• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    107   |  
0

Реклам, постерыг нь хараад үргэж зугтмаар кино байхад зохиолч, найруулагчийнх нь сургаар л үзэх хүсэл оргилдоо тулдаг бүтээл гэж бий. Тааруухан киног үзэхэд дараагийн кинонд мөнгө цагаа зарцуулах хүсэл мохдог бол авьяаслаг бөгөөд хөдөлмөрч уран бүтээлчийн бүтээл нь кино урлагийн гайхамшгийг бодол сэтгэлд гийгүүлж, театрыг зорих, уран бүтээлчдийг дэмжих, дахин кино үзэх эрмэлзлийг бадраадаг билээ.

Кино сонирхогчийн хувьд өөрийгөө “цэнэглэж”, урам зоригоо сэргээх гэж үздэг шилмэл уран бүтээлчдийн маань нэг нь Солонгосын найруулагч Bong Joon-ho юм. Тиймээс түүний шинэ бүтээл болох хачирхалтай нэр, нууцлаг постертэй “Parasite” кино хавар нээлтээ хийснийг олж мэдээд, зуны турш тогтож ядан хүлээж, ном ёсоор нь Монголд үзэх арга байгаагүй тул гурван сарын дараа Web-DL нь гарахтай зэрэгцэн яаравчилж үзэв…

“Parasite” нь модоо барьсан ядуу айл хуурамч замаар чинээлэг гэр бүлд үйлчлэх болж, улмаар нэгэн аймшигт нууцыг илрүүлж буйг өгүүлэх драм триллер кино юм.

А.Пушкины "Алтан Загас"-ны хоёр хөгшний амьдрал,  Д.Нацагдоржийн "Хуучин Хүү"-гийн ахуй 2019 оны Солонгост ч яг хэвээрээ мэт

Үйл явдлын эхэнд хижээл насны эцэг эх, 20 гарч яваа хүү, охин хоёртой Ким-ийнхэнтэй үзэгч танилцана. Энэ өрхийн бүх хүн эрүүл саруул бөгөөд хөдөлмөрийн насны боловч тэд нийгэм эдийн засгийн байдлын хувьд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа өрх айл ажээ. Гэр бүлээрээ хооллоод сууж байхад дурын согтуу хүн ганц цонхон дээр нь ирээд сарьчихдаг подвалын сууц, өлсгөхгүй боловч өсгөхгүй хайрцаг эвхэх найдваргүй ажил, шавьж устгалын өтгөн манант агаарт ханиалгаж суухыг эрүүл мэндийн үйлчилгээнд тооцох тарчиг амьжиргаа нь Ким-ийнхны өдөр тутмын амьдрал юм.

Дүрүүдийн аж байдлыг ийнхүү богино хугацаанд боловч ул суурьтайгаар үзүүлсэн нь нэгдүгээрт үзэгч киноны ертөнцийг дүрүүдийн өнцгөөс харах, хоёрдугаарт дүрүүдийн гаргах хожмын үйлдлийг үзэгч дэмжихгүй ч, яагаад тэгж байгааг нь ойлгох чухал ач холбогдолтой байв. Тиймээс Ким-ийнхэн үзэн ядмаар жигшүүрт үйлдэл болох залилан хийж баян Парк-ийнд ажилд орсон ч, хүн шиг орлоготой болох ганц боломжоо атгаж чадсан тэр гаслант хүмүүстэй хамт баяр баясал, бага ч боловч ялалтын мэдрэмжийг хуваалцаагүй үзэгч ховор болов уу.

Парк-ийнхан ч Ким-ийнхнаас ялгаагүй өөрт тохиосон нөхцөл боломжоороо амьдарч байгаа бусдын л адил нэгэн гэр бүл ажээ

Ядуу Ким-ийнхэн төдийгүй баян Парк-ийнхныг кино ньюанстай дүрсэлж чаджээ. Өөрөөр хэлбэл энэ киноны дүр бүр өөрт олдсон боломж, тохиосон бэрхшээл, түүнийг даван туулахыг хичээсэн зүтгэлийн ялагч бас хохирогч юм. Дүрүүдэд тулгарч буй нөхцөлтэй ижил зүйл амьдрал дээр хэнд ч тохиож болох тул уг киноны аймшигт нууц задрахад ч үзэж байгаа хүн хэнийг нь ч буруутгах аргагүй мэт.

