A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |
|
Бүгдээрээ орчин үеийн Монгол инээдмийн кино хийе. Тансаг хотхон, тансаг машин, тансаг хувцас, тансаг дэлгүүр, тансаг оффис, тансаг лоунж, тансаг амралт, тансаг зүйлс цаана чинь юу байна? Мэдээж жүжигчид хэрэгтэй. Хуучны хошин шогийнхон одоо хангалтгүй, энэ жилдээ трэнд болж байгаа ээлжит сошиалын залуусыг багтааж шинэ үеийнхнийг татах нь чухал.
Эдгээр зүйлсийг цуглуулж байх хэдэн долоо хоногийн хугацаанд зохиолоо гялалзуулчихна. “Масс” юуны талаар шуурч байна? Сонгууль, сошиал, синглчүүд, ядуурал, хорт хавдар, гадаадад ажиллахаар явсан хүмүүс… Ойрд дурдаагүй сэдвээр ноорог гаргаад зун дуусахаас өмнө зураг авалтаа гүйцээнэ. Кино театраар гарвал сайн, гаргахгүй ч гэсэн видео санд өгчихнө. Учир нь цөөн бартертай киног цөм цохих есөн шид нь бүрдсэн trailer, зургуудаа бид цацчихсан. Дараа зун дахиад азаа үзнэ. Үсэртэл баяжихгүй ч үнэ мөнгөө эргээд олох киногоо ахин машиндана...
Заавал инээдмийн гэлтгүй бүх Монгол киног ингээд л шийдчихдэг юм болов уу гэж бодмоор цөөнгүй киног энэ намар үзэв. Харин одоо “Cool Аав” хэмээх шинэ кино нээлтээ хийжээ. Энэ бүтээл дээр дурдсан түгээмэл хүлээлтийг эвдэж, инээдмийн Монгол кинон дахь үзэгчдийн итгэлийг сэргээж чадах болов уу?
“Cool Аав” нь Солонгост олон жил ажилласан эр (жүжигчин Д.Хүрэлхүү), түүнтэй танихгүй хүн болтлоо хөндийрч өссөн охидын (жүжигчин Ж.Номингэрэл, А.Бадамлянхуа) эргээд нэг гэр бүл болохоор оролдож буй талаар өгүүлдэг инээдмийн кино юм. Эцэг нь хэмээн өөрийгөө танилцуулах хижээл насны эрээс зугтаах элдэв аргыг адтай охид сэдэж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг.
Киноны эхлэл сонирхолтой бөгөөд амлалт дүүрэн байв. Дэлхий дахинд хэдийнээ улиг болсон боловч яагаад ч юм энэ намар Монгол инээдмийн кинонд трэнд болсон шүд угаалт, 00-ийн ачаалал, өглөөний зан үйл бүхий эхлэл үзэгчийг угтах боловч “Cool Аав” гол дүрүүдээ танилцуулахдаа энэ хоосон хугацааг охидын нэрийг цээжлүүлэх тусгай монтажаар хачирласан нь сонирхолтой байв. Охидын нэрийг тэр дор нь мартсан боловч дүрүүдийн талаар ойлголт өгөхөөр хүч хөдөлмөр зарцуулсан, хошигнохыг хичээсэн энэ оролдлого нь магтууштай байлаа. Цөөн үгээр хэлбэл, “Cool Аав”-ын эхлэл эрч хүчтэй бас харьцангуй бүтээлч байж чаджээ.
Энэ киноны тулгын гурван чулуу нь телевизийн сэтгүүлч бүсгүй, түүний дүү сошиалын бичлэг хийгч болон тэдний Солонгос улсад усанд хаясан чулуу мэт 16 жил алга болоод гэнэтхэн эргэж ирсэн эцгийн дүр юм. Миний ойлгож байгаагаар нэг байшинд багтах аргаа ололгүй зөрчилдөх энэ гурван ертөнц үл үзэгдэх нандин холбоогоо сэргээж, нэгнээ хайрлаж сурах нь энэ киноны зорилго байсан болов уу. Гэвч “Cool Аав” сонирхолтой дүрүүдээ ашиглан гэр бүл байх талаар хөгжилтэй адал явдлыг өгүүлэх бус, рекламны зургаа чимэглэсэн “өгзөг” чиглэлд үзэгчийг хөтөлжээ. Тэгэх тэгэхдээ уг кино төсөөллөөс давсан, итгэхийн аргагүй галзуу адал явдлыг үзүүлсэнгүй, харин ойлгомжгүй, авцалдаагүй, инээдэмгүй байх асуудал дүүрэн “бантан”-г хутгасан байна. Киноныхоо утга санааг шууд тооччихдог тайлбар яриа байгаагүйсэн бол зохиол нь юу хэлж, найруулагч юу үзүүлэх гэснийг ухаж ойлгоход түвэгтэй байлаа.
Тулгарсан асуудлаа тайлбарлах үүднээс нэгэн жишээ авья. Киноны дунд хэсэгт үйл явдал яагаад ч юм гэнэтхэн шинэ дүрлүү шилждэг. Энэ бол постер зураг дээр байх өгзөгний эзэн буюу фитнессээр хичээллэгч эмэгтэй (жүжигчин М.Бямбаа) юм. Фитнесс эмэгтэй гадуур нэгэн кафед суух зуур гол дүрийн охидын нэг болох сошиалын бичлэг хийгч түүнтэй таарч, хормойг нь сөхсөн бичлэг хийн интернетэд тавьдаг. Ингэснээр фитнесс бүсгүй, сошиалын бичлэг хийгч хоёр муур хулгана болон хөөцөлдөнө. Дараа нь гол дүрүүд охидын ээжийн нутагруу явах зуур фитнесс бүсгүй тэдний замд эвдэрхий машинтай таарна. Аав нь фитнесс бүсгүйд дурлаж, тэд хамтдаа цааш явж нэгэн амралтын газар очдог.
