• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    108   |  
0

Улиг болсон цаг төлөвлөлтийн аргуудаас огт өөр бодит байдалд хэрэгжихүйц 18 аргыг танд танилцуулах гэж байна.

1. Хийх зүйлсийн урт жагсаалт гаргахаа боль
Хүн өдөрт хамгийн ихдээ 5 ажилд төвлөрдөг. Тиймээс хамгийн чухал гэсэн 4-5 ажлаа л тархиндаа багтаагаад бусдыг нь зүгээр орхи. Уртаас урт жагсаалтаа хийж чадаагүйгээс стресстээд эргэж эрч хүчээ алддаг. Гарын алганд багтах цаасанд л таны өнөөдрийн ажлын төлөвлөгөө багтах ёстой. Өөрөөр хэлбэл та “1-3-5”, “3+2”, 6 хайрцагны дүрмийг ашиглаж болно.

2. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээхээ боль
Эмэгтэйчүүдийг олон үйлдлийг нэг дор хийхдээ сайн гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ олон үйлдлийг нэг дор хийх нь ажлын чанарт заавал нөлөөлдөг. Мэдээж аяга тавгаа угаангаа подкаст сонсох нь хоргүй байж болох ч олон үйлдэл зэрэг хийх нь эрүүл мэндэд ч сайнгүй гэдгийг тогтоосон байна. Олон ажил хооронд шилжилт хийх бүрт тархи их ачаалал авч өөрөө ч мэдэлгүйгээр сульдаж байдаг.

3. Төвлөрөх боломжийг өөртөө олго
Чухал ажлаа хийж байхдаа анхаарлаа сарниулах бүх нөхцөлийг аль болох байхгүй болго. Хэр их төвлөрнө, тэр хэрээр тухайн ажлын гүйцэтгэл илүү чанартай, хурдтай байх боломжтой болдог.
 

4. Хийх ажлынхаа дуусах хугацааг хоёр дахин ойртуул
Хийх хугацаа урт байх тусам ажил цалгардах хандлагатай байдаг. Тиймээс хийх чухал зүйлсийнхээ сүүлийн хугацааг нь боломжит хугацаанаас хоёр дахин өмнө болго. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд хийх боломжтой ажилд өөртөө 15 хоногийн хугацаа өгч дуусга.
 

5. Цэгцэл бас дахин цэгцэл
Орой ажлын дараа таны заавал хийх зүйл бол ажлын орчноо цэгцлээд явах хэрэгтэй. Өглөө ирээд ажлын орчноо цэгцлэх нь ажлын хурдыг багасгах талтай. Цэгцтэй байдал таны тархийг амраахад бас хурдтай ажиллахад тусалдаг.
 

6. Тухайн ажлыг заавал та хийх ёстой юу гэж өөрөөсөө асуу
Өөр хэн нэгэнд шилжүүлэх боломжтой ажлыг заавал та хийх гэж цаг хугацаагаа алдах хэрэггүй. Магадгүй зарим ажлыг хийлгэхэд хэн нэгэнд төлбөр өгөх хэрэгтэй байсан ч түүнээс ч илүү цаг хугацаа, эрч хүчээ хэмнэх мөн илүү чухал ажилд оюун санаагаа зориулах боломжтой болно.
 

7. Анхаарал нь төвлөрөхгүй бол дуртай зүйлээ хийж хэсэг завсарла ав
Хийх ажил олон байгаа ч аль дээр нь ч таны анхаарал төвлөрөхгүй, дэмий санаа зовохоос хэтрэхгүй байгаа бол таныг хэсэг завсарлага авах ёстойг тархи тань сануулж байна гэсэн үг. Тиймээс зүгээр л юу ч бодолгүй дуртай хөгжмөө сонс, хайртай хүнтэйгээ утсаар ярь, хөөрхөн хүүхдүүдийнхээ зургийг хар, хөгжилтэй хэн нэгэнтэй яриа өрнүүл. Эдгээр нь таныг дэмий санаа зовж сууснаас хамаагүй илүүтэйгээр эрч хүчийг тань сэлбэж дараагийн ажлаа үр дүнтэйгээр хийх боломж олгоно.
 

8. Дахин шалгах ажил бүү хий
Ажлаа хийж байх хором тутамдаа л маш сайн нягталж, дахин дахин шалгахааргүй болтлоо өөртөө дадал болгох нь маш их цаг хугацаа, эрч хүчийг хэмнэдэг. Тэр нь танд тухайн ажлыг удаан хийж байгаа мэт санагдуулах боловч эргэж дахин дахин шалгаснаас хамаагүй цагаа хэмнэх байх болно.
 

9. Уулзалтыг багасга
Цаг үрдэг нэг зүйл бол үр ашиггүй дэмий яриа бүхий уулзалтууд байдаг. Хэрвээ анхны удаа биш бол аль болох утсаар, онлайнаар уулзалтуудаа шийдэхийг хичээ. Мөн ижил зорилготой хүмүүсийн уулзалтыг нэг дор, нэг хугацаанд болговол цаг хэмнэх давуу талтай. Уулзалтанд очихдоо зарцуулах хугацаа бол яриаг нь чиглүүлэх асуултыг бодож оч. Өөрөөр хэлбэл, асуултаараа дамжуулж та яриаг удирдах ёстой. Энэ нь хэрэгцээгүй дэмий ярианаас зайлсхийх боломж олгоно.