Уг киноны өгүүлэмжийг улам чанаржуулж, олон жилийн дараа ч дурсагдах шинжийг өгч буй зүйл нь тус киноны эргэлт (twist) болов уу. Хэдий “Parasite” нь хэн бүхний танил эхлэл-өрнөл-төгсгөл бүтэцтэй боловч жинхэнэ мастер уран бүтээлчийн чанар тэрхүү томьёоны хүрээнд хэрхэн бүтээлчээр ажилладагт оршдог ажээ. Таашгүй тэр эргэлтийн цэг киноны санааг улам даацтай болгож, үйл явдалд шинэ эрч хүч, өвөрмөц нөхцөл байдлыг бий болгох бөгөөд түүнийг урьдчилан харж чадаагүйдээ баярлаж, зохиолчийг биширч байлаа.

“Parasite”-ийн үйл явдалдаа үзэгчийг уусгах, дүрүүдийн бодол мэдрэмжийг төвөггүй дамжуулах гайхамшигт чанар нь зохиолч, найруулагч Bong Joon-ho-гийн ур чадвартай шууд холбоотой юм. Түүний өмнөх кино болох “Memories of Murder” (2003)“The Host” (2006)“Snowpiercer” (2013) зэргийг үзэхэд “Parasite”-д хожмоо ийнхүү нийлж цуглах амжилтын элементүүдийг анзаарах болов уу. 

Товчхондоо “Parasite” нь Bong Joon-ho-ийн уран чадварын хамгийн сүүлийн үеийн төгс илрэл болсон шилдэг бүтээл болжээ. Ирээдүйн уран бүтээлчид түүний тусгах санааг сорих өвөрмөц харах өнцөг, хийц чанарыг давах хөдөлмөр зүтгэл, утга агуулгыг сайжруулах өгүүлэмжтэй л байхгүй бол кино хийх гэж оролдох нь кино урлагийн нэр хүндийг хөсөрдүүлэх гэмт үйлдэл мэт хүндлэл бахдалын мэдрэмж төрөх ажээ.

Гүн сэтгэл хөдлөл үүсгэх хүчирхэг зураглал, өөгүй яруу зураг авалт, харагдах байдлаараа л агуулга дамжуулах зохиомж, орчинд нь уусгах өнгө киноны турш үргэлжилнэ

“Parasite”-ийг дүгнэх явцад тус киноны дэлхийн ямар ч үзэгч ойлгох глобал утгыг орхигдуулж болохгүй. Энгийнээр харахад энэ бол баян нь ядуугаа, ядуу нь баянаа “шимэгчилж” буй ертөнц мэт. Гэвч ядуу Ким-ийнхэн болоод, баян Парк-ийнхан биш ч тэдний “орон тоо”-нд хүмүүс үргэлж байсаар ирсэн, байсаар ч байгаа нь уг киноны жинхэнэ “шимэгч” бол байшингаар төлөөлөн дүрсэлсэн нийгмийн тогтолцоо, систем юм гэсэн бодол надад хамгийн хүчтэй төрсөн юм. 

Байшин дотор нэг нь ядуу байж нөгөө нь баян, нэг нь доороо байж бусад нь дээрээ, нэг нь бага идэж байж өөр нэг нь хоолтойгоо золгох ёстой мэт. Амь бөхтэй бөгөөд тэнцвэргүй “шимэгч” тогтолцоог “Parasite” киноны харуулжээ.

Хэт ажилласнаас амиа хорлодог Япон ажилтан, их сургуульд тэнцэх гэж өдрийн 16 цаг хичээлээ хийдэг Солонгос сурагч, сургалтын төлбөрөө төлөхийн тулд Ойрхи дорнодод зэвсэг агсаж яваа Америк цэрэг, өвөө эмээгийнхээ насанд хүрэхэд улс орон нь тусгаар байхад эргэлзэх болсон Монгол залуус гээд нийгмийн эрүүл бус тогтолцооны хохирогч болж буй бөмбөрцгийн ямар ч үзэгч “Parasite”-с өөрийн нэг хэсгийг олж харах болов уу. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах утга агууламж, үзүүлбэр дүрслэл нь энэ киног Солонгос улсыг бус Ази тивийг Холливудад төлөөлөх сод бүтээл болжээ.

