• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

1911 онд Японы Yamaguchi бүс нутагт төрсөн Shigeaki Hinohara нь Киотогийн их сургуулийг дотрын эмч мэргэжлээр төгсжээ. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Токио хотын бөмбөгдөлт болон 1995 оны сүйтгэлт газар хөдлөлтийн үеэр хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалж ажилласан буюу бусдын тусын тулд амьдралаа зориулсан япончуудын бахархал болсон эрхэм юм. 

Эзэн хааны нэрэмжит Киотогийн их сургууль, Thomas Jefferson-ий их сургууль, Канадын  McMaster-ийн их сургуулийн хүндэт доктор Shigeaki Hinohara нь 2017 онд 105 насандаа таалал төгсжээ.  

105 насалсан доктор Shigeaki Hinohara  хэрхэн өндөр наслах вэ гэсэн асуултын хариултаараа олноо алдаршиж, насан эцэслэтлээ өмнө Япон улс даяар лекц уншиж явсан юм. Ингээд доктор Hinohara-гийн амьдралын туршлага, мэргэн ухааны зөвлөгөөг хүргэж байна.

Хошин зан бол хамгийн шилдэг өвчин анагаагч!

Hinohara эмч хүмүүст өвчин, шаналалд, ямарваа нэг асуудалд хэт захирагдахгүй байхыг зөвлөдөг. Тэрээр тоглоомдоо сатаарч шүдний өвчнөө умартдаг жаахан хүүхдийн мэргэн ухааныг жишээ татан ярих дуртай. Оюун санаагаа эерэг байдалд төвлөрүүлж, хошигнож сурах нь таны бие махбодын эрүүл байдал тун эерэгээр нөлөөлнө. Түүнийхээр инээд хөөр стрессийн дааврыг бууруулж, дархлааны эсүүд хийгээд бодисын солилцоог сайжруулж, халдварын эсүүдтэй тэмцдэг байна.

Материаллаг зүйлд хэт бүү ач холбогдол өг!

Хамгийн гоё дурсамж бол бидний үзэж, туулсан зүйлсээс үлдсэн туршлага байдаг. Бид аливаа материаллаг зүйлийг эзэмшихээс илүүтэй хэн нэгэнтэй хуваалцсан зүйлс, бүтээсэн дурсамжаасаа аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. 

Та хэзээ хорвоогоос халихаа мэдэхгүй, хурааж хуримтлуулсан эд зүйлсээ ямагт өөртэйгөө авч явж чадахгүйгээс ачаа тээр бүү хуримтлуул гэж захижээ.

Дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуул, цахилгаан шат бүү ашигла!

Та 8 настай бай, 80 настай ч бай эрүүл байхын үндэс нь тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд оршино. Таны тархи болоод булчин “ашигла эсвэл алд” гэсэн зарчмаар ажилладаг. Бид өдөрт 12 милл буюу 19 км алхдаг анчдын үр удам. Бидний бие махбод 8 цаг суухаар биш тогтмол хөдөлгөөнтэй байсны үр дүнд эрүүл байхаар программчлагдсан. 

Тэтгэвэрт гарлаа гээд хөдөлгөөнөө багасгаж, өдөржин суух нь тийм ч таатай хэрэг биш. Тиймээс ердийн үеийнх шигээ их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөн багасахын хэрээр өөх бидний булчин, тархины эд эсийг бүрхэж тэдгээрийг бүрэн ашиглах бололцоог үгүй хийдэг. 

Тогтмол дасгал хөдөлгөөн нь  бидний булчинг ажиллуулж тархин дахь BDNF буюу шинэ эд эсийг төлжүүлдэг уургийн идэвхжлийг хангадаг байна. Тэрээр өдөр бүр тогтмол алхаж, ингэхдээ цахилгаан шат ашиглахгүй, дэлгүүр рүү өөрөө явж хүнсээ цуглуулах зэргээр дасгал хөдөлгөөн хийж булчингаа идэвхтэй ажиллуулснаар хөгшрөлтийг удаашруулах үр дүнтэйг онцолжээ.

