• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

Хосуудын үерхэл “албан ёсны” болсны нэгэн шинж тэмдэг нь залуу хэдий уйдан эвшээж байвч бүсгүйнхээ дуртай романтик-инээдмийн киног (chick-flick) хамтдаа үзэж суух болов уу. Нүдэнд дулаахан залуу, царайлаг бүсгүй, үерхэл нь сорилттой тулгарах, хор найруулагч найз(ууд), утгагүй гэмээр инээдэмтэй зөрчлөөс үүдэн хэсэг “салах”, хайртай гэдгээ санаад эргэн нийлэх - гээд хэвшмэл энэ үйл явдал нь Улаанбаатарын хаана ч очсон яг адилхан бүтэц бүтээгдэхүүнтэй KFC, Burger King, CU, Шөлөндөө гэх мэт сүлжээ дэлгүүр, хоолны газруудын түргэн зугааг санагдуулна…

Гэхдээ нөгөө бодлын бүсгүйчүүд ч залуугийнхаа төлөө дайн тулаан, огторгуй эрхсийн зөгнөл, үлгэрийн ертөнцийн хачин сонин араатнуудтай киног хүссэн хүсээгүй үзэх болдог бизээ. Тэгвэл бүсгүйчүүдэд зориулсан түргэн хоол адил хөнгөн өнгө аястай романтик инээдмийн кинонд уран бүтээлчид хүч хөдөлмөрөө шингээж, жинхэнэ хүмүүс мэт сонирхол татам дүрүүд, нийтлэг тохиолддог бодит асуудал, нүд татаж сэтгэл баясам хийц чанартай бүтээсэн тохиолдолтой таарах үнэхээр сайхан.

Nick, Rachel хоёр бол Америкт аж төрдөг энгийн л нэгэн хос юм. Гэвч Nick угтаа Сингапурын тэрбумтан айлын ганц угсаа залгамжлах хүү гэдгээ найз охиндоо хэзээ ч хэлж байсангүй...

Crazy Rich Asians” нь найз залуугаа Сингапурын угсаа гарвал өндөртэй тэрбумтан айлын өв залгамжлагч байсныг мэдэлгүй гэрт нь айлчлан балмагдаж буй Америкийн-Ази бүсгүйн талаар өгүүлэх романтик инээдмийн, драм кино юм.

Киноны гол дүр нь дэлхийн нэр хүндтэй сургуулийн нэг New York University-н эдийн засгийн ухааны профессор Rachel (жүжигчин Constance Wu) юм. Тэрээр олон залуу хүний адил амьдралаа өөрийн хүч хөдөлмөр, хүсэл тэмүүллээр босгохоор Америкт амьдарч ажиллаж яваа Ази бүсгүй ажээ. Харин түүний найз залуу Nick (жүжигчин Henry Golding) төрөлх нутаг Сингапурт нь очиж, найзынх нь хуримд хамтдаа оролцохын зэрэгцээ гэрийнхэнтэй нь танилцахыг урьснаар киноны үйл явдал өрнөдөг.

Хадам болж мэдэх хүмүүстэйгээ уулзана гэхээс сандран догдлох Rachel, түүнийг аргадан тайвшруулж, халамжлан дэмжих Nick хоёр кафед суухыг харахад тэд байдаг л нэг энгийн хосууд. Харин хөөрхий Rachel чухам ямар айлын хүүтэй энэ хугацаанд үерхэж байсан бэ гэдгээ Сингапурт газардсаныхаа дараа л аянганд цохиулах мэт мэднэ. Ингэснээр хэнийг ч барьц алдуулам сорилтод Rachel орох бөгөөд түүний сандрал дээр арван үеэрээ ч идэж барамгүй өмч хөрөнгийг нь өвлөж авах ганц хүүдээ өөгүй төгс бүсгүйг л хүлээх Nick-ийн гэр бүл нэмэгдэж, найз залууд нь сээтэн хаях баян айлын охид хутгалддаг.

