A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 174 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 174 | |
|
Энэ зуны уншлагын нормоо гүйцээсэн номуудын нэг нь дэлхийн мөнх үндэстэн гэгдэх Еврейчүүдийн амжилтаараа цойлох болсон нөу-хау, хүмүүжил, амьдралын зарчмыг өгүүлж, хувь хүнд төдийгүй улс оронд хөгжлийн үлгэр болохуйц “Цойлогсод” ном байлаа.
Шантарч, няцмаар санагдахад урам зориг, сэдэл авах, хойрго загнах, тэвчээр алдарсан үед ухаан заах, насан туршдаа амьдралдаа мөрдлөг болгох гайхалтай санаануудыг агуулах тул ганц удаа хүнээс зээлээд “машиндаж” орхих бус үе үе сөхөж харууштай ширээний ном байхаар бүтээл болж хэмээн дүгнэв. Уншиж мэдснээ мэдлэг, мэдээллээ (input) тархиндаа боловсруулалт хийж бусадтай хуваалцахгүй (output) байваас уншиж дуусахтай зэрэгцэн ой, тойноос замхарч оддог гэмтэй тул уншигч танд хэрэг болох чухал санаануудыг түүвэрлэн номын тэмдэгдэлээрээ хүргэж байна.
Агуулгыг магтахуйд: Хувь хүний хөгжлийн гэх шошготой нэг санаагаа олон дахин нуршдаг, судалгаа, жишээ, баримт дутмаг “Амжилтад хэрхэн хурдан хүрэх вэ, жилийн дотор баяж, заяаны ханьтайгаа ингэж учир” жанрын аргуу номуудтай харьцуулахад түүх, намтар, судалгаа, тоо баримт, кэйсээр баялаг мөлжүүртэй ном болжээ.
Түүхий, түг таг хийсэн орчуулгаас болоод унших хүсэл замхардаг номууд олширсон өнөө үед нэгэн үндэстний амжилтын түүхийг олон талаас нь судалсан бүтээл тул торох зүйлгүй уншиж дуусгав.
Шүүмжлэх нь: Орчуулгын ном биш тул зохиолч маань ашигласан тоо баримт жишээ, санаа, кэйсүүдийн эх сурвалжийг нь дурдаж, хавсаргаж өгсөн бол өгөх нь оюуны бүтээл туурвиж буй хүний ёс зүйд нийцэхээр байлаа.
За эхлүүлэх үү?
Мөнхийн дайн самуунтай, ямар ч үржил шимгүй цөлд амьдардаг, дэлхийн хүн амын ердөө 0.2 хувийг бүрдүүлдэг атлаа тэд шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарыг байлдан дагуулж буй бөгөөд
“Ухаан байгаа газар мөнгө заавал оршин гэж тэд үздэг”
Гар хүрсэн бүхэн нь алт болоод хувирчихдаг Еврейчүүдийн амжилтын нууц нь туулж өнгөрүүлсэн түүх, хандлага, онцгой хүмүүжлийн арга барил, дадал, сахилга баттай салшгүй холбоотой.
Хуримтлал бол угтаа хамгийн Еврей зүйл гэгддэг. Тасралтгүй урагшлах ёстой гэх ойлголтыг Еврейчүүд хүүхэд ахуйгаасаа яс махандаа шингэтэл ойлгодог байна. Хурдан удаан алин боловч ямагт урагшлах нь тэдний гол стратеги.
Бид урам зориг бадарсан үедээ аливааг хийж харин төрөөгүй үед юу ч эс бүтээж, бүхий л хугацааг өөрийгөө сэдэлжүүлэх, ямар нэгэн зүйлийг эрж хайдаг. Харин тэд бороотой, цастай, үдэшлэгтэй, нийтийн амралттай гээд ямар ч нөхцөлд цаг үргэлж урагшилсаар байдаг. Биднийхээр өнөөдөр хийх ёстой зүйл тухайлбал, англи хэлээ давтахгүй, дасгалаа хийгүй байлаа гээд муудчихдаггүй.
Харин еврей философид “Юу ч хэвээр байдаггүй” гэж үздэг. Бүх зүйл өөрчлөлт дунд оршин байдаг учраас сайжруулах оролдлого хийгээгүй л бол та өөрийгөө муудаж байгаад тооц. Бидний хэвээрээ байдаггүйн цорын ганц шалтгаан бол цаг хугацаа шүү дээ.