Фитнесс бүсгүй яагаад энэ зохиолд хэрэгтэй вэ, интернетэд нэгэнт тавигдсан нэр, нүүргүй өгзөгний бичлэг амь тавин хөөцөлдөх асуудал мөн үү, бас хөдөөгийн замд энэ дүрүүд ямар их хувь тохиолоор таарав, аав нь эмэгтэй хүн харж байгаагүй юм шиг яагаад дурлав, гол дүрүүдийн зорьж очсон ээжийнх нь нутаг гэх газар яагаад ердийн нэг амралтын газар байв, тэр амралтын менежер хошин шогийнхны ямар ч мэдрэмжгүй үзүүлдэг ижил хүйстэн байх шаардлагатай байсан юм уу гэх мэт олон угсраа асуулт кино үзэх зуур төрж байлаа.
Цаашлаад “Cool Аав”-ын постер бүрийг мялаасан киноны цорын ганц өөр эрэгтэй дүр (комедиан У.Содхүү) ч дутуу зохиол, зорилго чиглэлгүй найруулгын бас нэгэн хохирогч болов. Охид аавтайгаа анх уулзах мөчид тэр салхи мэт гэнэтхэн гарч ирэх бөгөөд хэн болох нь тодорхойгүй, охидтой ямар харилцаатай нь ч ойлгомжгүй. Хөгжилтэй энэ залуугийн дүр киноны туршид аавын дүртэй зөрчилдөж байгаад фитнесс бүсгүйн үеэр хумхын тоос ч үлдээлгүй алга болсон бөгөөд төгсгөл хэсэгт гэнэтхэн эргэн ирж, эцгийн дүртэй дотно найзууд болж, бүр тэр айлд хүргэн орсон ч байх шиг... Хүмүүсийн танил царайг рекламны зургандаа багтаах, тайзны хошин шогийн тарган хүний үүрэг биелүүлэхээс өөрөөр энэ дүр ямар зорилго биелүүлж байгаа нь тодорхойгүй.
Киноны үйл явдал, туслах дүрүүд, зохиолын эргэлт хувирлууд бүгд дээр дурдсаны адил эмх замбараагүй, ойлгомжгүй эсвэл үнэмшилгүй байв. Миний харж буйгаар энэ асуудал нь жүжигчид, кино багийн гүйцэтгэлтэй төдийлөн холбоогүй бөгөөд зохиол, найруулгын түвшний ноцтой дутагдлаас үүдэлтэй юм.
Бүх юмыг хоолтой жишэж болно. Киног ч мөн адил. Хоолны заавар, жортой цаас нь кино зохиол бол түүнийг амилуулан гүйцэтгэх ахлах тогооч нь найруулагч юм. Жүжигчид, уран сайхны арга хэрэглүүрүүд, кино багийн олон ажилчид, компьютер график, техник хэрэгслүүд нь яаж л бол яаж ашиглаж болох хоолны материал, гал тогооны сав суулга, хэрэгслүүд юм. Тогооч хүн энэ нөөц баялгаар түлэнхий цуйван сэгсэрч болно, эсвэл ээжийн хоол, нутгийн амтыг санагдуулам зоог бэлдэж ч чадна. Чухам гар доор буй зүйлээ уран бүтээлч хэрхэн ашиглахаас бүх зүйл шалтгаалах билээ. Харин дутуу жор, зүтгэлгүй тогооч нийлбэл нохой ч тоож шиншлэхгүй жонхуу гарч мэднэ.
TL;DR/Хураангуй хувилбар:
Хамаа замбараагүй үйл явдалтай түүхий зохиол нь сонирхолтой байж болох гол дүрүүдээ живүүлсэн ээлжит инээдмийн кино.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Билет авсан мөнгөндөө горойж кино сайжрахыг хүлээн эцсийг нь үзсэн. Хүсэл биелээгүй.
+ Мода нь Монголоор дуусч өгөхгүй байгаа өглөө шүдээ угаадаг эхлэлийг өөрөөр хийх оролдлого
+ Монгол инээдмийн кино дундаа сонирхолтойд тооцож болох эмэгтэй дүрүүд
+ Харьцангуй цөөн хэрүүл, хашхичаантай харилцан яриа
- Бүх логик, уялдаа холбоо нь замхран алга болдог утгагүй зохиол
- Учир зүйн хамааралгүй, үнэмшихэд хүндрэлтэй үйл явдал
- Үүрэг хэрэгцээгүй, ойлгомжгүй, хагас галзуу туслах дүрүүд
- Үйл явдлын ойлгомжгүй шилжилтүүд
- Сэтгэл хөдлөл тулган шаардсан, хэзээ ч зогсдоггүй хөгжим
- Trailer-т л зориулсан гэмээр кинондоо авцалдаагүй хэсгүүд
- Уран сайхны гэх зүйлгүй, шууд хүчлэн тулгах киноны утга санаа, мессежүүд
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|