Санамсаргүй байдлаар Ази тивийн дээдсийн хүрээлэнд хөл тавих Rachel бүсгүйг шинжин сонжих, атаархан хорсох хүн цөөнгүй

Сингапурын захын гудмаар ч орж үзээгүй надад дээдсийн хүрээлэнгийнх нь талаар төсөөлөл үгүй. Зуу зуун жилийн түүхийн нугачаанд өмч хөрөнгөө хадгалж арвижуулсан жинхэнэ элит баячуудын сургийг л гадарлахаас бараа сүрийг нь харсан хүн ч ховор бизээ. Харин тэр их бодол ухаан, суу заль, эрдэм мэдлэг нь ямагт хээ хуар, элбэг дэлбэгийн цаана нууц байх тул олон кино, тэр дундаа орчин үеийн Монгол кино ч өөрсдийн сэтгэхүйн хэмжээнд “баян” байх ойлголтыг тансаг харш, үнэтэй машин, идэш ууш, чамин хувцас, гольфхоноор л төсөөлж, тэрхүү амьдралыг ядмаг байдлаар илэрхийлдэг болов уу. Хачирхалтай нь манай дотоодын кинонд гардаг энэхүү “Монгол маягийн” баян хүмүүс “Crazy Rich Asians” кинонд байх нь дээр дурдсан “элит”-үүдээс эрс ялгаатай байх нь үзэхэд сонирхолтой.

Гэвч “Crazy Rich Asians” нь дэлхий даахгүй баян хүмүүс яаж амьдардаг талаар хөрснөөс тасарчихсан тэнгэрийн кино бус, эцэг эх, үр хүүхдийн харилцаа, үе хоорондын ялгаа, өрнө дорнын соёлын уусал болоод зөрчлийн талаар, аав ээж, өвөө эмээдээ харуулбал “Яг л ингэдэг юм даа” гэж хэлэх болов уу гэмээр хүний мөнхийн чанарыг дүрслэх хуучиршгүй утга агуулга, амьдралд байдаг асуудал зөрчилтэй сонирхолтой бүтээл болжээ. Өөрөөр хэлбэл, энэ кино нь хоосон тансаг хүмүүсийн асуудал-биш-асуудлын талаар эсвэл үнэмшилгүй хээнцэр хосуудын утга учиргүй хэрүүл маргааны талаар ядмаг романтик-инээдэм биш бөгөөд харин үйл явдал нь зуун жилийн өмнөх Монголын Нийслэл Хүрээнд ч өрнөж болохуйц өргөн цар хүрээтэй утга агуулгатай байсан нь нэн таалагдав.

Rachel-ийн Сингапур дахь ганц найз. Дуучин Awkwafina-гийн эрч хүчтэй , донжтой, хошин жүжиглэлт түүнийг уг киноны онцлох дүрийн нэг болгожээ

Хэдий тийм боловч “Crazy Rich Asians” кинонд гарах өвөрмөц байршлууд, тансаг харшууд, хурим найр бүгд нүд унагам, өргөн дэлгэр, зарим үед бүр сэтгэл догдлом ажээ. Дүрүүд хүний тансаг хэрэглээ бүхэн цугласан Сингапурын хотын хэсгүүдээр зугаалах, нисдэг тэргээр задгай далайн голд байх тансаг том хөлөгт газардаж хөгжилдөн цэнгэх, бүтэн арлыг түрээслэн амрах эсвэл буйдхан арлын нөмөрт загас бариад чимээ аниргүйн мандалд элдвийг тунгаан суух гээд хүссэн бүхнээ хийх нь атаархам байхын зэрэгцээ нүд хужирлам.

Харин Сингапур хэдий тансаг сайхан боловч “Crazy Rich Asians”-ийн жинхэнэ эрдэнэ нь энэ киноны эмэгтэй дүрүүд болов уу. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт байдалд орсон гол дүрийн Rachel бүсгүйн адал явдлаас гадна түүний найз “шинэ баян”-ы хөгжилтэй охин (жүжигчин Nora “Awkwafina” Lum), цаашлаад киноны үндсэн сөрөг дүр болоххүүдээ хамгийн шилдгийг л шилж сонгох хариуцлагатай тулгарах Nick-ийн ээж (жүжигчин Michelle Yeoh), түүнийг “атаманддаг” Nick-ийн эмээ, хөрөнгө мөнгө, нэр хүнд нь гэрлэлтийг нь сүйрүүлж буй Nick-ийн охин дүү гээд олон сонирхолтой дүрийн үйл явдлыг кино харуулдаг.

