• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    98   |  
0

Нетфликс дээр “What the Health” хэмээх үр тариа, ногоо, жимс, самар зэрэг ургамлын гаралтай хоол хүнсний ач холбогдлын талаар өгүүлэх баримтат киног үзлээ. Монголчуудын хүнсний гол хэрэглээ болох малын мах, цагаан идээний хэрэглээг үгүйсгэдэг тул эхэндээ хүлээж авахад бэрхшээлтэй байв. Нөгөө талаас АНУ-ын мах, сүү, сүүн бүтээгдэхүүнүүд ихэнх нь генийн өөрчлөлттэй, химийн бодистой тул манайхтай харьцуулахад чанарын өндөр зөрөөтэй. Иймд бидэнд хэрэгтэй мэдээлэл, баримтыг нь түүвэрлэн хүргэлээ. Эцэст нь гэхэд ямар хоолны дэглэм барих нь хувь хүний өөрийн сонголт, хариуцлага билээ.

Киноны гол санаа

  • Ихэнх өвчний гол шалтгаан бидний идэж буй хоол хүнстэй холбоотой байдаг,
  • Уургийн гол эх үүсвэр бол ургамал ногоо,
  • Хоол боловсруулах эрхтний хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнийг ургамал, ногооны дэглэм барьснаар эдгээх боломжтой
  • Боловсруулсан мах махан бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй,
  • Элсэн чихэр бол чихрийн шижин үүсгэгч гол шалтгаан биш,
  • Тахианы мах эрүүл сонголт биш,
  • Фермийн аргаар, олноор нь зөвхөн хүнсэнд хэрэглэх зорилгоор үржүүлж буй амьтны мах хүнд төдийгүй байгаль орчинд ээлгүй.

ДЭМБ боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүнс бөгөөд тамхи татсантай ижил хор нөлөөтэйг зарласан. Үүнд зайдас, гахайн утсан мах, бүх төрлийн хиам, лаазалсан махан бүтээгдэхүүнүүд орно.

Тус мэдэгдэл нь 10 орны 800 гаруй судалгаан дээр суурилжээ. Өдөрт боловсруулсан махан бүтээгдэхүүнээс 50 грамм идэхэд хоол боловсруулах эрхтний хорт хавдар тусах эрсдэл 18 хувиар нэмэгддэг гэнэ. АНУ-д гэхэд дөрвөн үхэл тутмын нэг нь хорт хавдраас гаралтай байдаг.

Хүн төрөлхтний үхлийн 70 хувь нь чихрийн шижин, үе мөчний үрэвсэл, зүрх судасны өвчлөл, сэтгэцийн өвчин, таргалалт зэргээс шалтгаалдаг. Гэвч эдгээр өвчин нь амьдралын хэв маяг ялангуяа идэж буй хоол хүнстэй холбоотой бөгөөд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Дэлхий даяар чихрийн шижинтэй нийт 350 сая гаруй хүн бий. Өөрөөр хэлбэл бид чихрийн шижингийн халдварын эрин зуунд амьдарч байна гэж хэлж болно. Хэрэв хүүхэд тань чихрийн шижин тусвал нас нь 19 жилээр богиносно гэсэн үг.

Хүмүүс дасгал хөдөлгөөний дутмаг байдал, илүүдэл жин, хэт их элсэн чихрийн хэрэглээнээс болж чихрийн шижин тусдаг гэсэн буруу ойлголттой явдаг.

Тэгвэл чихрийн шижин тусах шалтгаан нь юу вэ?

Доктор Майкл Клапер “Чихрийн шижин, артерийн судасны бөглөрөө, өндөр цусны даралт, таргалалтын гол үүсгэгчийн талаар судалж буй хүмүүст хэлэхэд энэ бол бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнстэй шууд хамаатай” гэв.

Уг өвчнийг судлаач, доктор Нейл Барнард хэлэхдээ “Чихрийн шижин бол хэзээ ч нүүрс ус ихтэй дэглэм барьснаас эсвэл хэт их сахар идсэнээс болж үүсдэггүй. Цусан дахь өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг бидний өдөрт тутамдаа идэж буй бүх л хоол хүнснээс хамааралтай. Үүнд ялангуяа өөх тосны агууламж ихтэй амьтны гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн орно”.

Харвардын их сургуулийн судлаачдын есөн судалгаанд хийсэн дүгнэлтээр өдөрт нэг удаа боловсруулсан махан бүтээгдэхүүн идэх нь чихрийн шижин тусах магадлалыг 51 хувиар нэмэгдүүлдэг гэжээ.