Хэзээ ч бүү хэтрүүлэн ид

Ханаж цадахаа мэддэггүй ховдог зан бол мөнхийн нүгэл, үүний наад захын үр дагаврыг бид өөрсдийн бие дээрээс анзаар ч болно. Доктор Hinohara-гийн сануулснаар гэдсээ хэмжээнээс хэтрүүлэн дүүргэх нь илүү жин тээх зовлонгийн ундарга. Ходоодныхоо хэмжээгээ мэдэхгүй их идэх нь таргалалтыг үүсгэж улмаар бие махбодын суурь өвчний үндэс болдог. Түүгээр ч үл барам хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж эрч хүч, сэргэг байдлыг тань үгүй хийнэ.

Хагалгааг бүү урьтал болго

Hinohara өөрөө эмч байсан хэдий ч хүмүүст бие махбодруугаа мэсээр довтлохыг бүү зөвшөөр гэж захьдаг. Тэрээр хагалгаа хийлгэхгүйгээр дорнын анагаах ухааны аргаар олон төрлийн хавдрыг анагаах боломжтой гэдэг.

Хамгийн чухал нь зорилго-Амьдраад л бай

Доктор Hinohara-гийн ажигласнаар ихэнх хүн тэтгэвэртээ гарахаар бүхнийг “зогсоодог” байна.

Өдөр тутмын төлөвлөгөө, хийдэг зүйл нь бүтэн байдлаас дундарч, хоосорч эхлэхээр хүн цагийг жинхэнээсээ дэмий үрж эхэлдэг аж. Түүний хувьд залуудаа ч, 100 нас гарсан ч өдөр бүрийг төлөвлөж, завгүй өнгөрүүлдэг байжээ. 

Эмнэлгийн ажил, хурал, итгэл, нийгмийн ажил гээд бүгдийг маш эмх цэгцтэйгээр төлөвлөж биелүүлдгийнхээ ачаар өөртөө стресс хураахгүйгээр аз жаргалтай амьдарч чадсан гэж өөрийн амьдралаа дүгнэжээ. “Хүн төлөвлөхөө болиод эхлэхээрээ амьдрахаа болиод эхэлдэг” юм байна. Төлөвлөнө гэхээр жижиг сажиг хийх бүх зүйлээ төлөвлөхийн нэр бус бөгөөд ажил, өөрийн дуртай зүйл, хобби, эрүүл байхад тань туслах зүйлс гэх зэргийг марталгүй хийж байхаар өдрийн төлөвлөгөөндөө тусгах нь эрүүл, урт наслах жор гэжээ.

Hinohara-гийн хэлснээр тэтгэврийн насыг 65 хэмээн тогтоосон нь дундаж наслалт богино буюу 68 байсан үеийн хувилбар. Орчин үед  дундаж наслалт 80 гарсан.

Хуучин бол тэтгэвэрт гарах нь хэдхэн жил амарч, өмнөх амьдралын хэв маяг, эрч хүч хэмнэлээ илүү удаашруулахын нэр байсан. 

Харин өдгөө 65 насандаа тэтгэвэрт гарна гэдэг нь хийж, бүтээж амжаагүйгээ гүйцэлдүүлэх бүхэл бүхэл өөр нэгэн амьдралын хугацаа танд үлдэж буй хэрэг.

Тэтгэвэрт гараад үргэлжлүүлж ажилладаг хүмүүс илүү аз жаргалтай, урт удаан насалж чаддаг байна. Мөн түүний чухал гэж онцолсон бас нэг зүйл нь хийж буй зүйлээ дурлаж хийдэг хүн илүү урт насалдаг аж. Тэтгэвэртээ гарчихаад дургүй зүйлээ хийж, стресстэй амьдрах аваас үлдсэн амьдралынхаа цаг хугацаанаас хумслахын нэр болно гэжээ.

Зорилго, хийх ажил, хоббитой байх, дуртай зүйлээ олох нь амьдралыг тань уртасгадаг хүчин зүйлстэй маш олон шижмээр холбогддог. Зорилго бол өглөө эрт босож амьдралаа үргэлжлүүлэх, хариуцлагатай байхын үндэс билээ. 

Учир нь тархи болоод бие махбодыг тань идэвхтэй байлгаж, нийгмийн харилцаанд оруулж үргэлж төлөвлөж, идэвхтэй амьдрахад тань тусална. Хэрэв та тэтгэвэртээ гарсны дараа ажиллах сонирхолгүй байх аваас сайн дурын ажил хийх нь мөн л догь сонголт байх болно. Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндийг хангахаас гадна, бие махбодыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, нийгмийн харилцаанд үргэлж оруулж байдаг.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