Киноны үйл явдал олон сонирхолтой газар өрнөхийн зэрэгцээ чимээ шуугианыг нам гүм, баяр хөөрийг уйтгар гунигтай хослуулсан нь түүнийг үзэхэд уйдамгүй болгосон байна

Хэдий уг кинонд эрэгтэй дүр цөөнгүй боловч Америк блокбастер киноны хиймэл санагддаг хүчилсэн, хэтрүүлэгтэй эмэгтэй дүрүүд мөн Монгол киноны “секс-обьект”, “хэрүүлч”, “киноны дундуур үхдэг ээж” гэх мэт нэг хэмжээст уйтгартай дүрүүдтэй харьцуулахад “Crazy Rich Asians” нь кино үзэгчдэд сонирхолтой бөгөөд уран бүтээлчдэд үлгэр жишээ болохуйц үзүүштэй эмэгтэй дүрүүдийг цуглуулжээ. Киноны гол дүр болох Rachel, Nick хоёрын хайр сэтгэл аав ээж, өвөө эмээгийн уламжлалтай зөрчилдөж байгаа үндсэн адал явдлын зэрэгцээ бусад эмэгтэй дүрүүдийн туулах үйл явдал ч орчин үеийн залууст ойр сэдвийг амжилттай хөндсөн байна.

Дүгнэж хэлэхэд, “Crazy Rich Asians” нь эмэгтэй үзэгчдийн тухайн мөчид баясгаад өнгөрдөг мөлжүүр шимтгүй “нэг удаагийн” романтик инээдмийн кино биш юм. Энэ кино нь амьдралд ойр асуудал, удааширч зогсдоггүй үйл явдал, инээдэм наргиа, баясал гуниг, сэтгэл татам дүрүүд, нүд баясгам хийц чанар гээд олон үзүүштэй шинжийг агуулжээ. Товчхондоо, хэдий нэгэн хэвийн кино л гардаг романтик-инээдмийн жанрын бүтээл боловч эрэгтэйчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч хэн хэн нь сэтгэл хангалуун байхуйц хосоороо үзэх кино болжээ.

Crazy Rich Asians (2018)

Найруулагч Jon M. Chu-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Өөр бүтээлийг үзэж байгаагүй.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Эмэгтэйчүүдэд хандсан“байдаг л” кино (chick-flick) гэмээр эрэгтэй + эмэгтэй + тод өнгүүд агуулах онц содон зүйлгүй зураг. Кино нь зургаасаа хамаагүй дээр. 

TL;DR/Хураангуй хувилбар:

Хайр > Мөнгө гэдэг “мэдээжийн” өгүүлэмжтэй chick-flick үзнэ гэсэн хүлээлттэй эхлүүлсэн боловч өрнө дорнын соёлын харшилдаан, залуус болон эцэг эхчүүдийн хоорондын ялгааг харуулсан инээдтэй, сэтгэл хөдөлгөм, орчин үеийн, цаг үетэйгээ нийцсэн сонирхолтой өгүүлэмжтэй, маш сайн хийц гүйцэтгэлтэй кино үзэв. Хосууд үзэхэд эмэгтэйд нь ч, эрэгтэйд нь ч таалагдах болов уу.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Хугацаа болоод мөнгөндөө огтхон ч харамсахгүй. 

+ Соёлын ялгаа, үе хоорондын зөрчил зэрэг асуудлыг тусгах орчин үеийн өгүүлэмж
+ Сунжруу хэсэг үгүй, үйл явдал хэмнэлтэй бас хурдан 
+ Олон сонирхолтой байршилтай нүд баясгам гоёмсог хийц
+ Үзүүштэй, хүчтэй эмэгтэй дүрүүд
+ Хөгжилтэй, сонирхолтой туслах дүрүүд

- ? (Миний хувьд санаанд үлдсэн онцлох муу зүйл байсангүй)

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