10. Ажлуудаа багцал
Мэйлийн хариу, утсаар ярих, төвлөрч бичих боловсруулах, уулзалт гэх мэтээр ажлуудаа багцлах нь маш үр дүнтэй байдаг. Төвлөрч боловсруулах ажлын хажуугаар хүнтэй уулзах эсвэл утсаар ярих ажлаа хийвэл эрч хүч тань хэд дахин алдагдана.

11. Нэг минутын дүрмийг хэрэгжүүл
Зохиолч, аз жаргалын судлаач Gretchen Rubin-ын амьдралаа хялбар болгох нэг минутын дүрмийг хэрэгжүүлээд үзээрэй. Үүнийг багахан өөрчлөөд 5 минутын эсвэл 10 минутын, 30 минутын дүрэм болгосон ч болно. Хийх ажлын жагсаалтаасаа хараад тухайн ажлыг хийхэд 1 минут л хэрэгтэй бол бодолгүй шууд хий. Үүнтэй адил мөн 10 минут эсвэл 30 минут л шаардлагатай бол мөн л шууд хий. Энэ нь яаж хийнэ дээ гэсэн тархин дахь шаналлыг шууд байхгүй болгоно.
 

12. Эхэлсэн бол заавал дуусга
Эхлээд дундуур нь орхисон ажлыг дахин хийхэд цоо шинээр хийж байгаа мэт бүх зүйлийг эхнээс нь хийх хэрэгтэй болж, өмнө нь зарцуулсан цаг хугацаа хогийн саванд хаягддаг. Тиймээс ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал...
 

13. Бусдаас туслалцаа хүс
Таны хийх ажил олон байгаа ч үнэхээр цаг хугацаа хүрэлцэхгүй бол тухайн ажилтай хамааралтай хэн нэгнээс ичиж зоволгүйгээр туслалцаа хүс, амжихгүй бол цагийг сунгах хэрэгтэй эсвэл өөр хүнд шилжүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгуулаарай.
 

14. Шийдвэр гаргах чадвараа хөгжүүл
Бид өдөр тутамдаа санаатай санамсаргүйгээр 35 мянган том, жижиг шийдвэр гаргаж, сонголт хийдэг байна. Ялангуяа ямар хувцас өмсөх, ямар хоол идэх, дэлгүүрээс юу худалдан авах гэх мэт байнга давтагддаг механик сонголтуудаа хуваарь гаргах замаар автоматжуулж, тэдгээрийг шийдэхэд эрч хүчээ алдах шаардлагагүй.
 

15. Биологийн цагийн дагуу ажилла
Бид бүтэн өдрийн туршид 120 минут л хамгийн өндөр үр дүнтэйгээр ажиллах боломжтой байдаг. Эхний 90 минут хүртэл эрч хүч өсөөд дараагийн 30 минут бага багаар буурч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн турш эрч хүчээ аль болох жигд байлгахын тулд 25 минутын турш бүрэн төвлөрч ажиллаад 5 минутын завсарлага авах хэрэгтэй. Хэрэв суугаа ажил хийдэг бол 25 минут тутамд заавал босох явах зэргээр заавал ямар нэг хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.
 

16. Хоёр цагийн шийдэл
Хийх ажлын жагсаалт биш шийдвэрлэх ажлын жагсаалт гаргаж түүндээ долоо хоногт 2 цагийг зарцуулаарай. Ингэснээр таны хийх ажлын тоо эрс багасах боломжтой. Учир нь заримдаа бид шаардлагатай бус зүйлсийг хийх ёстой гэсэн сэтгэлгээгээр хандаж хийдэг зүйлс цөөнгүй.
 

17. Төгс төгөлдөр байдлаас зайлсхий
Бүх зүйлийг яг төсөөлснийхээ дагуу хийнэ гэх бодол таны эрч хүчийг маш ихээр хумсалдаг. Төсөөлөл бодит байдал хоёр ихэнхдээ зөрдөг. Тиймээс зарим үед бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй.

18. Эрүүл мэндийнхээ төлөө өнөөдөр та юу хийсэн бэ?
Ямар ч хариулт гарч ирэхгүй байгаа бол танд ямар ч төлөвлөлт байхгүй байна гэсэн үг. Та хичнээн сайхан төлөвлөгөөт ажил гаргалаа гээд эрүүл мэндээ алдвал таны бүх зүйл үгүй болно. Тиймээс завгүйгээс болж дасгал хийсэнгүй, зөв хоол идэж чадсангүй, ажил ихтэй байсан болохоор олон цагаар суулаа гэх мэт тэнэг хариулт өөртөө өгөхөө болих цаг нь болсон.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