Гэвч энэ элэгдэл маш жижигхэн учраас бид элэгдэж, хуучирч байгаагаа мэддэггүй. Өөр дээрээ бодох нь ээ нээрээ л сайжруулах оролдлого хийхгүй асар удсанаас хийл хөгжмөө мартаж, турк хэл минь муудаж, шүлэг эвлэгхэн биччихдэг авьяас минь хэдийн замхарчээ. Еврей амжилтын философийн хамгийн чухал нууц нь үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр баг багаар давт. Мөлхөхөөс бүү ай. Харин зогсолт хийхээс ямагт ай.
Азтаны сэтгэлгээнээсээ сал. Хөдөлмөрлөхгүйгээр баяжин, хөдлөхгүйгээр галбиржиж, уншихгүйгээр ухаажиж, үнэтэй эм ууснаар урт наслах сэтгэхүйд итгэдэг хүмүүс энэ ангилалд хамруулна.
Энэ төрлийн ямар ч бололцоогүй амлалтад еврейчүүд хэзээ ч итгэдэггүй. Тэдэнд зориулагдсан сурталчилгаа энэ төрлийн агуулгаас тэс ондоо ажээ.
“Аливаа сурталчилгаа хийгээд соёл урлагийн контентууд нь тухайн нийгмийн сэтгэлгээний голчид тааруулж хийгддэг. Ямар сурталчилгаа байна, тийм л иргэд байна гэсэн үг.” гэсэн нь загатнасан газар маажих шиг л болов.
Үүнээс үзэхэд манайд азтны сэтгэлгээг өөгшүүлсэн, боломжгүйг амласан сурталчилгаа ихээр хийгдэж, олон хүмүүс тархиа угаалгаж, хохирч байгаа нь массын сэтгэхүйн түвшин байгааг харуулж байна уу гэлтэй.
Тэд бүхнийг "урт хугацаанд" авч үзэх зуршилтай. Хэрвээ арван жилийн дараа үр ашгаа өгөх дэглэм байвал хичнээн залхуутай ч гэсэн тэд өнөөдрөөс эхэлж давтана. Хорин жилийн дараах үр ашгаа өгөх бизнес байвал тэд өнөөдрийн ашиггүй байдлыг үл харгалзан хөл тавьдаг.
Бидний амьдралыг дадал зуршил гэгч үл үзэгдэгч гар зохицуулж байдаг. Нийгмийн араншин судлалын хүрээлэн олон улсын судалгааны байгууллагын 2019 оны тайланд “Дундаж хүний шийдвэрийн 62 хувийг дадал зуршил гаргадаг” хэмээн тодорхойлжээ.
Тиймдээ ч буруу зуршлаа үгүй хийхгүй аваас эдгээр зуршил биднийг үгүй хийнэ.
Өөртөө эргэлздэг нэгний амжилт нь бодлоос хэтэрдэггүй. Тэгвэл энэ айдсыг дадал л устгадаг.
Дийлэнх хүн зуршлынхаа боол нь болчихсон байхад тэд зуршлаа боолчилдог. Дадал зуршлаа яг л еврей хүн шиг захирч сурахыг хүсвэл яг одооноос эхэл. Азгүйчүүд л хойшлуулдаг.
Нацист Германуудад хядуулсан Еврейчүүдийн зовлон зүдгүүрт хувь тавиланг гэтэлсэн бяцхан охин Эллагийн түүхийг өгүүлсэн хэсэг уран зохиол байсан бол намайг арай бага гуниглуулах байлаа.
Еврей хүн гэж хэн бэ гэвэл тэд Еврей ээжээс мэндэлсэн хүнийг л хэлнэ гэдэг. Иудайзимд еврей хүн болох хоёр арга зам бий гэж үздэг. Үүнд:
Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Еврейчүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь асар өндөр. Иудайзимд “Еврей ээж бол ард түмний үнэт зүйл, амьдралын гол дүр, хүч нь мөн” гэж заадаг байна.
Хамгийн аюулгүй орчинд өссөн хүүхэд хамгаас хатуу ширүүн ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж чадах болов уу? Еврей ээжүүд энэ асуултад үгүй гэж хариулна.
