч хоолныхоо ширээн дээрээ байлгах нь хамт хооллож буй хүмүүстэйгээ гүнзгий бус өнгөц яриа өрнүүлэх шалтгаан болдог байна.  

6. Утсаа хэрэглэхдээ ухамсартайгаар ханд

Хэн нэгэн рүү мэйл эвсэл чат бичихдээ, сошиал хаяг дээрээ пост, хэн нэгний постын доор сэтгэгдэл бичихдээ, Гандигийн “Гагцхүү чимээгүй байдлыг дээрдүүлж байвал л ярь” гэсэн эшлэлийг санаарай.  

7.  Жинхэнэ найзууддаа л анхаарлаа  хандуул

Сошиал медиад холбогдсон хүмүүсийг “найз” гэж нэрлэх болсноор жинхэнэ найзуудтайгаа өнгөрүүлэх цаг хугацааг багасгажээ. Сэтгэл судлаачид ихэнх хүн цөөн тооны /ойролцоогоор 15 орчим/ найз нөхдийн харилцаанд бүрэн анхаарал хандуулж, нэгдэж чаддаг гэдэгт санал нэгддэг. Энэ үүднээс аваад үзвэл хүн 1,000 найзтай байх ямар ч боломжгүй юм. Тиймээс олон зуун дижитал найзууддаа таалагдах гэж, тэдэнд сэтгэгдэл төрүүлэх гэж үнэтэй цагаа үрэхийн жинхэнэ найзууддаа илүү их анхаарал хандуулж, аль болох ойр ойрхон уулзаж, хамтдаа шинэ содон зүйл туршиж байхыг хичээгээрэй.  

  8. Бодит байдлыг бүтээ  

Гадаад үзэмж, өөртөө итгэх итгэлийг маань биднээс холдуулдаг зүйл бол  өөрийнхөө бодит байдлаас хэтийдсэн имижийг цахим орчинд бүтээх явдал юм. Нүүрээ будаж, бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхгүйгээр хааяа ч болов зөвхөн өөрийнхөөрөө байж бусдад тоогдох хүлээлтийн байдлаас өөрийгөө чөлөөлж өөр тань ямар мэдрэмж төрж байгааг ажиглаарай. Ойр дотны хүмүүстэйгээ зайнаас харилцахын оронд болж өгвөл хамт ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэх нь одоо цагтаа амьдарч, амьдралыг бүрэн дүүрэн амтлахад тусална.

 9. Төлөвлөснөө бүү хойшлуулаарай

Ухаалаг утас уучлал эрсэн болоод аливааг хойшлуулах, төлөвлөсөн зүйлээ тэр чигээр нь цуцлах зэрэг элдэв шалтаг эрэх боломжийг хялбарчилдаг байна.

Тиймээс төлөвлөсөн л бол хийж сур. Хэн нэгэнтэй ямар нэг зүйл хийхээр цаг товлосон бол хувийн амьдралдаа цаг гаргахаар шийдсэн бол амлалтандаа заавал хүрээрэй.

10. Сайн унтаж амрах дадлыг хэвшүүл

Унтахаасаа 2 цагийн өмнө зурагт, утас, компьютер зэрэг төхөөрөмж хэрэглэхгүй байх нь дэрэн дээрээ толгойгоо тавимагцаа унтаж, шөнийн турш бат бэх нойрсохын үндэс болдог. Мөн орондоо орохоос өмнө сошиал медиагаа шалгахын оронд мөрөөдлийн, эсвэл талархлын тэмдэглэл хөтлөх, бясалгах, шүлгийн мөртүүд уншиж байгаад унтах дадлыг хэвшүүлээрэй.

Бидний өдөр тутмын амьдралын бүхий л хүчин зүйл ухаалаг утастай хамааралтай болчихсон тул утасны донтолтоос өөрийгөө чөлөөлөх нь төдий л хялбар биш. Тиймдээ ч өөртөө хэт хатуурхаад хэрэггүй. Гэхдээ таныг утасныхаа дэлгэц рүү шагайж байх мөчид ухаалаг утасны тань олон мянган алгоритм таны үйл хөдлөл, алхам бүрийг тандаж илүү удаан хугацаанд утсаа ашиглах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зогсоо зайгүй ажиллаж, шинэ сонирхолтой контентуудаар бөмбөгдөж, үйлдэл хийлгэх ямар нэг өдөөлтийг өгсөөр байдаг.  

Ингээд хамтдаа 2021 ондоо өмнө нь ухамсарлахгүйгээр хийдэг байсан бүхнээсээ  ангижирч, амьдралыг тань сүйтгэж болох үйлдэл бүрт үгүй гэж хэлж цаг хугацаа, амьдралаа, өөрөө  удирдаарай.  

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