• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0
 

Стресс гэхээр ядрах, сэтгэл түгших зэрэг сөрөг дүр зураг үргэлж бидний төсөөлөлд буух нь элбэг. Өмнөх нийтлэлээрээ стресс даамжрахаар эрүүл мэндэд ямар сөрөг үр дагаварыг үзүүлдэг хэрхэн түүнээс сэргийлэх талаар нийтлэл хүргэсэн бол энэ удаад стрессийн сайн үр дагавар болон эерэг стресс гэж юуг хэлж буйг хамтдаа олж мэдэцгээе.

Та өөрөө ч мэдээгүй байхдаа эерэг стресст автсан байдаг гэнэ. Мөн үүнийг зориудаар ч бий болгох боломжтой. Өөрийгөө ямарваа нэг зүйлд сорьж, идэвхтэй байлгаж, сайхан мэдрэмж төрүүлэх,  шинэ зорилго тавьж, түүн рүүгээ тэмүүлэх үед  буюу догдлох эсвэл түгших, сандарсан мэдрэмж авах үед бид эерэг стресст өртдөг байна.

Мөн хүсэж буй зүйлсээс илүүтэй нэн тэргүүнд, шаардлагатай байгаа зүйлийг хийх нь эерэг стрессийг бий болгодог аж. 

Сэтгэл судлаачид олон жилийн турш стрессийн талаар судалж “стрессийн хууль” гэгчийг боловсруулжээ. Энэ хуульд зааснаар зохистой хэмжээгээр стресст автах нь оюуны болон бие физиологийн чадамж, ой тогтоолт, шийдвэр гаргах чадвар, урам зоригийг нэмдэг байна.

Стрессийн хууль гэж юу вэ?

Стрессийн хуулийн тухай ярихаар Goldilocks хандлага буюу алтан дундын зарчим нэн чухалд тооцогддог. Стресс ихэдвэл бие физиологи болон оюуны ачаалал нэмэгддэг бол  огт стресст автахгүй байх нь ажил хийх урам зоригийг мохоодог гэнэ. Ямар нэг эгзэгтэй үед эсвэл тэмцээн шалгалтын өмнөх догдол, сандралын үед адреналин ялгарч анхаарал төвлөрөл нэмэгддэг нь үүний нэгэн жишээ юм.

Спортынхон үүнийг  “clutch gene” гэж нэрлэдэг бөгөөд тэмцээний сүүлчийн хоромд хамгийн сайнаараа хичээхийг хэлдэг байна.

Нөгөөтэйгүүр энэ зарчмыг Yerkes-Dodson-ы хууль буюу зохистой хэмжээний гадны цочроо /стресс/ нь аливааг хурдан сурах, бүтээмж сайтай байхад нөлөөлдөг хэмээн үздэг.

Хүний бүтээмж болон ямарваа нэг стресс үүсгэгчийн харилцан хамаарлыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд Yerkes-Dodson-ы хуулиар тайлбарладаг. Үүнийг 1908 онд анх хулгана дээр туршсан хоёр эрдэмтний нэрээр нэрлэжээ. 

Хулгана тогонд цохиулсны дараа өгөгдсөн даалгаврыг өмнөхөөсөө хурдтай гүйцэтгэж, туулсан замаа илүү сайн тогтоож, төөрөхгүйгээр эргэн ирж байжээ.

Ингээд зохистой хэмжээнд стресст автах нь ямар эерэг үр нөлөөтэй болохыг судлаачид ийн тайлбарладаг аж. 

 
 

Таны ажлын бүтээмж, хурдыг нэмнэ

Товч тайлбарлавал гадаад орчноос ямар нэгэн өдөөлт, цочроо авсан үед хүний зүрхний цохилтыг түргэсгэж, тархи болон булчингийн цусан хангамжийг нэмэгдүүлж, хуримтлуулсан глюкозоо шатааж эхэлдэг тул оюун санааны хувьд сэргэг байж, булчинг сайн тэлдэг байна. 

