A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |
|
Гол үйл явдал нь шоронд өрнөдөг, олны таалал хүртсэн “Шаушенкийн Орголт” (The Shawshank Redemption, 1994), “Ногоон Бүс” (The Green Mile, 1999), “Тоглоомын Түүх 3” (Toy Story 3, 2010) зэрэг киног бодоход тэдний нийтлэг чанар нь хатуу дүрэм, төмөр тор, харгалзагчийн хяналт дор хүний мөн чанар илрэн тодорч, хэцүү тавилангаасаа ухаарал тайлал олж, өмнөх мөр болоод хойшдын замаа тунгаан бодож буй талаар сэтгэл хөдөлгөм өгүүлэмж хэмээн санагддаг юм.
Өнөөдрийн өгүүлэхээр сонгосон кино нь хэсэг хугацаанд олны анхаарлыг татсан хэрэг явдлын зарим төлөөлөгчдийн талаар болохыг мэдээний нийтлэл болоод театрын тайлбарууд тодотгон сурталчилсан. Гэвч уг асуудал нь олон нийтийн сүлжээний ээлжит сенсаац дагадаггүй хүмүүс болоод олон жилийн дараах кино үзэгчдэд хамааралтай сонин хэрэг биш тул цаг зуурын явдлыг нөхөн хэлцэхээс илүүтэй энэхүү кино нь алжаал тайлж, сонирхол бадрааж, бодолд үлдэж, найзууддаа санал болгохуйц бүтээл мөн эсэхэд миний хувьд ач холбогдол өгсөн юм.
“Эхиймаа” нь шоронд ороод балчир хүүгээ санан тэмүүлж буй нэгэн жүжигчин бүсгүйн (жүжигчин Ц.Алдармаа) талаар драм кино юм. Уг бүтээлийг гол дүрийн жүжигчний ял шийтгэл хүлээж, хэсэг хугацаанд хоригдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
Уг киноны дийлэнх үйл явдал шоронд буюу нэг л орчинд өрнөж байгаа нь ахархан төсөвт “хоригддог” Монгол кино продакшны хувьд зардалд хэмнэлттэй ухаалаг шийдэл боловч энэ нь нөгөө талдаа дүр, үйл явдал, зураглал найруулгыг чанаржуулан “чангатгах” нэмэлт ачаалал сорилтыг кино багт бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Монгол киноны зарим хэсэг уйтгартай санагдах үед “Ямар кофе шоп/лоунж/амралт дээр зураг авалт хийсэн юм бол” хэмээн сатаарч байх зуур үйл явдал дараагийн өнгө алагласан газраа (set-piece) очсон байдаг “заль” шоронгийн дөрвөн хана, сараалжин хашаа дотор харьцангуй бага амжилт олох байлаа.
Хачирхалтай нь, миний зүрхшээн залхах вий хэмээн битүүхэн эмээж байсан шорон доторх хэсгүүд хамгийн үзүүштэй зураг авалттай, хамгийн сонирхолтой дүрүүдтэй байсан бол, “ангийнхнаа чирэх онц сурлагатан нь” хэмээх итгэж байсан гол дүр болон шоронгийн гаднах хэсгүүд бусдадаа “чирэгдэж”, киног хөсөрдүүлсэн байв.
Монгол киноны продакшн, тэр дундаа зураг авалт Холливудын хэмжээнд биш юмаа гэхэд хэр баргийн Солонгос кинотой дүйхүйц “ижил жингийн” болоод байгааг жилдээ хоёр гурван кино маргаангүй баталдаг болоод байгаа билээ. Миний хувьд өнгөрсөн 2019 онд “Тэнгэрээс Буусан Од” (найруулагч У.Уранчимэг), “Од ба Гэгээ” (They Sing Up On the Hill, найруулагч Л.Бат-Амгалан), “Хийморь” (The Steed, найруулагч Г.Эрдэнэбилэг) зэрэг киноны зураг авалт театр үзсэн тухайн оны хамгийн бахархам Монгол зүйлсийн нэг байсныг итгэлтэй хэлж чадна.
Гэвч нөгөө талдаа зураг авалтын хувьд телевизийн зохиомж, теле-жүжгийг их эвтэйхэн эвлүүлжээ гэмээр “крупны” (close up), “средний” (medium), “общий” (wide/long shot) хэмээх “жижүүрийн” гурван тавилттай, илэрхийлэх утга санаагүй ядруухан болхи засал зохиомжтой, Улаанбаатарын замын хөдөлгөөн мэт хөлдүү зогсонги зураг авалттай “1990”, “Буруу Өрөг”, “Онцгой Эрх”, “Сүүдэрт Ургасан Цэцэг” гэх мэт кино 2020 онд үзэгчдийн харах мэдрэхүйг өлсгөлөн хэвээр театраас үдсээр байна.