“Parasite”-ийг таашаан үзсэний дараа хэрэв түүнийг монгол уран бүтээлчид одоогийн монгол киноны жишгээр хийсэн бол ямар үр дүнд хүрэх байсан бол гэх сониуч бодол төрж эхлэв...

Тансаг байшинд хөл тавьж буй хүмүүсийн талаар өгүүлэмжид төдийлөн онцгой зүйл үгүй. Тэгвэл хүмүүст танил зүйлийг хэрхэн эвдэж, илүү даацтай санаа гаргаж болохыг "Parasite" харуулжээ

"Улаанбаатарын Шимэгчид" МУСК 
(201X он. Инээдэм, драм)

Кино гэр хороололд эхэлнэ. Гол дүрд хошин шогийн жүжигчид тоглох бөгөөд архичин аав, үглээ ээж, халтуурны такси эсвэл халаасны хулгайч хүү, өөрөө өрх толгойлсон ээж болсон нялх хүүхэдтэй охин үзэгчийг угтана. Тэд хэрэлдэнэ, уйлалдана, зодолдоно. Хэн нэгэн нь хорт хавдар тусах буюу хүнд өвдөж, гэнэтийн их мөнгө хэрэгтэй болоход манай дөрөв арга сэдэх хэрэгтэй болно.

Тэгээд мань дөрөв “Facebook” ухаж яваад ажлын зар харна. Баян айлд байшингаа сахиулах/хүн асрах/хүүхдэд хичээл заах хүн хайж байна гэнэ. Нөгөө халаасны хулгайч хүү "хөөрхөн дээрээ тавиад” Зайсан/Нүхт буюу ямар нэг тансаг хотхонд оршин суух айлд очно. Нөгөө баян айл ердийн ухаанаар бус хошин шогийн ухаанаар сэтгэх тул харваас луйварчин нөхдөд итгэж гэртээ оруулна. Ингээд нөгөө дөрөв маань баян айлын өмч хөрөнгийг шамшигдуулах, гэрт нь хамаатнуудаа цуглуулж найрлах зэрэг явцгүй үйлийг хийнэ. 

Эцэст нь тэд худал хуурмагтаа гүйцэгдэх боловч баян айлын "монгол хүний уужуу сэтгэл"-ээрээ луйварчин айлыг юу ч болоогүй мэт уучилна. Харин нөгөө киноны үйл явдал бий болоход хүргэсэн их мөнгөний хэрэгцээ замын дунд мартагдах буюу ямар нэг ид шидийн байдлаар луйварчин айлын өвөр дээр бууж бүх зүйл амар сайхандаа жаргана. 

...ингээд үзсэн хүнд үлдэх өгөөжгүй, хоёр долоо хоноод мартагддаг "өнөө" кинонуудын нэг болох юм болов уу?

2019 онд үзсэн монгол кинон дээр үндэслэж хэлэхэд, зураг авалт, түүний зохиомж, өнгө гэрэлтүүлэг, дуу шумын хувьд манай кинонд дэлхийгээс дутах зүйл үгүй. Bong Joon-ho найруулагч монгол зураглаач, зураач, гэрэл засалч, өнгө шүүгч, дууны инженер гээд техникийн мэргэжилтнүүдтэй ажиллахад өрсөлдөхүйц бүтээл гарах бүрэн боломжтойг дотоодын киноны цөөнгүй жишээгээр би итгэлтэй хэлж чадна. Дээр нь “Parasite”-ийн зургийг бариад арга ядан 100 айл, Ханын материалаар хагас өдөр явахад түүний дотор тохижилт, тайз заслын зүйлсийг яг адилхан байдлаар боломжийн үнээр хийгээд өгчих шуурхай ах, сэргэлэн эгч нар олдох нь ч дамжиггүй мэт.

"Амьдралтай" ахуй, "амьдралтай" хүмүүс, "амьдралтай" асуудал, тэдний уран сайхан бөгөөд санаанд оромгүй эргэлт шийдлийг Монгол кино хэзээ үзүүлдэг болох бол?

Харамсалтай нь нөгөө л зохиол, өнөө л найруулгын хувьд итгэлтэй хэлэх сайн зүйл хомс байх юм. Учир нь бид нийгмийн гэлтгүй ямар ч сэдвийн кино хийхдээ түмэн зовлон, мянган хэрүүл, зогсолтгүй уйлаан,зохисгүй хошигнол, бөөн зодооны бичлэгийг хутгаж “кино” хэмээн нэрийддэг хэмээн хэтрүүлэхэд ч түүнийг сөрж зогсох Монгол бүтээл ховор.

