• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    170   |  
0

Хүн төрөлхтний үеийн үед эрмэлзэж, судалж ирсэн эрүүл, саруул байж, урт наслах асуултын хариултыг Япончуудын амьдралын хэв маягаас олж харах боломжтой. Япон улс хүн амын насжилтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдгийг та мэдэх биз ээ. Тодруулбал, НҮБ-ийн хүн амын сангийн 2020 оны тайлангаар хүн амын насжилт  өнгөрсөн оныхтой харьцуулахад  0.14 хувиар өссөн бөгөөд 84.79 хүрсэн бол Сингапурын хамгийн өндөр буюу 85.03 байгаа.

2019 оны Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны статистикаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.45 байсан бол эрэгтэйчүүдийнх 81.41 байжээ. Мөн сүүлийн 30 жилийн  дотор эрэгтэй болон эмэгтэйчүүдийн аль алины хувьд насжилт 5 жилээр уртассан байна.

Хүн амын ердөө 4.30 хувь нь таргалалттай бол Америкчуудын 36.2 хувь, Британичуудын 27.80 хувь жингийн илүүдэлтэй.  Харин 2017 онд хийсэн “Хүн амын хоол шим тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайлангаар Монголчуудын 31.6% нь илүүдэл жин, таргалалттай байна.

2019 оны статистикаар тус улсын 90 насалсан ахмадын тоо 2.1 сая, 100 гарсан ахмадын тоо 71,000 байжээ. 

Тэгвэл ийн урт насалдаг амьдралын хэв маягийн үндэс нь юу болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Сонирхолтой нь Rakuten Insight судалгааны байгууллагын 20-60 хүртэлх настай 1000 Япон иргэний дунд хийсэн судалгаагаар тэд дасгал хөдөлгөөн маш цөөн хийдэг буюу тал хувь нь сард нэг л удаа дасгал хийдэг гэжээ.

Тэгвэл дасгал хийхгүйгээр яаж тийм эрүүл байж болох юм бэ гэж үү?

Хэрэв дасгал хөдөлгөөн гэж тэднийхээр юу болохыг ухаж ойлгох хэрэгтэй болно. 

Тэд чийрэг байхын тулд фитнессд явах, хүнд төмрүүд өргөх, эсвэл 10 км гүйх шаардлагагүй гэж үздэг. Харин тэдний  амьдралын салшгүй хэсэг болсон дасгал хөдөлгөөн бол алхалт юм.  Насанд хүрсэн  (20-50) япон эмэгтэй өдөрт дунджаар 7000 алхдаг бол ижил насны эрэгтэйчүүд 8000 алхдаг байна. Тэгвэл ялангуяа Окинава мужид алхалтын хэв маягаараа Япондоо хамгийн алдартай. Харин Нагано хотын хувьд иргэддээ зориулан хот дотроо алхалтын 100 маршрут гаргаж өгснөөр хамгийн түгээмэл өвчлөл болох цус харвалтыг бууруулж чаджээ.

Японд нийтийн тээвэр өндөр хөгжсөн, өртөг хямд мөн иргэддээ алхахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн тул хэдий тус улс автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны нэг атлаа иргэд машин худалдан авах хандлага тийм ч түгээмэл биш. Тиймдээ ч дийлэнх хүн ажилдаа явахдаа, дэлгүүр хэсэхдээ, болзохдоо, гадуур хооллохоор гарахдаа үргэлж алхана.  Алхах нь амьсгалахтай агаар нэг тэдний амьдралыг амин чухал амьд явах хэрэгцээ гэсэн сэтгэхүй үеийн үед уламжлагддаг байна. Мөн 1928 оноос эхлэн Японы Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар хөдөлгөөний дутагдал, таргалалтаас сэргийлэх зорилгоор Радио тайсо буюу радио дасгалыг зохиож ирсэн нь өдгөө ч хүмүүс өглөө эрд радио дасгалаа хийдэг байна.  Сурагчдын 98 хувь нь сургуульдаа алхаж эсвэл дугуйгаар зорчдог байна.

Эрүүл хооллолт

Таргалалт нь үхэлд хүргэдэг өвчин болох чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчний үндэс болдог. Тиймдээ ч Япончуудын урт наслах жор нь тэдний гал тогооноос эхэлдэг гэж хэлж болно. Япончуудын хооллолтын хэв маягийг судалж үзвэл V  зууны Грекийн дотрын эмч Гиппократын “Хоолыг эм шиг хэрэглэ, эс бөгөөс эмийг хоол шиг хэрэглэнэ” гэсэн зөвлөгөөний том томруун жишээ билээ. Тэдний хоол хүнсний хэрэглээг аваал үзвэл эрүүл, тэнцвэртэй, шим тэжээлээр баялаг хүнс болох омегагаар баялаг загас, үр тариа, буурцаг, дүфү, мисо, далайн ногоо болон олон төрлийн жимс ногооноос бүрдэнэ. Эдгээр хүнсүүд нь эрүүл буюу ханаагүй өөх тос агуулдгаас гадна глюкоз илчлэг хамгийн бага агуулдгаас гадна, амин дэм, эрдэс бодисоор баялаг тул хорт хавдар болон зүрх судасны өвчлөл үүсгэдэггүй. Ийнхүү тэдний эрүүл хооллолтын хэв маяг нь илүүдэл жингийн зовлонгоос сэргийлдэг.