“Эхиймаа” кино шоронгийн хуруу дарам цөөн орчин, тэр дундаа гол дүр байршсан дөрвөн хүний давчуухан хорих өрөөнд өрнөх боловч уран бүтээлчид энд зураг авалтын чадварлаг “тоглолт” үзүүлжээ. Зураглаачийн камер энд хана тор үгүй мэт шилжиж, олон янзын зохиомж, хөдөлгөөн ашигласан нь дараа нэг өдөр энэ киноны зураг авалтын үйл явцыг (behind the scene/making of)-ийг үзэхсэн гэсэн чин сонирхлыг бий болгосон юм. Ямар хэсгийг шоронгийн жинхэнэ өрөөнд, ямар хэсгийг шорон мэт зассан өрөөнд, ямар хэсгийг студид бичиж, камерууд хаана байрлаж, хэрхэн шилжиж байгааг ялгаж хэлэх аргагүй байсан нь зураглаач, тайз засалч, зургийн дарга, найруулагч нарын гайхалтай илбэ гэмээр байв. Харин энэ хэмжээний үзэхэд зугаатай зураг авалт (cinematography) шоронгийн гаднах хэсгүүдэд үгүйлэгдэж байсан нь тоогүй.
Шоронг “сонирхолтой” болгож байсан зүйл нь зураг авалтаас гадна тэнд учирсан туслах дүрүүд болов уу. Гол дүр эмэгтэйчүүдийн хорих газарт очсон тул энд эмэгтэй туслах дүрүүд голчилжээ. Тэгэх тэгэхдээ хөгшин залуу, өндөр нам, гэмтэй гэмгүй, хатуужсан цайлган янз бүрийн дүр байх нь яг л амьдрал дээрх хүмүүс шиг олон янз. Тэдний зарим нь хэдий дүрийн өсөлтгүй (character arc)-гүй боловч шоронд ямар ч хүн, яаж ч орж болдгийг олон төрөл байдлаар илэрхийлж (diversity), эдгээр дүрийг бүтээсэн жүжигчид чадварлагаар ажилласныг үзэхэд таатай байсан юм.
“Эхиймаа”-аас таалагдсан зүйлээ ингээд жагсааж байхад кино сонирхогч хүний хувьд баяртай сайхан байвч энэ бүх зүтгэл, тэр их хөдөлмөр нь бүх талаараа “түүхий” гол дүр, урагшгүй зогсонги үйл явдалд тушигдан уягдсаныг санахад даанч хайран.
Гол дүр яг ямар хүн бэ гэдгийг “хүүхдэдээ очихыг хүсч буй ээж” гэдгээс өөрөөр тодорхойлох арга үгүй. Дүр муу байж болно, муухай байж болно, гэхдээ тууштай, барьцтай, хөдөлшгүй жанжин шугамтай байснаар үзэгч түүнийг ойлгож зөвтгөдөг билээ. Тодорхой дүр тодорхой нөхцөл байдалд тодорхой үйлдлийг хийнэ гэсэн тууштай байдал (rational/consistency) чухлыг илтгэх “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг Монгол үг ч бий.
Гэтэл “Эхиймаа”-ийн гол дүрийн бүсгүй хөндий хүйтнээс өгөөмөр өглөгч, энэрэнгүй зөөлнөөс өндөр ихэмсэг болж 180 градусын гэнэтийн эргэлт шарвалт цөөнгүй хийх нь тууштай бус, хувирамтгай бас итгэл хүлээлгэх боломжгүй болгожээ. Цаашлаад тэр яагаад шоронд орох болсныг үзэгчид ойлгуулан үзүүлэх нэг ч хэсэг үгүй нь киноны хамгийн том алдаа болсон байна. Гол дүр өөрийн явдлаа учир битүүлгээр үг унагаж ядан тайлбарлахдаа гэмшиж харууссан шинжгүй шазруун байхын сацуу түүний хохирогчийн талын ууртай хүмүүс юунд бухимдан хорсч байгааучир шалтгааныг харуулахгүй байх нь тэнцвэргүй, сэжигтэй, нэг талт өгүүлэмж бий болгож байв.