Хүний бие дэх  энергийн эх үүсвэрүүд аюулын үед хамгийн үр ашигтай зарцуулагддаг гэсэн үг. Ингэж хүний тархи болон бие физиологи хамгийн сайнаараа ажилладаг ажээ.

Нэг зүйлийг дурдахад сорилт тулгарахгүй байх буюу стресст автахгүй байх нь уйтгарлах эсвэл тухалсан мэдрэмж төрүүлж хүний бүтээмж болон гүйцэтгэлийг бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Түүнчлэн хэт их ачаалалтай байх нь мөн л эрч хүчийг үгүй хийж, туйлдуулдаг тул алтан дунджийг баримтлах нь гол түлхүүр гэнэ.    

Нойрны дутагдал нь  аливаа ажлын гүйцэтгэл, чанарыг бус хурдыг бууруулдаг хүчин зүйл болдог бол хэт дуу шуугиантай орчин таны гүйцэтгэлийн хурдыг сааруулахгүй ч алдаа мадаггүй ажиллах чадамжийг бууруулдаг. Зарим хүн ачаалал авах буюу аливаад санаа зовниж байхдаа илүү гүйцэтгэл сайтай ажилладаг.

Өдөр тутмын жижиг асуудал, стресс үүсгэгч хүчин зүйлс нь стресст хариу үзүүлэх чадварт эерэгээр нөлөөлдөг байна. Ямар ч стресс удаан хугацаанд даамжрах нь сэтгэл зүй, физиологийн эрүүл мэндэд аюул учруулдаг билээ.

 
 

Стресс нь шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлнө

Асуудалд орох буюу стресст автахад хүний тархи тулгарч буй аюулыг давах, асуудлыг шийдвэрлэх аргууд дээр нухацтай төвлөрч эхэлдэг. Нөгөөтэйгүүр стресс нь тулгамдсан үед анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах чадварт эерэгээр нөлөөлдөг аж. 

 
 

Ой тогтоолт сайжирна

Зохистой хэмжээний цочмог стресс автах нь  тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Цочроо авах үед хүний тархи аливаа үйл явдал, дүр зургийг урт хугааны ой санамжиндаа  хадгалдаг байна.

Ингэснээр стресст автсан үед тархиар дамжуулж бусад эсүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж, тогтоох чадварыг сайжруулдаг хэмээн үзжээ.

Зүрх хурдан цохилж, амьсгал түргэсэх нь тархины хүчилтөрөгчийн хангамж болон цусны эргэлтийг сайжруулдаг.  

 
 

Бат бэх харилцааны үндэс

Стрессийн бас нэгэн эерэг үр дагавар нь хүн хоорондын харилцааг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Нийгмийн харилцаа нь бие физиологийн болон оюун ухааны эрүүл байдалд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Хүн хайрлагдаж, хайрлаж, бусадтай харилцаж, өөрийгөө ойлгуулж, бусдыг сонсоход сөрөг мэдрэмж нь эерэгээр солигддог. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад илүү бат бэх харилцааг бий болгодог аж. 

 
 

Урам зориг тэсвэр тэвчээрийг бий болгоно

Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн сэтгэл судлалын профессор Peter Vitaliano-гийн үзэж буйгаар стресс нь хэдий ачаалал өгдөг ч гэлээ хүн аливаа асуудлыг шийдвэрлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, ирээдүйд тохиох бэрхшээлийг өөдрөгөөр даван туулах, хат суулгахад маш том түлхэц болдог аж.

Аливаа стрессийг даван туулснаар тэсвэр тэвчээр , өөртөө итгэх итгэлтэй болж, аливаа нөхцөл байдлаас зугтахаас илүүтэй нүүр тулж, сэтгэл зүйгээ удирдаж сурдаг байна.

Өдөр тутмын сорилтыг даван туулж, зорилгодоо хүрэхэд түлхэц болдог гэсэн үг. 

Стресст өртөхөд адреналин ялгарч, өвчин намдаагч болж  байдаг учраас ямарваа нэг гадны цочролд илүү тэсвэртэй болгодог байна.

Эх сурвалж: 

bbc worklife

time.com

stress.org

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