• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    76   |  
0

Дэлхий нийтэд харанга дэлдээд буй шинэ коронавирусийн тухай ойлголт, оношлогоо эмчилгээний талаар Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа манай студид ирж үзэгчидэд шууд дамжуулалтаар мэдээлэл хүргэсэн билээ. Тус халдварт өвчний эмчилгээ, хэрхэн сэргийлэх талаар цөөн хором ярилцлаа.

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа

-Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар Хятадаас гадна 30 оронд илэрлээ. Манайд орж ирэхгүй байхын аргагүй нөхцөл байдал үүслээ?

-Арай  ч тэгж хэлж болохгүй. ДЭМБ-ын тайлангаар манай улс эрсдэл өндөртэй орны тоонд орсон. Дэлхий дээр коронавирусийн 500 гаруй төрөл бүртгэгдсэн гэж үздэг. Эдгээрээс хүнд халдварлах  6-7 төрөл бий. Үүнийг зөвхөн генийн түвшинд, тусгай оношлуураар оношлож байж л шинэ коронавирус мөн эсэхийг тодорхойлох боломжтой.

-Тэгэхээр бидэнд оношлуурын хангамж их чухал байх нь ээ?

-Тийм ээ. Цус болон хоолой залгиурын арчдсаас шинжилдэг учраас нэг оношлуурыг нэг л хүний шинжилгээнд ашигладаг тул оношлуурийн хүрэлцээ хамгийн чухал. Японоос буцалтгүй тусламжаар 200 оношлуур ирснийг манайд хэрэглэж буй. Би саяхан 50 оношлуур захиж авчруулан ЭМЯ-д хандивласан. Энэ долоо хоногоос ДЭМБ манай улсад хандивлана гэсэн.

-Та түрүүн оношлуурыг Монголд хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой гэлээ. Яаж вэ?

-Вирус оношлох энэ төхөөрөмжийн патентыг дэлхий нийтэд нээлттэй болгосон учраас үйлдвэрлэх эрхийг авахад мөнгө төлөх шаардлагагүй. Эд ангийг нь үйлдвэрлэгч орнуудаас захиалаад дотооддоо үйлдвэрлэвэл зардлын хувьд харьцангуй хямд тусна.

Бид хангалттай оношлууртай байж вирусийн халдвартай эсэхийг эрт илрүүлэх боломжтой.

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа

-Хятадад эмчлэгдсэн хүний тоо 3 мянга хэдийн давлаа. Ямар аргаар эмчлээд байна гэсэн үг вэ?

-Клиник болон  өвөрмөц эмчилгээг ялгаж ойлгох хэрэгтэй. Бие нь сайжирч, эмнэлгээс гарч буй хүмүүс хатгалгааны вирусийн эсрэг эмчилгээ хийлгэсэн гэсэн үг. Шинэ коронавирусийг устгах вакцин, эм бэлдмэлийг хараахан гаргаагүй байна. Саяхан remdesivir гэх эмийг эмнэлзүйн судалгаанд оруулахыг зөвшөөрсөн. Удахгүй өвчтөнүүд дээр туршиж үзээд хэдэн хувийн магадлалтай болохыг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл 100 хүнд туршиж үзээд хэдэн хувьтай үйлчилж байна вэ гэдгийг удахгүй олж мэднэ.  

-Тэгвэл вакцин хэзээ хэрэглээнд нэвтрэх боломжтой вэ?

-Эрдэмтэд хоёроос гурван сар болно гэсэн таамаг дэвшүүлээд буй. Тус вакцинийг хүн дээр туршаагүй учраас хэзээ гэдгийг нь баттай хэлэх боломжгүй. Вакцин гаргалаа гэхэд их хэмжээгээр үйлдвэрлэх, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зах зээлд нийлүүлнэ гэдэг нь тусдаа асуудал.

-Коронавирусаас гадна манайд бага насны хүүхдийн уушгины хүндэрсэн хатгалгаа харанга дэлдэж буй. Энэ жилийн хувьд гэхэд Монголд 400 гаруй хүн нас барсан гэсэн тоог ЭМЯ гаргасан?

-Уушгины хатгалгаа Монголд нас баралтын томоохон хувийг эзэлдэг. Хатгалгааны шалтгаан маш олон. Вирус эсвэл бактериас үүдэх, биеийн дархлаа сул байх зэрэг орно.

Томуу, бактерийн гаралтай ердийн хатгалгаа зэрэг нь коронавирустэй маш төстэй шинж тэмдэгтэй учраас үүнийг генийн аргаар үзэж байж, эцсийн оношийг тодруулах боломжтой. Халуурч байгаа хүнийг коронавирусийн халдвар авсан гэж нийгэмд түгшүүр тарааж, сенсацлаж болохгүй.

Хүүхдүүдийн хатгалгааны хувьд ядууралтай холбоотой байдаг. Ядуурлын үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орно, амьдрах орчинд нь ариун цэвэр алдагдана, хүйтний улиралд даарч байна. Энэ мэт шалтгаанаас үүдэн эмнэлэгээс эмчлэгдээд гарсан ч гэртээ ирээд дахиад л хатгалгаа авчихдаг.

 Манай улс, ядуурлын түвшинг бууруулж, гэр хороолол, утаа зэрэг дэд бүтцийн асуудлаа шийдэж байж, нийгмийн эрүүл мэнд дээшлэх боломжтой. 

Нэг үеэ бодвол хатгааны эсрэг вакцинд улс даяар бүх хүүхдээ хамруулдаг боллоо. Харин одоо ахмадуудад хатгалгааны эсрэг вакцин хийх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ вакцин бол хамгийн түгээмэл буюу бактерийн гаралтай хатгааны л вакцин. Коронавирус зэрэг вирусийн гаралтай хатгалгааг энэ вакцинаар зогсоож чадахгүй. Мөөгөнцрийн гаралтай, ердийн томуу, томуугийн гаралтай хатгалгаанд ч энэ вакцин нөлөөлөхгүй. Хатгалгааны вакциныг хийлгэчихсэн юм чинь ямар ч өвчин тусахгүй гэж ойлгож болохгүй. Өрөөр хэлбэл вирусийн гаралтай хатгааг авах боломжтой учраас дархлаагаа шим тэжээлтэй хоол хүнс, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийж, агаар салхинд гарах зэргээр дэмжих хэрэгтэй. Мөн зүүн эмчилгээ болон физик эмчилгээ зэрэг нь хийлгэх нь дархлааг дэмждэг.

-Ярилцсанд баярлалаа.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