A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |
|
#ДураарааБишДүрмээрээ #ЯараадЯахавДээ #ЯтгахТусамНягтал #СүүдэрБүүТусга зэрэг уран нэртэй нийгмийн аянууд олон нийтийн сүлжээгээр тогтмол “давлагаалах” болжээ. Сошиалын гавшгайчид нүүр зургаа хором алдалгүй шинэ хүрээгээр өнгөлөн “тренд”-лэж, уриа лоозон барьсан олны танил хүмүүсийн зургаар цагдаагийн газрын хуудсаа мялаадаг тогтсон форматтай идэвхжүүлэлт бидний анхаарлыг тодорхой асуудалд бэсрэгхэн хугацаанд ч болов амжилттай чиглүүлдэг билээ. Гэвч дараагийн сенсац руу хөл алдан хошуурдаг хаврын тэнгэр адил хувирамтгай сошиал орчин дахь тэдгээр сурталчилгаа дурдсан асуудлаа зүрхэнд тустал ойлгуулж, бодолд шингэтэл нөлөөлж чаддаг эсэхэд эргэлзэн гайхна.
Эмэгтэйчүүдийн ажлын байран дахь тэгш оролцоог сурталчилсан “Энэ Хүүхнүүд үү” (1963), нэгдэлжих хөдөлгөөний ололт амжилтыг үзүүлэх “Хүргэн Хүү” (1970), хотжилтын сайн сайхныг харуулдаг “Аман Хуур” (1963) зэрэг XX зууны Монголчуудын тулгарч байсан асуудлыг тодотгосон хөгжилтэй киног олон арван жилийн дараа ч бид амтархан үзсээр байна.
Гэвч одоо цагт олныг үе үе цочроон айлгаж буй гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийг асуудлыг үзэхэд үргэж зугтамгүй, харахад халгаж зайламгүй сонирхолтой, анхаарал татам байдлаар дүрслэх кино хараахан үгүй мэт санагдана.
Тэгвэл хэсэг авьяаслаг уран бүтээлч сүүлийн үеийн “мода” болох зурагт ном, супер чадвартны жанрыг ашиглан эвтэйхэн хөндөх аргагүй мэт тэрхүү сэдвийг нэн чадварлагаар дэлгэн үзүүлжээ.
“The Invisible Man” нь амжилттай чинээлэг боловч сэтгэл зүйн байнгын дарамт учруулдаг найз залуугаасаа оргон зугтаж буй нэгэн бүсгүйн (жүжигчин Elisabeth Moss) талаар аймшгийн триллер кино юм. Ганцаараа боловч айдас зовлонгүй шинэ амьдралаа эхлүүлэхийг зориглож буй уг эмэгтэй хэцүүхэн найз залуугаа орхисон цагаас хойш үл үзэгдэх нэгэн нууцлаг хүчний аюул заналтай тулгарч, киноны нууцлаг үйл явдал аажмаар хөврөн өрнөдөг.
Юуны түрүүнд киноны эхний мөчөөс л хэрэг явдал ундрах нь энэ бүтээл энгийн нэгэн кино биш гэдгийг илтгэж байв. Холливудын кино, тэр дундаа супер хүчтний жанрын киноны эхний 10 минутын дүрүүдийн танилцуулга, далан булчирхайгаа тоочих асуудал сэдлийн өгүүлэмжийг “The Invisible Man”-ий уран бүтээлчид алгассан нь тэд өөрсдийн уран чадамж, шийдэл бодлогодоо хичнээн итгэл төгс байгааг илтгэж, үзэх сэдлийг өндөрт өргөсөн юм.
Гэвч орчин үеийн минимал интерьертэй үнэтэй байшин, тансаг ногоон байгууламжтай аврага эдлэнд суух эмэгтэй чухам яагаад хань нөхрөө орхиж,тухлаг орноосоо үргэж, шөнө дөлөөр амь тэмцэн зугтана вэ?
“The Invisible Man”-ийг төдийлөн анхаарал тавилгүй үзэхэд энэхүү киног үл үзэгдэгч хувцастай хүний харгис тоглоомын хохирогч болж буй бүсгүйн талаар арай эрчтэй хэмнэлтэй “Paranormal Activity” хэмээн андууран тайлбарлаж мэднэ.
Унтаж байхад нь ор хөнжлөөр нь оролдох, эд зүйлийг нь хөдөлгөж холих, өөрт нь гадарлагдах мөртлөө бусдад үл ойлгогдох хачирхалтай үзэгдэл гэх мэт сүнстэй аймшгийн киноны хэвшмэл элементүүд энд тоо ёсоороо бүрэн. Бүр Японы “Сүнстэй Байшин” (Ju-on: The Grudge, 2002) шиг харанхуй жихүүн дээврийн өрөөнд гол дүр ганцаар гараад, үзэгч бидний зүрхийг амаар гартал айж цочим зүйл хардаг хэсэг ч энд орхигдсонгүй.