Үзэгчид бид дүрийг уучлахдаа өгөөмөр. Эхнэрээ явдаг залуутай нь буудсан Andy (The Shawshank Redemption), бяцхан охидын цогцос тэвэрч байгаад баригдсан John (The Green Mile), бүр хүний махан хүнстэй Dr. Hannibal Lecter (The Silence of the Lambs)-ийг ч бид дэлгэцнээ үзээд дотор хүнийг нь зөвтгөн зөвшөөрөх үе тохиодог билээ. Гэтэл “Эхиймаа”-ийн бүсгүй хүүхдээ санах боловч түүний шоронд орсон шалтгаан нь хүүхэдтэй нь холбоогүй, харин хэргийн өчилд “Миний зөв” эсвэл “Би гэмшин харамсаж байна” гэх шийдэмгий гаргалгаа кинонд дутуу байсан нь гол дүрийн талаар хардлага сэжиг төрүүлэх үндсэн шалтгаан болжээ.
Өөрөөр хэлбэл кино “Эхиймаа”-ийн хэргийг хангалттай тайлбарлаагүй (context) тул үзэгчид өгүүлэмжийг ойлгоход шаардлагатай баримжаа бий болсонгүй. Энэхүү ойлгомжгүй байдал нь гол дүрийн хэргийг харуулсан эсвэл сөрөг дүрийн талаас асуудлыг хөндсөн “Эхиймаа”-ийн бүрэн гүйцэд хувилбарыг хүсэмжлэх “цангаа” үүсгэж байв.
Гол дүрийн энэхүү ойлгомжгүй, тууштай бус байдал нь цаашлаад киноны үйл явдлын чиглэлийг алдагдуулж, өгүүлэмжийг булингартуулжээ. Шоронтой кинонд хэрэв гол дүр гэмтэй бол гэмшил ухааралд хүрч илүү сайн хүн болох, хэрэв гэмгүй бол шударга ёсыг олох өгүүлэмж өрнөж, үзэгч бид түүний түнэр харанхуйгаас гэрэл гэгээд хүрэх аяллыг шимтэн дэмждэг. Гэтэл уг киноны гол дүрийн үйлдсэн хэрэг ойлгомжгүй, тэр цагаатгагдаагүй эсвэл шоронд дахин орохгүй гэх гэмшил ухааралд киноны эцэст хүрээгүй нь “Эхиймаа”-ийн үзүүлсэн бүх зүйлийг утгагүй болгож, өгүүлэмжийг зорилгогүй болгосон байна.
Дүгнэж хэлэхэд энэхүү кино нь хязгаарлагдмал нөхцөл байдлыг чадварлагаар ашигласан бүтээлч байдал, олон төрлийн эмэгтэй дүрүүдийн дүрслэн илэрхийлсэн тодорхой ололттой. Гэвч энэ бүхнээр хүрээлүүлж, өөрийн дотоод хүнтэй нүүр тулгарч, ямар нэг ухаарал шийдэлд хүрэх учиртай гол дүр маань тууштай бус, хэт учир битүүлэг, гэмшил ухааралгүй байсан нь үйл явдлыг зорилго чиглэлгүй зогсонги болгож, киног бүрмөсөн сүйтгэжээ.
Цөөн үгээр:
Туслах дүрүүд, зураг авалт, оргил хэсгийн хувьд эмэгтэй дүрүүдийг голчилсон энэ жилийн харьцангуй гайгүй киноны нэг. Гэвч гол дүрийн тууштай бус хэв шинж, ухаарал харамсал үл илэрхийлэх учир битүүлэг байдал нь киног нийтэд дүндээ утга учиргүй болгосон байна.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Мөнгөндөө харамсаагүй боловч хоёргүй сэтгэлээр санал болгоход хүндрэлтэй. Зарим зүйлтаалагдсан. Гэхдээ сэтгэл татах дүр, анхаарал тогтоох үйл явдал үгүй.
Найруулагч Д.Золбаяр-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Өөр бүтээлийг үзэж байгаагүй.
“Эхиймаа”(2020) ★★☆☆☆ (2/5):
+ Давчуу орчинг бүтээлчээр ашигласан үлгэр жишээ зураг авалт (cinematography)
+ Сайн жүжиглэлттэй, олон ялгаатай эмэгтэй дүр (diversity)
+ Сэтгэл догдлом оргил хэсэг- Харамсал гэмшил, тайлал ухааралгүй гол дүр (character arc)
- Туслах дүрүүдтэйгээ харьцуулахад хангалтгүй жүжиглэлттэй гол дүр
- Зорилго чиглэлгүй, зарим үед зогсонги үйл явдал (story)
- Хэрэг хийгчийг хүншүүлэхийн (sympathy) тулд хэргийг үзүүлэлгүй хохирогчийн талыг зөвхөн сөргөөр будсан нэг талт тэнцвэргүй өгүүлэмж
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|