Бидний булчин болон элгэнд глюкоген хэмээх нүүрс ус хадгалах зориулалттай сав байдаг. Бид нүүрс ус идэхдээ нэг бол тэдгээрийг тэр саванд хадгалдаг эсвэл шатаадаг. Өөрөөр хэлбэл бие тань идсэн нүүрс усыг өөх тос болгож хувиргадаггүй.

Харин амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхэд өөх тос нь судасны хананд наалдаж улмаар бөглөх аюултайгаас гадна биед агуулагдаж буй бусад өөх тостой нэгдэж, хүнийг таргалуулдаг.

Мөн хүний бие дэх ашиггүй бактери, өвчний вирусийн гол тэжээгч болдог.

Хорт хавдрын эсүүдийг ургамал, ногооны дэглэм барьдаг хүний цустай нийлүүлэхэд эсүүд үхэж байсан бол амьтны гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн иддэг хүний цусыг нийлүүлэхэд эсрэгээрээ хавдрын эсүүд ихсэж байжээ.  

Жишээ нь та элсэн чихрийн агууламж ихтэй жигнэмэг идлээ гэж бодъё. Найрлага дахь сахараас илүү цөцгийн тос таныг таргалуулж, чихрийн шижинтэй болоход нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ энэ нь элсэн чихэр сайн гэсэн үг биш. Үүнд хүний биед хэрэгтэй ямар ч шим тэжээл байдаггүй. Мөн калорын агууламж ихтэй бүтээгдэхүүн. Гол нь элсэн чихэр л муу гэдэг ойлголтоос болж мах, цагаан идээ, өндөг, цацагт хяруулын мах, тахианы мах зэргийн аюулыг тоохгүй орхигдуулдаг.

Дэлхий даяар жилд нийт 17 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь энэ өвчнөөр үхдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл зүрх судасны өвчлөлд согтууруулах ундаа болон элсэн чихрийн нөлөө бага байдаг. Харин тамхи татах нь өндөр нөлөөтэй. Үүнээс гадна амьтны гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь өвчлөх магадлалыг улам ихэсгэдэг гэнэ.

Амьтны мах хорт хавдар тусах эрсдэл мөн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд тахианы мах ч хамаатай.

 Цагаан өнгийн мах эрүүл гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Бие дэх натрийн хэмжээ их байдаг нь тахианы мах их иддэгтэй холбоотой. Учир нь ихэнх тахианы маханд давстай ус шахсан байдаг.

Мөн өдөрт нэг өндөг идэх нь таван тамхи татсантай ижил нөлөөгөөр хүний насыг богиносгодог. Ялангуяа өндөгний шар ханасан өөх тос, хлостеринийн өндөр агууламжтай тул судсан дахь улаан цусны эсүүдэд нөлөөлж, цусыг өтгөрүүлж, дааврын төвшинг өөрчилж, бие дэх өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг.

Тэгвэл уургийн хэрэглээгээ юунаас авах вэ?

Ургамал, ногоо бол уургийн гол эх үүсвэр. Зөвхөн ургамал нь агаар дахь азотыг өөртөө шингээж аваад молекулуудыг задалж, аминхүчил болгож хувиргасны дараа уураг болгож, өөртөө шингээдэг. Амьтад ургамал иддэг тул мах нь уургийн агууламж өндөртэй байдаг. Бид уургын хэрэглээгээ хангахын тулд заавал элдэв нян, химийн бодисоор дүүрэн амьтны эд эс идэх шаардлагагүй. Шууд л ургамал, ногоо идэхэд болно.

Мөн хүмүүс өвчний удамшил дээр буруу ойлголттой явдаг. Манай өвөө, эмээ, аав, ээж бүгд чихрийн шижинтэй эсвэл хорт хавдартай байсан юм чинь би бас тусах нь хэвийн үзэгдэл гэж ойлгодог. Жишээ нь хорт хавдрын удамших магадлал 5-10 хувь байдаг. Үнэндээ өвчин тусах нь хүний амьдралын хэв маяг, хоол хүнстэй холбоотой. 

Тэгэхээр гэр бүлээсээ уламжлан авсан буруу хэвшлээ өөрчлөхгүй л бол адилхан өвчин тусах нь ойлгомжтой. Удамшсан өвчинг хүртэл зөв дэглэм, шинэ амьдралын хэвшлээр сэдрээхгүй, хүндрүүлэхгүй байх боломжтой.

Харин компаниуд, бизнесүүд худалдан авагчдын толгойг эргүүлж, эргэлзээ төрүүлсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ зарах стратегийг хэрэгжүүлдэг. Жишээ нь АНУ-ийн Зүрх судасны холбоо, Чихрийн шижингийн холбоо зэрэг томоохон эрүүл мэндийн байгууллагууд тухайн өвчнийг сэдрээх гол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг тул ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байдаг гэнэ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