Хооллох хэв маяг

Та зурагтаа үзэж, утсаа оролдонгоо, ажлаа хийхийн хажуугаар амруугаа хоол үмхэлж суугаа юм биш биз. Хэрэв энэ бүхэн танд танил санагдаж байгаа бол та идэж буй хоолондоо огтхон ч анхаарал хандуулахгүйн шинж. Японд ‘hara hachi bun me’ гэх хэллэг бий, утгачилбал цадах мэдрэмж автал биш ходоодныхоо 80 хувийг л дүүргэ гэсэн. Судлаачдын үзэж буйгаар нас ахихын хэрээр хүний ходоодон дахь микро организмын үйл ажиллагаа буурч, тоо хэмжээ багасдаг тул ходоодны эрүүл мэнд муудах нь эсийн үрэвслийн үндэс болдог ба энэ цаашлаад харвалт, зөнөгрөл, зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог байна. Та их идэхийн хэрээр хоол  хүнсээр дамжуулан үрэвсүүлэгч стресс биедээ хураадаг.  

Тархи цадсан гэх мэдрэмжийг автал хамгийн багадаа 20 минут зарцуулдаг тул бага хэмжээгээр удаан хооллох нь тэдний урт наслалтын нууц аж. Хооллохдоо олон жижиг тавганд, хачир болон хоолнуудаа таваглан газар завилж суугаад савхаар хооллоно. Ингэхдээ зөвхөн хоолондоо л анхаарлаа хандуулна. Савх ашиглах нь хооллох үйл явцыг удаашруулж, тархинд цадсан мэдрэмж өгч, мөн хоолны шингэцийг сайжруулдаг. Урт наслах нууц нь дан ганц юу идэхэд бус хэрхэн идэхэд оршдог аж.  

Ногоон цай уух

Япончуудын цай уух соёл, цайн ёслол 1000 гаруй жилийн настай. Энэхүү эртний, гайхамшигт цай нь антиоксидантаар баялаг тул дархлааны системийг  дэмжиж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх төдийгүй, хоолны шингэцийг сайжруулж, бодисын солилцоо цусны эргэлтийг нэмэгдүүлж, эрч хүч сэлбэдэг аж. Түүгээр ч үл барам эсийн мембрануудыг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулдаг байна. Матча буюу ногоон цайны гайхамшиг нь бэлтгэх үйл явцад оршино. Тэд нялх навчнуудад тусах нарны гэрлийг халхалж ургуулдаг нь ургамлын хлорофилл болон антиосидантын хэмжээг нэмэгдүүлдэг.  

Эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээ

Урт наслах дараагийн жор бол хамгийн шилдэг эрүүл мэндийн үйлчилгээг авдагт оршино. Bloomberg Efficient Health Care судалгаанаас үзэхэд Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээ нь дэлхийд 4т-т жагсжээ.  Тэд 1960 оноос хойш хүн амынхаа эрүүл мэндийн үйлчилгээний 70 хүртэлх хувь, нийгмийн эмзэг бүлгийнийнхний 90 хүртэлх хувийн эмчилгээний зардлыг дааж байжээ.

Мөн технологийн дэвшлийн тусламжтайгаар өвчнийг оношлох, анагахаах мэс заслын дэвшилтэт технолги бүхий тоног төхөөрөмжүүдийн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах байдлаар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж хүмүүсийнхээ насыг уртасгасаар буй. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгийг сургууль болон албан байгууллагад жилд нэг удаа заавал хийдэг. Тус улсын Засгийн газрын энэ мэт санаачлагын үр дүнд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилыг нийгмийн амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Япончууд жилд дунджаар 13 удаа үзлэгт ордог  Ингэснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж, хүндрэхээс урьтаж эмчилж чаддаг аж.

Икигай

Аз жаргалтай амьдралыг бүрдүүлдэг хэв маяг нь Даничуудын хувьд “hygge”,  Францчууд ‘joie de vivre’ бол Япончуудынх  “Икигай". Энэ  философи нь зорилготойгоор, хичээнгүй ажиллаж, аз жаргалтайгаар амьдрах гэсэн санааг илэрхийлэхээс гадна .бусдын амьдралд ямар нэг өөрчлөлт авч ирэх гэсэн утгатай. Иймд тэдний урт насалдаг нууц нь  ахмад настнууд тэтгэвэрт гарсан ч залуу насны эрч хүчээрээ ажиллаж хөдөлмөрлөж, өөрийгөө завгүй байлгадагтай холбоотой аж. Тиймдээ ч судлаачид зорилготой амьдрал нь сайн нойрсох, архаг өвчингүй байх, урт наслахтай холбон тайлбарладаг. Харин бусад орнуудад ахмадууд тэтгэвэрт гарахаараа зорилгогүй болдог тул энэ байдал нь сэтгэл зүй, бие физиологийн эмгэг үүсгэж нас баралтын бас нэгэн хүчин зүйл болдог аж.

 Ашигласан эх сурвалж: 

macrotrends.net

trafalgar.com

medium.com

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