Зохиол нь хэлэх санаагүй, үйл явдал нь логик хамааралгүй, утга санаа нь өнцөг, философигүй, өгүүлэмж нь бүтээлч шийдэлгүй, дүрүүд нь үнэмшил амьдралгүй, хэлэх ярих нь үлдэц наалдацгүй байх асуудал бидэнд бий. Монгол киног бүтээж буй бодол сэтгэхүй, хандлага чанарт өөрчлөлт ороогүй цагт манай кино Холливудын төсөвтэй байсан ч хүн үздэггүй, хүн итгэдэггүй, нэр хүндгүй хэвээр байх болов уу.

“Parasite” шиг кино хийхэд хангалттай бүх материал Монголд байсан мэт. Харин түүнийг ашиглаж дэлхийн хэмжээний бүтээл гаргах уран бүтээлч хаана байгаа бол?

The Host (2006)

Найруулагч Bong Joon-ho-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Memories of Murder (2003): Жижиг тосгонд тасралтгүй цуврах залуу бүсгүйчүүдийн нууцлаг аллага. Хотын залуухан мөрдөгч, түүнтэй сөргөөцөлдөх тосгоны “сайхан гар” цагдаа... Мөрдлөгийн үйл явц, учир битүүлэг байдал, итгэл найдвар, уур цөхрөлд үзэгчийг бүрэн уусгадаг орчин үеийн нийгэм болон уламжлалт сэтгэлгээний зөрчил, хувь хүн болон тогтолцооны тэмцлийн гайхалтай өгүүлэмжтэй кино.

The Host (2006): Зохиолч найруулагч Bon Joon-ho-ийн миний хамгийн дуртай кино. Хан мөрнөөс гарч ирсэн мутант араатан амьдрах гэж ядаж яваа айлын ганц сайхан охиныг хулгайлж одоход сарнин бутарсан гэр бүлийнхэн эргэн цуглаж, засгийн газар, нийгмийн гадуурхал, Америкийн армийн эсрэг тэмцэж, хүүхдээ хайна. Компьютер график нь цаг үеийнхээ бүтээл боловч тэнд байх дүрүүд, тэдний амьдрах ертөнц, хүүхдийнхээ төлөө бүхнийг хийх адал явдал нь сэтгэлд үүрд хоногшим.

 

Snowpiercer (2013): Мөстсөн гарагийн сүүлчийн хүмүүс зогсолтгүй урагшлах урт галт тэрэгт аж төрнө. Хамгийн урд яваа хүмүүс хамгийн ард яваа зорчигчдыг “мөлжиж” байгаагийн эсрэг Chris Evans (тиймээ, Captain America) тэмцэж, галт тэргээр төлөөлж буй нийгэмд хувьсгалт тэмцэл үүсгэнэ. Миний хувьд утга санааг нь жаахан хүчилсэн санагдавч, нэг удаа үзэхэд огт харамсхааргүй кино.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Яг л кино шигээ элдвийн маяггүй, хуурамч байдалгүй, энгийн бөгөөд анхаарал татам.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Маш цэвэрхэн хийц, үйл явдалдаа уусгах өгүүлэмж, даацтай үзэл санаатай сод бүтээл. Заавал үз.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Ийм киног билетийнх нь үнийг гурав нугалаад үзэхэд ч харамсах зүйлгүй.

+ Хаана ч, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй баялаг өгүүлэмж (theme)
+ Ердийн бүтэцтэй боловч санаанд оромгүй бүтээлч гүйцэтгэлтэй зохиол (story structure)
+ Хүлээлтээс хол зөрдөг, цочирдом эргэлт (plot twist)
+ Анхаарал сонирхлыг ямагт татах хурц үйл явдал (tension)
+ Хүчирхэг зураглалууд (film imagery)
+ Гоёмсог зураг авалт (cinematography)
+ Үзэгчийг уусгадаг өнгө шүүлт (color grading)
+ Хэтрүүлэггүй, чамин хөгжим

- ? (Миний хувьд санаанд үлдсэн онцлох муу зүйл байсангүй)

 

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