Гэвч “The Invisible Man” нь үл үзэгдэгч хүний “чадвар”-ыг аймшгийн үйл явдал харуулах хямдхан зугаа болгоод ханасангүй бөгөөд түүний уран бүтээлчид илүү том зүйлийг харуулахыг зорьжээ.
Үл үзэгдэгч хүн уг кинонд ердийн аймшгийн киноны ад зэтгэр, буг чөтгөр, сүнс дэвтэй төстэй үйлдлүүд хийх боловчтүүний нөгөө талд хохирч буй эмэгтэйн дүр энэ киног ердийн бүтээлээс өндөрт өргөсөн чухал хүчин зүйл байв. Хөөрхий бүсгүйн яриаг кино гэж хэлэлгүй хүнд сонсговол түүний айн дагжих байдал нь зоддог нөхөр, дарамталдаг найз залуугаасаа зугтааж буй нэгний аврал эрэх дуу хоолой гэж андуурмаар…
Энэ кино нь хүний явах газар, уулзах хүн, өмсөх зүүх, идэх уух, бүр үр хүүхэдтэй болох эсэхийг ч жолоодон шийдэхийн дон шүглэсэн ухамсар төлөвшлийн гажуудалтай аюулт этгээдийн “хайртай" хүндээ учруулдаг сэтгэл санаа, оюун бодлын дарамтыг шаналлыг үл үзэгдэгч хүнээр төлөөлүүлсэн хүчирхийлэлтэй харилцааны эсрэг өвөрмөц бүтээл юм.
Өөрөөр хэлбэл, “The Invisible Man” нь олон хүн “Тэгээд салчихна л биз дээ” хэмээн хялбар шийдэлтэй мэт андуу сэтгэдэг эрүүл бус харилцаа, түүний хохирогч, хохирогчийг зовоож буй зүйлийг үл үзэгдэгч хүн мэт эс харах эргэн тойрны, ойр дотнын хүмүүсийн талаар сургамжтай ёгт кино болсон байна. Гол дүрийн бүсгүй үл үзэгдэгч хүний хор хохирлын цор ганц гэрч болж, түүний эргэн тойрны хүмүүс өөрийг нь галзуу хүн мэт харж, нийгмээс аажмаар тусгаарлан хөндийрөх шөнө дөлөөр гэрт орогнодог үл үзэгдэгч хүнээсээ ч илүү аймшигтай ажээ.
Миний хувьд энэхүү киног гэр бүлийн дарамттай харилцаа гэх нийгмийн асуудлын сэргэлэн ёгтлол гэдэг талаас нь илүү таашаасан боловч “The Invisible Man” нь айж цочих дуртай хүнийг ч, аймшгийн киноноос утга хайх хорхойтой үзэгчийг ч гонсойлгохгүй үзүүштэй сайн триллер кино болжээ.
Цөөн үгээр:
“The Invisible Man” нь ээлжит нэгэн өвөрмөц чадвартай дүрийн талаар супер хүчтэний тухай кино биш юм. Харин үл үзэгдэгч нэгнээр эрүүл бус харилцаа, сэтгэлзүйн “үл үзэгдэх” дарамт шаналлыг чадварлагаар ёгтолсон (allegory) аймшгийн триллер кино болжээ.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Үзсэндээ харамсахгүй. Энэ кино бол фантааз, аймшиг, нууцлаг үйл явдал, далд утга санаа гээд ямар ч төрлийн үзэгчийн сонирхлыг татаж, нэгийг бодогдуулахуйц 2020 оны кино онцлох киноны нэг эргэлзээгүй мөн юм.
Найруулагч Leigh Whannell (Австрали)-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
+ “Upgrade” (2018) ★★★★★ (5/5)
Биеэ хөдөлгөх чадваргүй болсон эр туршилтын хиймэл оюун ухааныг биедээ суулгаж эхнэрийнхээ алуурчдын хойноос мөшгинө.
Ердөө 3 сая долларт бүтсэн гэдэгт нь итгэмээргүй чанартайхийц, хараа булаам зураг авалт, давтаж сонсоод л баймаар хөгжмөөс нь манай уран бүтээлчид ч сургамж авахаар.
Сүүлийн үед гарсан миний хамгийн дуртай шинжлэх ухааны зөгнөлт (science fiction) киноны нэг.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|