Тэд хүүхдийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн ч тэдний хайр “тэнэг” биш. Угтаа тэнэг хайр гэдэг нь хүүхдүүдийнхээ өмнүүр орж бүх асуудлыг шийдэхийг, тэдэнд ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байхыг, улмаар тэдний өрсөлдөх чадварыг үгүй хийхийг хэлдэг. Хамгаас хүүхдэдээ итгэдэггүй эцэг эх хамгийн өрсөлдөх чадваргүй хүүхдүүдийг хүмүүждэг. Хэн нэгэнд тавих анхаарал халамжаа хэтрүүлбэл бид дарангуйлагч, цагдагч, тэжээгч болж хувирдаг шүү дээ.
Еврейчүүд хэтэрхий тухтай орчинд тоглож өссөн хүүхэд өрсөлдөх чадваргүй болж төлөвшдөг гэж үздэг тул тоглох үедээ бэрхшээлтэй нүүрэлдэж, түүнийг даван туулж сурах нь хүүхдийн сурах дээд эрдэмд тооцдог.
Еврей хэлэнд “Хүүхэд нохой хоёрт хэзээ ч бүү айдсаа харуул” гэдэг хэлц бий. Айсан хүн рүү нохой улам бүр ноцон дайрдгийн бол эцэг эхийнхээ харцнаас айдсыг олж харсан хүүхэд өөрөөсөө айж эхэлдэг.
Хүүхдийн нүдэнд хургаж буй өнөөдрийн айдас бол өчигдөр таны нүдэнд туссан айдас. Айдас халдварладаг. Ялангуяа эцэг эхээс үр хүүхдэд.
Энэ чухамдаа үнэн байж таарлаа. Ээжийнхээ айдсыг мэдрэх тоолонд би л төрөөгүй байсан бол бүх зүйл сайхан байх байлаа гэсэн бодол хүүхэд байхад үргэлж төрдөг байв. Тиймээс хүчирхэг, өөртөө итгэлтэй болгож хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсвэл айдсаа тэдэнд хэрхэвч бүү харуул.
- Бие даасан хүүхэд бэлтгэх Еврей технологи
Еврей хэлэнд “Хэвтэж байгаа хүн унах эрсдэлгүй ч хэзээ ч өндөрт гарахгүй” хэмээх цэцэн үг бий.
Үнэн хэрэгтээ томчууд хүүхдүүдийн орон зайд хэтэрхий их халддаг. Өөрсдийн үзэл бодлоо тулгаж, үг хэлэхэд нь загнаж, оногдсон хариуцлагыг урдууд нь дайрч үүрэх зэргээр халдашгүй байдалд нь заналхийлдэг.
Бидний дийлэнх хүүхдээ “Би чиний төлөө бүхий л зүйлээ зориулж байхад чи юу ч сурсангүй. Хэнийгээ дуурайхаараа ийм тэнэг амьтан болчихдог байна аа” гэхчлэн зандардаг. Харин еврей ээжүүд хүүхэд ноцтой зөрчил гаргаж, хэрэг таривал “Миний чамайг гэсэн хайр хэвээрээ байгаа. Гэхдээ чиний энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрсэн тул долоо хоног зурагт үзэхгүй” хэмээн шийтгэнэ.
Арван настандаа еврей ээж бүтэн сар хэрэглэх мөнгийг нь нэг дор өгнө. Эхний өдөрт цөмийг нь компьютер тоглоом худалдан авахад зарцуулаад үлдсэн 29 өдөр үдийн хоолгүй явах уу эсвэл үдийн хоолны мөнгөө баг багаар танаж хуримтлал үүсгэх эсэх нь тэдний асуудал. Энэ нь хүүхдээ хариуцлагатай болгох гэсэн тэдний оролдлого аж.
“Бусад ээжүүд хүүхдэдээ ном уншиж өгдөг бол еврей ээжүүд хүүхдээрээ уншсан номыг нь яриулдаг” гэжээ.
“Бие минь Израильд оршивч ухаан минь дэлхийн энэнд хүрэх учиртай.” Израилийн технологийн гарааны бизнес эрхлэгчдийн уриа үг.
Бэрхшээлийг давж туулахдаа тэднээс гаргууд үндэстэн гэж үгүй. Гачигдлыг тэд өсөлтөд түлхэц өгдөг гол эрчим хүч гэж хардаг тул өлсөж, цуцах нь тэдний хувьд бууж өгөх шалтгаан огтоос биш аж.
