• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    101   |  
0

“Мy office” булангийн эхний дугаарт “Номадик контент” компанийн ажлын байрыг онцолж байна. Тус компанийн хаалгаар ороход “Тавтай морилно уу!” гэх хивс угтаж үнэхээр халуун дулаан мэдрэмж төрүүлсэн. Тэднийх шинэхэн оффистоо нүүж ирээд удаагүй байгаа аж. Орчин үеийн хэв маяг бүхий, өнгөлөг, тухлаг оффисоор халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн “Номадик контент” компанийн захирал Г.Гантуяатай ярилцлаа.

 
 

-Компанийнхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Манай компани шинэ оффисоо нээж, Lead.style мэдээллийн сайтаа өлгийдөн авлаа. Бид уран бүтээлийн салбарт ажилладаг, ажилчид маань байгууллагын гол үнэ цэнэ учраас юун түрүүнд тэднийхээ бүтээлч сэтгэлгээг дэмжих, тав  тухтай оффист байлгах нь чухал. Иймээс орчин үеийн хэв маяг бүхий орчныг бүрдүүлсэн. 

-Шинэ ажлын байраа хэрхэн тохижуулсан талаар сонирхуулахгүй юу?

-Оффисоо тохижуулахдаа аль болох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлахыг чухалчилж, нүсэр том гэхээсээ илүүтэйгээр хөнгөн байх, хэрэгтэй үед нь угсараад, хэрэггүй үед нь хураачихдаг тавилгыг сонгосон. Манай оффисын хамгийн сонирхолтой хэсэг бол “Сoffee corner” буюу кофены булан. Их хотод маань оффисын зориулалттай барилгууд сүндэрлэж байгаа ч хүний хэрэгцээнд нийцсэн нь ховор. Тийм учраас дотроосоо шийдэл хайсан гэх үү дээ. 

Цаашид оффисын зориулалттай барилгуудад иог, фитнессийн заал, кофе шоп, хөнгөн хоолтой орчин байлгавал орсон үйлчлүүлэгчдэд ч таатай байна гэж боддог. Дийлэнх барилга стандартын энгийн шаардлага хангаагүй байдаг учраас бид өөрсдийн хэмжээнд ажилчдынхаа өглөө оройдоо цай, кофегоо уух, дасгал хөдөлгөөнөө хийх тав тухтай орчинг бүрдүүлж, оффисоо яаж олон талаас нь ашиглаж болох вэ гэж боддог болсон. Манай студийн хэсэг гэхэд л 100 метр квадрат талбайтай. Зураг авалтгүй үедээ энэ орон зайг ашиглаж ажилчид маань өглөө оройдоо дасгал хөдөлгөөнөө хийх боломжтой.  

Хүн заримдаа ажлаа хиймээр санагдана. Энэ үед бүтээл нь ундраад байна. Бас робот биш учраас хааяа залхуу нь хүрнэ. Тэр үед түр завсарлаад өөрийгөө зугаацуулах хэрэгтэй. Тэр нь маш энгийн зүйл байж болно. Жишээ нь, суудлаасаа босоод ширээгээ арчсан ч болно шүү  дээ.  

Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Бид роботтой биш хүнтэй ажиллаж байна. Тиймээс ажилчдынхаа сэтгэл зүй, амьдралын хэмнэлийг цаг ямагт мэдэрч байх ёстой. Ямар ч мундаг удирдагч өдөр шөнөгүй зогсоо зайгүй ажилладаггүй. Тэд ч гэсэн ажлаасаа түр ч болов завсарлаж, үе үе өөрийгөө зугаацуулмаар, эсвэл дасгал хөдөлгөөн хиймээр, зүгээр л хүмүүстэй ярилцмаар санагдана. Тэгэхээр аливаа хүн хариуцаж авсан ажлаа цаг тухайд нь хийдэг, бас өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг байх хэрэгтэй.  

 
 

-Таныхаар орчны тав тухтай байдал ажлын бүтээмжид хэр нөлөөлдөг вэ?

-Ажлын орчин нь тав тухтай байх тусам хүн ажилдаа дуртай ирнэ. Зүгээр хэдэн компьютер, ширээ сандал тавиад л өглөөнөөс орой хүртлээ хатуу хяналт дор ямар ч хүн ажиллахгүй шүү дээ. Ялангуяа шинэ үеийнхэн маань огт өөр үзэл бодолтой. Тэд цэрэгжилтийн байдалд ажиллахгүй. Тэгэхээр шинэ үеийнхэнд тав тухтай, зүгээр л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц ажлын орчин хэрэгтэй. Ямар ч хүн орчин тойрноо тухтай байлгахыг хүснэ. Тэр нь нөгөөтэйгүүр байгууллагын санхүүгийн чадамжаас шууд хамааралтай. Орлого ихтэй байвал илүү үнэтэй, тансаг орчинг бүрдүүлнэ, орлого багатай байвал арай хөнгөхөн маягаар тохижуулбал их зүгээр. Заавал үнэтэй байж гоё харагдана гэж байхгүй. Өнгө төрхийг нь олчихвол оффис болгон гоё харагдана. 

БИ АЙХТАР ТОМ ӨРӨӨГ ЧУХАЛЧИЛДАГГҮЙ

 
 

-Ажлын өрөөгөө танилцуулаач?

-Миний өрөөний гол суурь өнгө төрхийг хивс тодорхойлдог. Дэлхийд экспортлогддог үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэх утгаар нь тохижилтдоо хивсийг сонгосон. Хивс өөрөө амьд бүтээгдэхүүн учраас удах тусам өнгө ордог.  Бас их тав тухтай. Хааяа хөлөө жийгээд суухад ч зүгээр. Миний өрөө нүсэр биш л дээ. Салбарынхнаа хараад байхад нэг дор сууж ажлаа хийх нь ховор юм шиг ээ. Миний хувьд голдуу ажилтнууд, менежерүүдийнхээ дэргэд нь очиж ажлаа ярьдаг болохоор өрөөндөө орж ирэх нь ховор. Тэгээд ч надад том өрөөний хэрэг алга.  Хааяа нэг төвлөрөх цагтаа хаалгаа хаагаад суучихна. Өрөө маань 3x3 харьцаатай ч миний бүхий л хэрэгцээг хангачихна. 

 
 

-Ажлын ширээний хувьд?

-Ажлын ширээ бас чухал. Ялангуяа эмэгтэйчүүд ширээн дээрээ олон зүйл байлгаад тэндээсээ сэтгэлийн таашаал авдаг юм шиг ээ. Тийм учраас эмэгтэй хүний ширээ аль болох том, дээр нь хүмүүсийн дурсгал болгосон зүйлийг өрж тавибал зүгээр юм шиг санагддаг. Би өрөөндөө ойр дотны хүмүүсийн бэлэглэсэн дурсгалын зүйлсээ л тавьдаг. Тэгээд харах болгондоо тухайн хүнтэй ажил хэргийн ямар холбоотой байсан, мөн найз нөхдийн харилцаатай байснаа боддог. Манай өрөөнд их олон цэцэг бий. Ер нь л эмэгтэй захирлуудыг хараад байхад өрөөндөө цэцэг ихтэй байдаг. Миний бодлоор ямар ч оффисыг цэцэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Ингэж гэмээнэ бид бүхэн амьд байгалиа хайрлан хадгалж, оффис дотроо бага ч болов дулаан уур амьсгалыг  бүрдүүлж чадна. 

-Ширээгээр нь тухайн хүнийг дүгнэдэг гэдэг дээ...

-Ширээн дээрээ олон төрлийн зүйл өрж тавьдаг хүнийг оффистоо удаан байх дуртай, ажилдаа хайртай хүн гэж би тодорхойлдог. Яахав харьцангуй ойлголт байх л даа. Ширээн дээрээ компьютер, нэг дэвтэртэй суудаг хүнийг харахаар за  энэ ч өрөөндөө нэг их уддаггүй хүн байна даа гэсэн сэтгэгдэл төрдөг. 

 
 

-Тэгэхээр ширээнийх нь эмх цэгцээр тухайн хүнийг дүгнэх боломжтой гэж  ойлгож болох уу?

-Үгүй ээ яахав болно л доо. Байнгын эмх цэгцтэй байна гэдэг чинь мундаг чанар. Миний хувьд заримдаа гарч орохдоо сандраад бүх юмаа овоолоод хаячихдаг үе бий. Заримдаа бол эд зүйлсээ эмхэлж цэгцэлнэ. Бодоод байх нь ээ, орчин үед эмх цэгцтэй байхын тулд тун цөөхөн юмтай байх хэрэгтэй юм шиг ээ. Тэгвэл хүссэн хүсээгүй эмх цэгцтэй болно. Олон эд зүйлтэй болоод ирэхээр л замбараагүй болчхож байна. Гэхдээ эмэгтэй хүн чинь цаанаасаа л эмх цэгцэнд дуртай. Хүмүүсээс бэлгэнд авсан зүйлсийн маань ихэнх нь сувинер. Зарим эмэгтэйчүүд янз бүрийн цуглуулгатай учраас ерөнхийдөө их сувинертэй байдаг байх.

-Хивсний өнгө, зохиомжийн тухай ярихгүй юу. Хивснийхээ дизайныг яаж гаргасан бэ?

-Хивсний өнгөө компанийнхаа логотой уялдуулсан. Манай компанийн лого ногоон, цэнхэр өнгөтэй. Анх өөрийн фэйсбүүкдээ хивсний зураг оруулж байхад зарим танил маань цэнхэр өнгө хүнддэхгүй юу гэж асууж байсан. Гэхдээ өнгөний хослол хийчхээр цэнхэр өнгө гайгүй. Дан цэнхэр байвал хэцүү байх. Манай хивсний хээ нь “Номадик контент” компанийг илтгэсэн нүүдлийн аж ахуй ч юм уу, тухайн үед ашиглаж байсан хэрэглүүрүүд, тухайлбал тэрэгний дугуй, амьтад зэргийг илэрхийлж байгаа. Бид хивснийхээ дизайныг өөрсдөө гаргасан. Интерьерийн компаниас тусламж авч болох байсан л даа. Гэвч өөрсдийн ажиллах оффис, амьдрах орон сууцны интерьерийг гол хэрэглэгч болох хүмүүс өөрсдөө гаргах хэрэгтэй гэж би боддог.  Юу хүсээд байгаа,  ямар байвал хамгийн тав тухтай байх вэ гэдгээ эхлээд өөрөө бодох ёстой гэсэн үг. Оффисоо ямар байлгах, ямар үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүнийг сонгох, ямар өнгө төрхийг илэрхийлэх зэргийг цогц байлгасан тохиолдолд л тав тухтай орчинг бүрдүүлж чадна. Компани маань байгуулагдаад нэг жил болж байгаагийн хувьд би компанийнхаа оффисыг гоё гэж хэлнэ. Яагаад гэвэл тэндээс өдөр болгон ажилчдынхаа тав тухтай байгааг олж хардаг. 

 
 

-Яагаад оффистоо хивсийг сонгох болсон анхны сэдлээсээ хуваалцахгүй юу?

-Анх “Эрдэнэт хивс”-ийнхэнтэй төв оффис дээр нь очиж уулзахад надад маш эерэг сэтгэгдэл төрж байлаа. Ажлын байр нь их гоёмсог хивсээр цэмцийчихсэн... Ажилчид нь яг л гэртээ байгаа юм шиг тайван, тав тухтай харагдсан. Тэгээд тухайн үедээ сониуч зан хөдлөөд  “Ямар гоё юм бэ, ийм хивс байдаг юм уу” гэж асуухад манайх байгууллагуудын захиалгаар хийж өгдөг юм гэж хариулж билээ. Тэгэхэд нь би манайх оффисоо тохижуулахаар бол танайхаар хивсээ хийлгэнэ гэж хэлж байсан юм. Хивс бол тав тух. Яахав Монголын нөхцөлд оффистоо байнга хивс дэвсэх нь хэцүү л дээ. Дэлхийн олон орноор явж, төрөл бүрийн уулзалтад оролцоход дийлэнх оффис хивс дэвссэн харагддаг. Хивс тав тухтай орчинг бүрдүүлэхээс гадна хүнийг тайвшруулдаг. 

 
 

АРХИТЕКТУРЫН ГОЁ ШИЙДЭЛ БҮХИЙ ОФФИСТОЙ БАЙХЫГ ХҮСДЭГ

-Орчин үеийн байгууллагууд нүсэр тавилга гэхээс илүү сул чөлөөтэй орон зайг илүү чухалчилдаг болсон юм шиг санагддаг. Танайх тавилгаа их чөлөөтэй, хөнгөхөн шийдсэн харагдаж байна.