Өдгөө Израильчууд дэлхийн бизнесийн ертөнцөд асар олон старт-ап компанийг төрүүлэн гаргаж, дэлхийг бишрүүлж байна. 10 мянган хүн тутамд 109 ширхэг шинжлэх ухааны бүтээл оногддог буюу шинжлэх ухааны нээлтээрээ тэд дэлхийд хол тасархай тэргүүлдэг. Мөн 1400 хүн тутамд нэг старт ап оногддог үзүүлэлтээрээ мөн л дэлхийд манлайлдаг. Еврейчүүдийн үгийн санд БОЛОМЖГҮЙ гэдэг үг байдаггүй. Гай зовлонг давуу тал болгодог тэдний мятрашгүй зан чанараас нь бид ямагт суралцаж, дэлхийн энтэй хөгжих хэрэгтэй байна.
Энэ номыг уншсны дараа үргэлж эргэлдэж буй бодол юу гээч “Бид өөрсдийн амьдралдаа хийж болох хамгийн муу зүйл юу гээч ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ЗОГСООХ.”
Магадгүй та чинээлэг биш Еврейтэй тааралдаж мэдэх ч энэ дэлхийн хаанаас ч боловсролгүй Еврейг олохгүй.
Еврейчүүдийн баримталдаг зарчим бол энтрепренер сэтгэлгээтэй байх.
“Гэвч эхлээд өндөр боловсрол эзэмш. Бизнес үүсгэн байгуулах хүслээ үргэлж хадгал. Гэвч бүхний эхэнд заавал бусдын тэр бүр эзэмшээд байдаггүй өндөр мэдлэг чадварыг эзэмш. Тэр чиний насан туршийн дуусашгүй мөнгө байх болно. Хамгийн сайн бизнесүүд хамгийн сайн боловсрол дээр суурилсан байх ёстой гэж үздэг.”
Иудайзмд “Боловсрол нь бидний амьдралын зорилго бус харин амьдралын агуулга билээ” гэдэг. Тэд хүүхдэдээ боловсрол олгохдоо юун түрүүнд сурах хүсэл эрмэлзлийг бадраах зарчим баримталдаг ба хэрэв хэн нэгэн судлах сурахаас таашаал аваад сурчихвал түүнийг хэн ч зогсоож үл чадна гэдэгт итгэдэг байна.
Еврейчүүд улс үндэстнүүдийнхээ хийгээд өөрсдийн өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээ хүүхдэдээ заавал уншуулдаг. Америк, Европ тивд амьдардаг еврей бүр үр хүүхдээ өлгий нутаг Израиль руу дагуулж явж, түүх заншлыг нь тайлбарладаг аж. Хэдий даяарчлагдан дэлхийд амьдарч байгаа ч бид үндэсний дархлаагаа бэхжүүлэх, хүүхдүүдээ эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлэхийн тулд эн зарчмыг хэрэгжүүлмээр санагдав.
“Ирээдүйд хамгийн их үр шимээ өгөх хөрөнгө оруулалт бол мэдлэг боловсролд зориулж буй мөнгө. Тиймээс ч Еврейчүүд байшин худалдан авдгаас илүү мөнгийг хүүхдийнхээ боловсролд, хувцас худалдан авдгаас илүүг сайн ном худалдан авахад зориулдаг.”
Еврейчүүдийн цойлсон амжилтын олон хүн онцгой өгөгдөл гэж үздэг гэтэл үүний нууц нь тэдний тархинд бус ердөө ном унших дадалд оршдог. Тэд өөрсдийгөө “номонд өртэй ард түмэн” гэж үздэг. Израильчууд ном хэвлэлтийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг бөгөөд хэвлэн нийтлэгч нь шинэхэн ном бүрээсээ улсын номын сан, улсын их сургуулиудад заавал тушаадаг хуультай.
Тэдний соёлд ном уншихгүй байхыг гэмт хэрэг гэж үздэг. Тэд номын дэлгүүргүй хотыг хот биш, номын сангүй айлыг айл биш, ном уншаагүй бага насыг хүүхэд нас гэж үздэггүй.
Тэд хэзээ ч нэг дор машинддаггүй, ном уншихдаа ч мөн ямхын зарчмыг баримталж, өдөр бүр бага багаар судалж, оюун ухаандаа эргэцүүлж уншдаг. Ном унших дадлыг суулгахдаа тэд өдөрт 4-6 хуудсыг эсвэл 20-30 минутыг сайн номыг уншихад зарцуулдаг. Еврей хүүхэд ном унших дургүй байвал, ээжүүд нь номыг нь сольж, хүүхдэд нь таалагдах ном гарч иртэл ном бэлэглэсээр байдаг гэнэ.
Тэдний мөнгөнд хандах хандлага бусад үндэстнийхээс хавь ондоо.
Иудайзимд гуйланчлал бол түмэн нүглийн үндэс. Орон гэрээ ядууруулах нь эр хүний үйлдэж болох дээд нүгэл гэж үздэг.
Эдийн засагч Тонни Стөүнз “Дундад зуунд мөнгийг хүүтэй зээлэх нь Христийн шашинд бусдыг мөлжих нүгэлд тооцогддог байсан бол Иудайзмд мөнгөний хэрэгцээ тулгарсан хэн нэгэнд тусалж буй арга хэмээн үздэг. Үр дүнд тэд европт ноёлох санхүүчид, банкны эзэд болж хувирсан бол Христийн шашинтнууд газар тариалантайгаа зууралдаж үлджээ. Тэднийхээр “Зээлийн хүү бол нүгэл биш мөнгөний үнэ цэнэ.” аж. Тэд мөнгийг шударгаар олж, хамгийн зөв зохистойгоор зарцуулж, тансаглалтай бус хөрөнгө оруулалттай нөхөрлөдөг.
Ёс зүй бол тэдний аливаа ажил хэрэгт хандахдаа барьдаг тэргүүний зарчим. Бизнес гэдгийг еврейчүүдэд үнэ цэнэ нэмэгдүүлэх ажил гэж заадаг. Ажил хэргийн зорилго нь мөнгө биш сэтгэл ханамжийг чухалчилна. Тиймээс ажлын үнэлэмж хэн нэгний инээмсэглэл, талархлаар хэмжигдэх ёстой гэж заана.
Еврей шиг баяжъя гэвэл тэдэн шиг үр
Еврейчүүд хүүхдэдээ 2-3 настайгаас нь мөнгөний боловсролыг олгож эхэлдэг байна. Еврей хүүхдүүд 6-8 настайгаасаа халаасны мөнгөө удирдаж эхэлж, 10-13 настайдаа анхныхаа цагийн ажлыг хийдэг.
Тэд боловсрол, ном хоёроос бусад үйлчилгээнд туйлын арвич хүмүүс. Хадгалдаг хүнд мөнгө айлчлан ирэх дуртай гэлцдэг.
Энэ бол тэд хамтарч нэгдэж чаддагийг илэрхийлсэн зүйр үг. Нэг еврей бусад бүх еврейд хамаатай. Тиймээс чи Еврейчүүдийг, Еврейчүүд чамайг дэмжих үүрэгтэй гэж үздэг. Бид 1+1=2 гэдэг бол тэд 1+1=3 гэдэг. Тэдний хамтрал оюун ухаан уралдуулсан, үр дүнтэй мэтгэлцээний зарчим дээр тулгуурлана.
“Еврейчүүдийг бусад үндэстнээс ялгаруулж буй онцлог бол аливаа асуудалд мэтгэлцэх жамаар шийдвэрлэх зарчимтай холбоотой. Бид хамтдаа байхдаа илүү хүчирхэг, гэвч олноор мэтгэлцэх үед бусад үндэстнээс тохой илүү хөгжиж байдаг. Санал зөрөлдөөн дунд шийдэл бий.” гэлцэнэ.
Мэтгэлцээнд чи ялагч байх албагүй ч харин заавал оролцогч нь бай. Мэтгэлцээний цор ганц зорилго нь бусдаас суралцах хийгээд илүү дээр шийдэлд хүрэх.
Иудайн шашинд оролдлого хичээл зүтгэлийг хөхүүлэн дэмжиж үл хичээхүй, эс үйлдэхгүйг нь өөрөө нүгэлд тооцно. Залхуурах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйл хөдлөл хийхгүй суух нь гэм. Үл зориглох, шүүмжлэлээс зугтаах нь гэм. Харин амжилт эс олсон ч үргэлжлүүлэн хичээсээр байгаа нэгнийг гавьяатан гэж үзнэ. Чиний гаргаж болох хамгийн том алдаа бол бууж өгөх, хичээл зүтгэлээ зогсоох.
Өөртөө бүү эргэлз. Бидний эргэлзээ, алдаанаас ч олон удаа хүсэл мөрөөдлийг маань үгүй хийдэг тул өөртөө цойлоод нэг үзүүлчих тэгэх үү?
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|