-Хүнд тавилга их том нүсэр бас дээрээс нь их үнэтэй. Нөгөөтэйгээр хүмүүсийн сонирхол байнга өөрчлөгдөж байдагтай ч холбоотой байх. Өнөөдөр ягаан өнгөнд дуртай байлаа гэхэд хэсэг хугацааны дараа өнгөний сонголт нь өөр болно. Тэр болгонд оффисынхоо интерьер, тавилгыг солино гэдэг чинь нүсэр ажил, бас хайран мөнгө. Тэгэхээр хөнгөн, орон зай ихтэй байх тусмаа хүсвэл ханан дээрээ тоглолт хийчихнэ. Хана эмульс байх тусам тоглолт хийх боломжтой. Ингэхдээ ханан дээр бага зүйл хадмаар юм билээ. Яахав хүмүүс голдуу дурсгалын зүйл өлгөдөг учраас ханандаа хаддаг байх гэж боддог. Уул нь хүнд дурсгалын зүйл бэлэглэхдээ аль болох ширээн дээр өрж тавьдаг зүйл өгвөл зүгээр юм шиг ээ. Ханан дээр их зүйл хадахаар тухайн байгууллагын интерьерд сөргөөр нөлөөлөөд байдаг. Тиймээс байгууллагын хамт олонд бэлэг сэлт өгөх гэж байгаа бол тухайн байгууллагын орчны интерьерийг судлах хэрэгтэй. Эсвэл зүгээр л  ширээн дээр ч юм уу тавилгад өрж тавьдаг дурсгалын зүйл байвал их зүгээр. Тэгвэл хэн хэндээ амар.

-Таны төсөөлж буй мөрөөдлийн оффис?

-Архитектурын гоё шийдэл бүхий оффистой байхыг хүсдэг. Хотоос зайдуу байгалийн сайханд оффистой байх юмсан гэж боддог. Хэрвээ боломж нь бүрдвэл ажилчид маань тэр газраа байрлаж, ажилдаа явах боломжоор хангах юмсан гэж бодно. Манайх олон ажилтантай биш л дээ. Ажилчид маань ховор мэргэжлийн хүмүүс учраас цаашид ур чадвараа улам сайжруулах хэрэгтэй. Оффисын орчин нь тав тухтай, авч буй цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхүйц байж л ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээний талаар ярина уу гэхээс хамгийн бага зардлаар, хамгийн тав тухгүй оффист ажиллуулаад бид бүтээлч сэтгэлгээ ярих боломжгүй. 

 
 

-Өөрийн чинь сэтгэлд хүрч байсан оффисыг нэрлэхгүй юу?

-Хойд хөршийн интернэт хайлтын “Яндекс” компанийн оффист зочилж байсан юм. Тэнд очиход ажилчид нь ажлаа хийгээд байна уу, амраад байна уу гэдгийг асуумаар санагдаж билээ. Хэд хэдэн том цогцолбор барилгууд... Ажиллаж амрах хэсэг тусдаа. Ажилчид нь суурин компьютер ашиглахгүй зөөврийн компьютерээ бариад оффисын аль ч хэсэгт сууж ажиллах боломжтой. Ажил руугаа дугуйгаар ирж болдог. Цэлгэр сайхан том талбайтай тохилог оффистой акул компани байна лээ. Дээрээс нь хоол ундных нь шийдэл үнэхээр эрүүл. Хүмүүсийн идэх дуртай бүх хоол байна. Хүн бүх хэрэгцээ нь элбэг дэлбэг байвал амьдралын зөв дадал хэвшилтэй амьдардаг. Аливаа компани ажилчдаасаа бүтээлчээр ажиллахыг шаардаж л байгаа бол тав тухтай оффистой, үлгэр дууриалал болохуйц компанийн соёлтой, олгож буй цалин хөлс боломжийн өндөр байх ёстой. Сэтгүүл зүй өөрөө оюуны хөдөлмөрийн салбар учраас боломж л гарвал ажилчдадаа өндөр цалин өгөх хэрэгтэй. Монголын урдаа барьдаг томоохон компаниуд харьцангуй санхүүгийн боломжтой учраас ажилчдынхаа тав тухыг бодсон оффистой байгаасай гэж боддог. Тэгвэл ажилчид нь ч тогтвор суурьшилтай ажиллана. Орчин үеийн залуучууд робот биш шүү дээ. Шинэ мянганы залуус өөрсдийгөө роботтой зүйрлэхгүй нь лавтай. Тэд хэн намайг хүн гэж үзэж байна, надтай яаж харьцаж байна, энэ компанийн соёл нь ямар юм гэдгийг л харж ажиллана. 

-Ярилцсанд баярлалаа. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